Хосуудын гэгээн хайрын өдөр буюу Валентины бая, монгол түмний төрт ёсны баяр цагаан сар удахгүй тохионо. Тодруулбал, битүүний урд өдөр буюу хоёрдугаар сарын 14-нд валентины баяраа тэмдэглэчихээд маргааш өдөр нь битүүлж, тийн унжлагат хэмээх шороон нохой жилээ угтана. Энэ өдрүүдэд эрх баригчид болон аж ахуй нэгж байгууллагууд ахмадуудаа хүлээн авч уулзаж, басхүү сар шинийн бэлгээ ч гардуулж эхэлжээ. Бэлгэнд ихэвчлэн сар шинийн тавгийн идээ байдаг. Харин УИХ-ын гишүүн Д.Ганболдын барьсан бэлэг ёстой л олны нүдийг орой дээр нь гаргаж эвэртэй туулай үзсэн юм шиг болголоо.
Тавгийн идээ, ааруулны оронд Чингэлтэй дүүргийн 94 настай ахмадад зургийн дэвтэр, чихмэл тоглоом, шоколад, чихэр, чацаргана, нэрийн хуудасаа бэлэглэсэн нь уламжлалыг эвдсэн үү эсвэл валентины баярыг тохиолдуулан өгсөн үү аль нь боловч сошиалд олны хөх инээдийг хүргэжээ.