Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой ярилцлаа.
-Хэдийгээр улс төржилт, үгүйсгэл нийгэмд их байгаа ч хотын удирдлага багагүй ажил амжуулж байгаа. Ямар зорилтуудтай ажиллаж байна вэ?
-Улаанбаатар Монголын хүн амын бараг тал хувь нь амьдардаг онцлогтой хот. Бас Монголын эдийн засгийг чирч явдаг хот. Тиймээс Улаанбаатарын зорилт, зорилго, хүлээх хариуцлага, үүсэх асуудлууд нь маш өргөн хүрээнийх байдаг. Нийслэлчүүдийн амьдралыг хэвийн авч явна гэдэг том хариуцлага. 2016 оны сонгуулиас хойш жил хагасын хугацаанд Засаг Даргын хувьд би нэгдүгээрт Улаанбаатарт хууль дүрмийг мөрдүүлдэг байх, бүх асуудлыг горим, цэгцэнд оруулахын төлөө ажилласан. Энэ утгаараа 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Хотод амьдардаг хүн хотын хууль, дүрмийг дагаж, бусад оршин суугчдын эрхийг хүндэтгэж амьдрах шаардлагатай.
Үүнээс гадна Монголын цорын ганц мегаполис болох Улаанбаатарын эрх зүйн байдлыг дээшлүүлэх, тодорхой асуудлыг санхүүгийн хувьд бие даан шийддэг байх ёстой гэж үздэг. Иймээс Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан хүний хувьд би Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг боловсруулж Засгийн газраар дэмжүүлээд УИХ-д өргөн барьсан. Энэ хууль батлагдсанаар нийслэл эрх зүйн хувьд илүү сайн статустай болно. Дүүрэг, хороод санхүүгийн эрх мэдэлтэй болж, нийслэлийн иргэд ямар эрх, үүрэгтэй байхыг нэг мөр тогтоож өгнө. Энэ хавартаа багтаад хуулийг батална гэж бодож байна.
Гуравдугаарт хотын санхүү,эдийн засгийн асуудал хөндөгдөнө. 2016 оны сүүлийн хагас, 2017 онд улсын эдийн засгийн хүндрэлтэй холбоотой нийслэлийн санхүүгийн чадавх нэлээд суларсан байсан. Түүнчлэн нийслэл хот бонд гаргадаг, концесс зарладаг, олон улсын санхүүгийн байгууллагаас бие дааж зээл авах нь хумигдсан явдал юм. Эдгээрийг буцаан сэргээх нь бас нэг зорилт байлаа.
-Эрх зүйн байдлыг дээшлүүлнэ гэдэг шинэ сонсогдож байна. Хуулийн төсөл боловсруулахад судалгааг сайн хийсэн байх.
-1994 онд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлахад Улаанбаатар 400 мянган хүн амтай хот байсан. Харин одоо хэд байгааг бид мэднэ. Энэ хугацаанд нийслэлийн хүн ам өсч, Монгол Улсын нийгэм , эдийн засгийн хөгжилд эзлэх байр суурь нь эрс нэмэгдсэн. Тиймээс шинэчлэл зайлшгүй хэрэгтэй. Мөн нийслэл бол аймгуудаас бүх үзүүлэлтээр ялгаатай. Аймгаас ихээхэн ялгаатай засаг захиргааны нэгжийг хууль зүйн хувьд аймгаас тусад нь авч үзэх шаардлагатай.
-Энэ хуульд нийслэлийн эдийн засаг, санхүүгийн бие даасан байдлыг хэрхэн тусгаж байгаа вэ?
-Нийслэл дунджаар 700 орчим тэрбум төгрөгийн орлого олдгоос 200 орчим тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлж, үлдсэнийг өөртөө зарцуулдаг. Нийслэлийн орлого голдуу хүн амын орлогын албан татвараас бүрддэг. Багахан хэмжээний орлогыг бусад татвар хураамж, замын сангийн орлого, газар, үл хөдлөх хөрөнгийн орлого эзэлдэг. Цаашдаа ХАОАТ-аас хамааралтай байдлаа өөрчилж төсвийнхөө орлогын нэр төрлийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Үүнтэй холбогдох заалтууд энэ хуулийн төсөлд орсон. Санхүүгийн эрх мэдлийн хувьд нийслэл өөрийн бондыг гаргах хэрэгтэй. Ингэж богино хугацааны санхүүжилтээ шийдэж байхгүй бол дэд бүтэц, томоохон хөрөнгө оруулалтын асуудлаа шийдэхэд хэцүү. Түүнчлэн нийслэл Засгийн газраар дамжуулалгүй, тодорхой хязгаартай зээлийг олон улсын санхүүгийн байгууллагаас бие даан авдаг болох хэрэгтэй. Гуравдугаарт төр-хувийн хэвшлийн хүрээнд нийслэл төрөл бүрийн концесс зарладаг эрхтэй байх шаардлагатай байгаа тул энэ бүхэн хуулийн төсөлд тусгагдсан.
-Өнгөрсөн онд хотын санхүү, эдийн засаг ямар байв?
-Тодорхой дутагдал ярихаас өөр арга байхгүй. 2012-2016 онд хотын өмнөх удирдлага концессийн олон төсөл хэрэгжүүлснээс хэрэгтэй, хэрэггүйн аль аль нь бий. Жишээ нь, зуслангийн төв зам хэрэгтэй. Гэхдээ энэ замаас уулын амнууд руу салаалсан зам барьсан нь одоохондоо нэн тэргүүний хэрэгцээ шаардлага биш байсан. Өмнөх удирдлагын байгуулсан концессийн хэрэгжилтийн эргэн төлөлтөд бид 2017 онд олон тэрбум төгрөг төлсөн. Хэрэв энэ мөнгийг бүтээн байгуулалтад зарцуулсан бол хотод ашигтай байх байсан. Өнгөрсөн жил ерөнхийдөө санхүүгийн хомстолтой, олон аж ахуй нэгж хаалгаа барьсан хүндхэн жил байлаа. Ажилгүйдэл өссөнөөр ХАОАТ-аас авах орлого буурсан. Гэхдээ нийслэл төлөвлөгөөгөө биелүүлсэн, өргүй 2018 онтой золгосон. 38-аад тэрбум төгрөгийн концессийн эргэн төлөлтийг хийсэн. 2018 онд үлдсэн 30 тэрбумыг аж ахуй нэгжүүдэд өгвөл концессын өргүй болно.
2018 оны хувьд санхүү, эдийн засгийн байдал өргөс авсан юм шиг сайжрахгүй. Төсвийн орлого өснө гэсэн найдлага ч харагдахгүй байна. Гэхдээ олох ёстой орлогоо бүрдүүлнэ. Миний найдаж буй нэг зүйл бол Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж нийслэл бонд гаргаж, гаднаас зээл аван дэд бүтцийн бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэх боломжтой болно гэж хүлээж байна. Түүнчлэн, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүдийн гол бүтээн байгуулалт 2018 онд хийгдэнэ. Мөн Засгийн газрын БНХАУ-тай хийх хэлэлцээрүүдийн хүрээнд орон сууц, зам барилгын төсөл жигдхэн эхлээд явчихна. Ингээд бодоход 2018 он бол илүү их бүтээн байгуулалт өрнөсөн, олон кран ажилласан жил болно. Хүлээлт үүсгээд буй өөр нэг бүтээн байгуулалт бол нийслэлд 60 орчим сургууль, цэцэрлэгийн барилгыг эхлүүлнэ. Барилгын компаниуд болон иргэд маань тодорхой ажилтай байна.
-Энэ үг хувийн хэвшлийнхэнд их сайхан сонсогдоно гэж бодож байна
-Би хотын дарга болсноосоо хойш хувийн хэвшилтэйгээ илүү ойр ажиллахыг зорьж ирсэн. Бүтээн байгуулалтыг улс эсвэл нийслэл дангаараа хийнэ гэвэл бүтэхгүй. Улаанбаатарын Худалдааны танхим төр, хувийн хэвшлийн түншлэл хүрээнд олон ажлыг хоттойгоо хамтран зохион байгуулж, хэрэгжүүлж байна. Хувийн хэвшил хийж болохоор ажилд хот, төр оролцоод хэрэггүй. Хот нь бодлогоо тодорхойлж, хувийн хэвшлийнхэн бизнесээ хийх таатай орчныг бүрдүүлэхийн төлөө чармайна.2018 онд нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудыг хувьчлах, хамтарсан компани болгох ажлыг эрчимжүүлнэ гэж бодож байгаа.
-2018 оныг Иргэдийн амьдрах орчныг сайжруулах жил болгосон. Яг яаж сайжруулах вэ?
-Дэлхийн том хотуудын зорилго, хөгжлийн чиг хандлагаас харахад иргэдээ ая тухтай амьдруулахад хамгийн их анхаардаг. Өнгөрсөн зуунд дэлхийн хотууд том үйлдвэр, өндөр байшингаар уралдаж байсан. Харин одоо хүн амьдрахад хэр таатай вэ гэдгээр өрсөлддөг болсон. Улаанбаатарын хувьд энэ чиг хандлагаар явахад агаар, орчны бохирдлыг бууруулах, орон сууцжуулах, гудамж зам талбай барих, тохижуулах, хүүхдэд ойр сургууль, цэцэрлэг барих шаардлагатай. Энэ бүгдийг цогцоор нь хийснээр амьдрах орчин сайжирна. 2018 онд энэ чиглэлд ажиллана. Гэхдээ иргэдийг оролцуулна. Иргэд зүгээр хүлээгээд суухгүй. Гудамжаа яаж тохижуулахаас эхлээд өөрийн санаа бодлыг хэлж санаачилгатай байх шаардлагатай. Санаачилга гаргаж буй иргэд, хороодыг дэмжиж ажиллана. Ирээдүйд ногоон хот болно гэж зорилготой байгаа.
-Ногоон хот болох бодит боломж байгаа юу?
-Байгаа. Өнгөрсөн жил Улаанбаатарт 4000 орчим нарс тарьсан нь иргэдийн талархлыг хүлээсэн. Том мод суулгаад амьдрахгүй гэж боддог байсан нь өөрчлөгдсөн. Энэ ажлыг хувийн хэвшлийнхэн хийсэн бөгөөд гурван жилийн турш компаниуд модоо арчилна. Богино хугацаанд ногооруулахад ой сийрэгжүүлэлтийн хүрээнд болон үржүүлгийн газраас том мод авчраад суулгах нь илүү үр дүнтэй. Компаниуд өөрийн барьсан хотхонууддаа том нарс суулгаад сайн арчилсны үр дүнд 10 жил ургаж буй туршлага цөөнгүй бий. Мэдээж хурдан ургадаг улиасаа тарих хэрэгтэй. Модоо сайн арчилбал хот ногоон болно. Өнгөрсөн жил Энх тайвны өргөн чөлөө, Төмөр замын дагуу мод тарилт хийсэн. 2018 онд Их, Бага тойруугийн цэцэрлэгүүдийг нарс мод,чимэглэлийн модлог урагмлуудыг тарьж тохижуулахаар төлөвлөж байна.
-Аз жаргалтай Улаанбаатар гэдгийг юу гэж томъёолж байна вэ?
-“Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийг 2016 оны сонгуулиар Нийслэлийн МАН-ын Хорооноос иргэдэд санал болгосон. Засаг Даргын хувьд би энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой . Аз жаргал гэдгийг хэмжихэд төвөгтэй. Happiness Index гэхээр аз жаргалтай, найрсаг гэх мэтээр орчуулж болно. Бид аз жаргалтай гэж орчуулаад байдаг. Хүн юунаас аз жаргал авдаг вэ гэдэг нь философийн ойлголт хэдий ч иргэд Улаанбаатарт амьдардгаараа бахархдаг байхын төлөө ажиллах ёстой.
-Нийслэлд утаа хаа сайгүй байгаа. УИХ-ын гишүүд дүүргүүдээр явж утаатай танилцаж байгаа харагдах юм. Таны хувьд утааны асуудал дээр ямар шийдэл харж байна вэ?
-Утаагүй болох хамгийн эцсийн шийдэл бол гэр хорооллыг орон сууцжуулах, хийн түлш ашигладаг болох. Гэхдээ мэдээж урт хугацаа орно. Утааг арилгах асуудлыг авч үзэхдээ бид бүсчилж байгаа. Тухайлбал, энэ бүсэд цахилгаан халаалт, нөгөө бүсэд утаагүй түлш ч гэдэг юм уу. Энэ мэтчилэн үе шаттайгаар, урт, богино хугацаандаа тодорхой стратегитай ажиллах шаардлагатай. Түүнээс биш бүгдийг нь цахилгаанаар халаана, эсвэл бүгдийг нь сайжруулсан түлшээр хангана гэж хандвал үр дүн муутай. Мэдээж орон сууцжуулах, ажлын байраар хангах ажлууд зэрэг хийгдэнэ. Энэ стратегиа бид Засгийн газарт танилцуулсан. Шийдэл нэг бус нэлээд хэд бий. ШУА-ын эрдэмтэд өнгөрсөн жил Засгийн газраас үүрэг аваад судалгаа хийгээд орон сууц, гэрийн дулаалга, цахилгаан, хийн болон бусад утаагүй эх үүсвэртэй халаагуурын асуудлыг шийдэх ёстой, хамгийн сайн технологитой зуух ашиглах хэрэгтэй гэж дүгнэсэн. Огт гал түлэхгүй байна гэдэг манайх шиг хүйтэн газар боломжгүй. Нийслэлийн хувьд Улаанбаатарт түүхий нүүрсний хэрэглээг үе шаттай багасгаж, 2020 оноос хориглох боломжтой гэж харж байгаа. Угааж боловсруулсан, эсвэл шаталтыг нь сайжруулсан нүүрсийг хотын захын хорооллуудад хэрэглэхээс өөр арга байхгүй.
-Таныг ажлаа авснаас хойш утааны асуудалд ахиц гарсан уу?
-Өнгөрсөн хугацаанд нийтдээ 14 мянган өрхөд цахилгаан халаагуур тавьсан. Улаанбаатарт жилд 30 мянган хүн буюу ойролцоогоор 6000 өрх шилжин ирж, тэр хэмжээний яндан нэмэгддэг байсан бол одоо шилжин ирэгсдийн тоо 9000 мянга болсон. Энэ бол нэг том дэвшил гэж харж байна. 2018 онд 20 мянган айлд цахилгаан халаагуур тавих, шаардагдах хүчдэлийг нь сайжруулах арга хэмжээ авна. Улаанбаатар 200 мянган гэр хорооллын өрхтэй гэж үзвэл 10 жил болох гээд байгаа биз. Тиймээс цахилгаан халаагууртай зэрэгцээд бусад ажлыг хамт хийгээд явах шаардлагатай.
-Иргэд маань өөрсдөө та бүхний шийдлийг хэрхэн хүлээн авч, санаачилга хэр гаргаж байна?
-Би ч нийслэлийн иргэн хүний хувьд утаанаас залхаж байна. Иргэдийн хувьд өөрсдөө хийж чадах зүйл бол гэр орноо сайн дулаалах. Орон сууцыг барихдаа хүнийг амьдруулахын тулд тодорхой стандартын дагуу барьдаг. Харин нийслэлийн хүн амын тал нь амьдраад байгаа хувийн байшин, гэрт дулааны стандарт гэж байхгүй. Дулаан хадгалах чадваргүй байшинд ямар ч цахилгаан халаагуур тавиад, хэчнээн тонн нүүрс шатаагаад олигтой дулаацахгүй. Тэгэхээр хувийн байшинд тодорхой стандарт хэрэгтэй гэж бодож байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам уг стандартыг боловсруулж байгаа. Нэгдүгээр улиралд багтаагаад батална гэж бодож байна. Зөвхөн стандартын дагуу барьсан байшинг үл хөдлөх хөрөнгөөр бүртгэнэ, барьцаанд авна гэсэн журам байх шаардлагатай.
Түүнээс гадна гэр хорооллын айлууд хашаагаа түрээсэлж, айл буулгадаг байдлыг болих хэрэгтэй. Яагаад гэвэл тухайн айл өөрөө цахилгааны хөнгөлөлтөд хамрагдаж халаагуур тавьсан ч хашаанд нь байгаа гэрүүдийн утаанаас хордоод байдаг.
-Гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлд ямар шийдэл байна вэ?
-2019 оноос эхлээд Азийн хөгжлийн банктай хамтраад орлого багатай иргэдэд зориулсан, “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 10 000 айлын орон сууц баригдах юм. Мөн хямд түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжинэ. Ногоон нуурын дэнжид 1008 айлын орон сууцыг Хятадын Засгийн газрын тусламжийн мөнгөөр барих юм. Айлууд яндангаа хураалгаад түрээсийн орон сууцанд орно гэсэн үг. Бид орон сууцны бодлогодоо тухайн айл орон сууцанд орсон л бол ахиж утаа гаргахгүй гэсэн дүрэм баримтлах хэрэгтэй гэж бодож байна. Үүнээс гадна дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцжуулах ажлыг эрчимжүүлнэ. Нийтдээ нийслэлийн утаатай тэмцэхэд эхний ээлжид 500 орчим сая ам.доллар шаардлагатай байна. Энэ мөнгөөр 40 000 айлаа цахилгаан халаагуураар хангах, утаагүй түлшний үйлдвэрүүдийг дэмжих, нүүрс угааж оруулах, байшингийн дулаалгад хөнгөлөлттэй зээл олгох, төлөвлөсөн орон сууцаа ашиглалтад оруулах ажлаа хийвэл 2020 он гэхэд утааг 80 орчим хувиар бууруулах бололцоотой. 2018 оны хувьд эхний ээлжид 200 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо байна.
-Гадаадын хөрөнгө оруулагчдыг хотыг хөгжүүлэхэд хэрхэн оролцуулах боломжтой вэ?
-Нийслэлийн Засаг Даргын дэргэд Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих зөвлөл гэж байгуулсан. Гадаадын хөрөнгө оруулагчдад тулгарч буй асуудлыг шийдэж байх зорилготой. Хөрөнгө оруулагчдыг байнга урьж дуудаж байгаа ч харамсалтай нь тэгж их сонирхохгүй байна. Учир нь хөрөнгө оруулагчид Засгийн газрын баталгаа шаарддаг. Эдийн засаг сэргээд хөрөнгө оруулагч гарч ирвэл бид хэрэгжүүлэх төслүүдээ бэлдчихсэн байгаа. Жишээ нь, Эмээлтийн үйлдвэрлэл, технологийн парк, Налайхын барилгын материалын технологийн парк, Нийслэлийн метроны төсөл, цахилгаан галт тэрэгний төсөл бий. Гэхдээ бид хөрөнгө оруулагчдад зөвхөн санал тавьдаг болохоос шаардлагатай нөхцөлийг нь хангаж чадахгүй байна. Мөн олон улсын стандартад нийцээгүй төсөл , санхүүгийн тооцоог хийж өгч чадахгүй байна.
-Хогны тухай асуухгүй байж болохгүй нь. Энэ онд хогны асуудлыг яаж шийдэх вэ?
-Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран барилгын материалын хогийг боловсруулах 13 сая ам.долларын төслийг хэрэгжүүлэхэд гарын үсэг зурахад бэлэн болсон. Ахуйн хог хаягдлыг боловсруулах, шатаах чиглэлээр Австрийн Засгийн газрын зээлээр үйлдвэр барих хувийн хэвшлийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Мөн хогийн цэгүүдийг түшиглэн эко парк байгуулах, хоёрдогч түүхий эд бэлтгэх төсөл бий. Харамсалтай нь хөрөнгө оруулагчаа манай бизнесийнхэн олоогүй л байх шиг байна.
-Удахгүй Улаанбаатарын хөрөнгө оруулалтын чуулган болох гэж байна. Энэ жилийн чуулганы онцлог юу вэ?
-Энэ удаагийн чуулган нэлээд онцлогтой. Өнгөрсөн жил нийслэлээс төслүүдээ танилцуулж санал болгож байсан бол энэ жил хувийн хэвшлийнхнээр илтгэл тавиулна. Компаниуд өөрсдөө төслөө танилцуулаад нийслэл, засгийн газраас ямар дэмжлэг хэрэгтэй байгааг сонсоно. Жишээ нь сая ашиглалтад орсон байшин үйлдвэрлэх комбинатын тухай илтгэл тавигдана. Мөн Хотын зүгээс Богдхан уулыг тойрсон төмөр зам, шинэ онгоцны буудлыг Айросити болон бусад төслүүдийг танилцуулна. Эдгээр төсөлд төр, хувийн хэвшил хэрхэн хамтран ажиллах, хот яаж дэмжих талаар ярилцана. Яамдын сайд нарыг урьж оролцуулна. Оролцогчдод хандаж хэлэхэд эдийн засагт эерэг хандлага бий болсон учраас ямар нэгэн эмээх зүйлгүй хөрөнгө оруулалтаа идэвхтэй хийгээсэй гэж бодож байна. Одоо хүлээх цаг биш хөрөнгөө оруулаад хийгээд, ажлын байр бий болгоод явахыг уриалж байна.