Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо буюу Зүүн салаанд байрлах 104 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын нээлт өчигдөр болж, хүүхдүүдэд хоёр ээлжээр ая тухтай орчинд хичээллэх боломж бүрджээ.
Энэхүү өргөтгөлийн хичээлийн байр нь 640 хүүхдийн хүчин чадалтай юм байна. Түүнчлэн сургуулийн өргөтгөлийн барилга дээвэр дээрээ хүн унаж бэртэхээс бүрэн хамгаалсан торон хашаа бүхий байгууламж бий болгож, тэндээ хөлбөмбөг болон сагсны талбайг байгуулжээ. 104 дүгээр сургуулийн барилгыг 2006 онд Японы “Жайка” олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар, 720 хүүхдийн хүчин чадалтайгаар барьсан. Ашиглалтад орсноос хойш 2008 оноос эхлэн өнөөг хүртэл гурван ээлжээр хичээллэж байсан юм.
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар санаачлан хөөцөлдөж сургуулийн өргөтгөлийн барилгыг улсын төсвийн 3.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2015 оноос эхлэн бариулж, 2016 онд ашиглалтад орохоор төлөвлөсөн байсан ч санхүүгийн хүндрэлийн улмаас царцан, улмаар 2017 онд үлдэгдэл төсөв батлагдан, энэ онд бүрэн ашиглалтад ороод байна.