Сүүлийн үед иргэдээс цахимаар өмчилсөн газартай холбоотой гомдол ирэх болжээ. Хот байгуулалт ерөнхий төлөвлөгөөний газар иргэнд өмчлүүлэх газрын байршлыг тогтоохдоо дэд бүтцээр хангах, авто зам болон цахилгаан эрчим хүчээр хангах, ундны усыг хаанаас татах гэх мэтчилэн асуудлыг орхигдуулсан тул нэг ч иргэн цахимаар өмчилсөн газраа ашиглаагүй байгаа аж. СХД-ийн 23-р хороонд харьяалагдах Өндөрхаан уулын амнаас эртний булш гарч ирсэн тул тус аманд газар өмчилсөн 376 иргэнийг Бурхантын ам руу шилжүүлэх ажил өдгөө хийгдэж байгаа юм байна.
Нийслэлээс цахим газар өмчлөлийн сугалааг таван удаа зохион байгуулж нийт 70 мянган иргэн цахимаар газар өмчлөөд байна. Тэдний 22370 нь өмчилсөн газраа захиран зарцуулах боломжгүй буюу 18 нас хүрээгүй иргэд байгаад бол 47 мянга гаруй иргэн өмчилсөн газраа тэмдэгжүүлэн орхижээ.