НИТХ-ын дарга С.Амарсайхантай ярилцлаа.
-Та НИТХ-ын дарга болоод багагүй хугацаа өнгөрлөө. Ямар ажил амжуулж байна вэ?
-Хийх ажил, шийдэх асуудал асар их байна. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан ажлуудаас гадна иргэд оршин суугчид, төрийн алба хаагчид, аж ахуйн нэгжийн оролцоо, тэдгээрийн итгэл зүтгэл, санаачилга, хариуцлагаар хийх ажлууд бүр ч олон байна. Асуудал дагуулсан хэрнээ шийдэлгүй, аль аль талдаа ойлгомжгүй байдлаар уялдаа холбоогүй, гарах үр дүн нь тодорхойгүй урт хугцаанд явж ирсэн ажлууд байгаа ч зовлон бэрхшээл тоочилгүй, цаг алдалгүй хийж хэрэгжүүлэхийг зорьж байна.
-Нийгмийн анхаарлыг татсан “60 тэрбум”-ын асуудал гээд багагүй өрсөлдөөн, шуугиан дунд та нэр дэвшиж, намын бодлогоо сөрж сонгогдсон. Таныг ажлаа авсны дараа НИТХ-ын хуралдаан ирц хүрэлцэхгүй шалтгаанаар нэг бус удаа хойшилсон. Үүний цаад шалтгаан юу байв?
-Асуудлын уг үндэс, суурь шалтгаан нь хаанаас эхлэлтэй, ямар асуудал, хэр хэмжээнд хүрэв, хэний ямар эрх ашгийг хөндөв гэдэг асуултын хариултыг иргэд олон нийт маш сайн мэдэж байгаа байх. Өөрөөр хэлбэл нэг хүн, нэг нам эсвэл нэг хэсгийн асуудал гэхээсээ илүүтэй үндэсний эрх ашиг, цаашлаад бидний ажиллаж амьдарч буй өнөөгийн нийгмийн ёс зүй, ирээдүйн үнэт зүйлийн тухай эмзэг асуудал хөндөгдсөн учраас хариуцлага ярих, шийдэл гаргах шаардлага байсан гэдэгт бий огт эргэлздэггүй. Энэ бол намын бодлого нэрээр нэг даргыг нөгөөхөөр солиод мартах тухай асуудал огт биш байсан. Намын сонгуульт албан тушаалтнаас нь эхлээд төрийн алба, улс төрийн албан тушаалыг нийслэлийн бүх төвшинд дуудлага худалдааны эд хөрөнгө шиг наймаалцах замаар ирээдүйд улс орныг сүйрүүлэх хэмжээний аюултай жишиг тогтоож мэдэх байсан үйлдэлд хатуу хариуцлага тооцож цаашид ийм үйлдэл битгий хэл үг яриа ч гарахгүй байх зөв жишгийг нийгэмд тогтоох ёстой. 60 тэрбумын асуудал бол худал гэхэд дэндүү үнэн, үнэн гэхэд үнэхээр сэтгэл гонсоймоор зүйл байсан. Тиймээс хариуцлагын асуудал цаашид ч яригдах ёстой гэдэг байр суурьтай явдаг. Энэ нь хэсэг бүлгийн эрх ашгийг хөндсөн нь ирц хүрэхгүй байх шалтгаан болсон болов уу. Одоо ч эрх ашиг нь хөндөгдсөн цөөн хэсэгтэй холбоотой тийм асуудал байгааг нуух шаардлагагүй.
-Одоо НИТХ дахь МАН-ын бүлэг бүрэн ойлголцолд хүрч чадсан уу. Ямар нэгэн том зөрчилдөөн байгаа юу?
-Миний хувьд аль болох ойлголцлыг эрхэмлэн аливаа шийдлүүдийг гаргаж, НИТХ-д тулгарсан алдаа оноог засч, нэгдсэн зохион байгуулалттай, нийтийн эрх ашигт нийцсэн, зөв бодлого, шийдэлтэй, цаг хугацаа, үр дүн нь тодорхой байх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд дээр дурдсанчлан тодорхой асуудлаар санал бодол зөрөлдөх зүйл байсан. Гэвч хэн нэгний амин хувийн ашиг сонирхлын асуудал байна гээд ажил, шийдэл гацах ёсгүй. Эрх ашиг нь хөндөгдсөн цөөн хүмүүс өөр байр сууриас асуудалд хандаж байгаа зүйл бий. Энэ бол тэр хүмүүсийн өөрсдийнх нь асуудал байж болох ч зарим зүйлд хэм хэмжээ гэж байх ёстой. Гэхдээ цөөн хүмүүсээс болоод өнөөдөр айхтар зөрчилдөөд, хагаралдаад байгаа юм алга. Ямар ч байсан бид нийтлэг асуудлаа шийдээд явах боломж бүрдсэн гэж бодож байгаа. Ер нь хариуцлага, ёс зүй, сахилга бат, бүтээмжийг аль ч төрийн, ямар ч цаг үед, хэн ч байсан хэн нэгнээс асууж, сураглаж, эрж хайж, аргадаж гуйж биш хэрэгжүүлдэг, хэвшүүлдэг, шаарддаг, цаашлаад үр дүн, хариуцлагыг нь тооцож чаддаг байх ёстой. Төрийн ажлыг хэн нэгний явцуу эрх ашиг, барьцаа, шантаажаар гацаадаг асуудлыг өөгшүүлээд байж болохгүй.
-Нийслэлийн Засаг дарга С.Батболд та хоёр хэр гар нийлэн ажиллахаас хотын хөгжил хамаарна гэж би бодож байна?
-Нийслэлийн ажил бол нэг хүний ажил, хэн нэгний хувийн компани биш. Ойлголцож ажиллах нь бидний үүрэг. Ойлголцоод ажиллаж ч байгаа гэж үздэг. Учир нь үүний цаана нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдэх их ажил байна. Гол нь бид асуудалд ил тод нээлттэй хандаж, бие биеэ дэмжиж, ойлголцож, хамтарч ажиллаж чадвал нийслэлийн ажил урагшилна. Энэ оны төсөв хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд, хаврын их ажилд цаг алдахгүйгээр өндөр зохион байгуулалттай бэлтгэж ажиллах ёстой. Тэгж чадвал багагүй ажил хийж бүтээх боломж байна. Төсвийн орлогын хэдэн төгрөгөө яаж бүрдүүлэх вэ, хэрхэн зарцуулах уу гээд яривал бас хүндрэлтэй зүйлүүд бий боловч гадаад дотоодын зээл тусламжаар хэрэгжих зам гүүр, дэд бүтэц, сурггууль цэцэрлэгийн гээд томоохон төсөл хөтөлбөрүүдийн ажлыг энэ жил эрчимтэй хэрэгжүүлнэ.
-“Газрын харилцаа” олон нийтийн хэлэлцүүлгийг НИТХ-аас зохион байгууллаа. Иргэд маш их бухимдалтай байна. Та иргэдтэй уулзлаа. Асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж байна?
-Энэ зөвхөн газрын асуудал биш л дээ. Нийслэлийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагааг иргэдэд чирэгдэлгүй, илүү нээлттэй болгох, ажилтан албан тушаалтнуудын ажлын ур чадвар, ёс зүйн хариуцлага, бүтээмжийг дээшлүүлэхгүйгээр бид нийслэлийг сайн сайхан болгож чадахгүй. Тиймээс энэ ажлыг Нийслэлийн газрын албанаас эхлүүлж байгаа гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, иргэдийн гомдол саналыг ихээр дагуулдаг асуудалд үнэлэлт, дүгнэлт өгөх асуудлыг ул суурьтай, уялдаа холбоотой шийдэх үүднээс НИТХ-аас зохион байгуулж байгаа хэлэлцүүлгийн өмнө иргэдээс санал гомдлыг нь авсан. Энэ хүрээнд иргэд оршин суугчдаас 800 гаруй өргөдөл гомдол ирүүлээд байна. Энэ бол гурван долоо хоногийн хугацаанд авсан өргөдөл, санал хүсэлт. Газартай холбоотой маш их асуудал байгааг нуух шаардлагагүй. Энэ нь зөвхөн өнөөдөр ажил хийж байгаа хүмүүстэй ч холбоотой асуудал биш. Олон жилийн турш ийм байдалтай явсаар хур болтлоо хуримтлагдсан асуудал. Нийслэлийн ажил, үйлчилгээг сайжруулахын зэрэгцээ өнөөдөр хотод тулгамдаад байгаа хүндрэлтэй олон асуудлын суурь шалтгаан болсон газрын асуудлыг цаашид хэрхэн зөв шийдэх талаархи зохицуулалтыг хийхийг зорьж байна. Газар зохион байгуулалтыг сайжруулж, хотын хөгжлийн хэтийн бодлоготой уялдуулах, иргэн аж ахуйн нэгжийн газрын үнэлгээг зах зээлийн зарчмаар бодитой тогтоох замаар үнэлэмжийг нь дээшлүүлэх зэрэг ажлыг эхлүүлнэ. Мөн иргэдээс ирсэн санал гомдлыг яаж барагдуулах, эрх ашгийг нь хэрхэн хамгаалах, газар эзэмших, ашиглах үүрэг хариуцлагыг яаж дээшлүүлэх вэ гэдэг талаар шийдэл гаргах шаардлага бас байна. Тийм ч учраас үе шаттай хэлэлцүүлэг, зөвлөлгөөн зохион байгуулж байгаа юм.
-Газрын албаны үйл ажилллагааг иргэд байнга шүүмжилдэг. Авлигад хамгийн их идэгдсэн газар гэх судалгааны байгууллагын дүн гарсан байдаг. Газрын албаны үйл ажиллагааг нээлттэй, иргэдэд чирэгдэлгүй, хүнд сурталгүй болгох боломж бий юү?
-Бид цаашид газартай холбоотой үйл ажиллагааг илүү нээлттэй ил тод болгох, иргэд хүссэн мэдээллээ цаг хугацаандаа авдаг, санал хүсэлтийг нь шийдвэрлэх хуулийн хугацааг заавал 30 хоног гэж хүлээхгүйгээр гурав хоног дотор ч шийдвэрлэдэг болох тал дээр анхаарч ажиллана. Нөгөөтэйгүүр иргэдийн өгсөн санал гомдол шийдвэрлэгдэхгүй 10-15 жил болсон газар эзэмших, өмчлөх эрх нь зөрчигдсөн асуудлыг хугацаатай шийдэх үүднээс ажлын хэсэг байгууллаа. Газрын харилцаатай холбоотой үйл ажиллагааг илүү нээлттэй болгож, тэр хэмжээгээр бүх төвшинд энэ асуудал нийслэлийн бодлого шийдвэртэй нийцэж, иргэдийн ажил амьдралын бодит нөхцөл байдалтай уялдсан байх ёстой. Төрийн байгууллагаас эхлээд ажлын харилцан уялдаатай, нийтээрээ нэгдэж хүндрэлтэй асуудлаа шийдэх замаар үнэ цэнэтэй Улаанбаатарыг хөгжүүлэх гол үндэс нь болсон газрын асуудлыгцэгцлэх ажил юм.
-Иргэдээс ирсэн өргөдөл, гомдолтой та танилцсан уу. Ямар дүр зураг ажиглагдаж байна?
-Өргөдөл, гомдлын шийдвэрлэгдээгүй хугацааг ангилж үзэхэд 3-5 бүр 10-аас дээш жилийн хугацаанд шийдвэрлээгүй асуудал ч байна. НИТХ энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж Өргөдөл, гомдлын хороотой хамтарч иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх зэрэг холбогдох арга хэмжээг шат дараалан авна. Мөн Нийслэл, дүүргийн газрын албанд Газрын харилцаатай холбоотой хууль, эрх зүйн актын товч мэдээллийн санг нэгтгэн гаргаж олон нийтэд мэдээлнэ.
-Иргэдээс ирүүлсэн газартай холбоотой өргөдөл гомдлын агуулга нь юу байна вэ?
-Шүүхийн шийдвэртэй холбоотой олон асуудал яригдаж байгаа. Өргөдлүүдэд дурдагдсан иргэдийн эрх ашиг хэрхэн хохирсон, шүүхийн шийдвэр яагаад биелэгдэхгүй байна гэх зэрэг асуудлын шалтгааныг судалж байна. Бид 2018 онд газрын ухаалаг менежмент болох Газрын бирж, Газрын санг бий болгох, иргэдэд үзүүлэх үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх зэрэг хотын иргэд, оршин суугчдад илүү нээлттэй, ойр ажиллах, мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор цахим үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж байна. Газрын асуудлаа шийдэхгүйгээр, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахгүйгээр Нийслэлийн хөгжлийн тухай ярих нь өрөөсгөл юм.
-Утаа, агаарын бохирдлын асуудал улам даамжирсаар байна. Энэ нь газар олголттой холбоотой гэж та өмнө нь хэлж байсан. Мөн энэ асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө мөнгө хүрэлцдэггүй асуудлыг нийслэл хэрхэн шийдэж байгаа талаар…?
-Утаа, агаарын бохирдол хяналтгүй болтлоо хүндэрсэн нь газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн ажилд эзний сэтгэлээр хариуцлагатай хандаж ирээгүйтэй л шууд холбоотой гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Энэ алдааг цаашид яаж давтахгүй, даамжруулахгүй байх вэ гэдэгт санаа зовж байна. Зөв шийдлийг гаргахыг оролдож байна. Мөн утааг бид зун болохоор тас мартчихаад өвөл болохоор өдөр шөнөгүй ярьж, асуудлыг цогцоор нь шийдэж чадалгүй хөрөнгө мөнгө эрж хайж, урд хормойгоо хойд хормойгоороо нөхдөгийн адилаар гацааж ирсэн. Цаашид ийм байдлаар явах боломжгүй. Тиймээс утаа, орчны бохирдлоос эхлээд байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи, цаашлаад зам, дэд бүтэц, хот тохижилт гээд бүх төрлийн ногоон хөгжлийг дэмжих, тэдгээрт шаардлагатай төсөв хөрөнгийг гадаад дотоодын ийм төрлийн сангаас татах зориулалт бүхий Нийслэлийн Ногоон Хөгжлийн Тусгай Сан байгуулж ажиллана.
-100 айл дахь барилгын материалын худалдааны төвийг нүүлгэнэ гэж та хэлсэн. Энэ ажил нэлээд эсэргүүцэлтэй тулгарах болов уу, ажил хэрэг болгох боломж бий юу?
-Ажиллаж, амьдарч байгаа орчин, сууршил, үйлдвэрлэл, үйлчилгээний хэсгээ зааг ялгаатай болгож, хөгжил дэвшлийн дараагийн шатандаа орох нь оршин суугчид, худалдаа бизнес эрхлэгчид, шийдвэр гаргагчдын аль алийнх нь нийтлэг эрх ашигт нийцнэ. Тийм цаг хугацаа нь ч болсон. Нийслэл хотод агаарын болон хөрсний бохирдол ихээр үүсгэж байгаа газрын нэг хэсэг нь 100 айл дахь барилгын материалын зах. Үүнийг нүүлгэж шийдвэрлэхээс өөр арга байхгүй. Нүүлгэх асуудлыг судлах, хэрэгжүүлэх зөв зүйтэй арга замыг олох ажлын хэсгийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор байгуулаад ажиллаж байна. Энэ асуудал дээр төрийн захиргааны байгууллагынхан болоод иргэд олон нийт нэг ойлголттой байх ёстой. Нүүлгэнэ гэдэг нь тэнд үйл ажиллагаагаа явуулж байгаа түрээслэгч, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг хохироох асуудал огт биш. Бид нүүлгэн шилжүүлэх боломжтой хэд хэдэн байршлыг судалж байна. Худалдаа эрхлэгчдэд ашигтай байдлаар асуудлыг шийдэж, 100 айл дахь барилгын материалын төвийг хотын төвөөс гаргана. Худалдаа эрхлэгчид нүүж очсон газраа эзэмших төдийгүй газар дээрээ өөрийн өмчөө эзэмших боломжийг ч бас судалж байна. Түрээс төлөөд явдаг бол түрээсээ төлөөд өмчөө эзэмших байдлаар байж болно. Хүн ажиллах, амьдрах нөхцөлийг хангасан орчинд эрүүл, тогтвортой ажлын байр бий болгохоор шийдвэрлэнэ. Одоо 100 айлд барилгын материалын худалдааны чиглэлээр ашиглаж байгаа барилгаа өөр зориулалтаар ашиглах эрх нь худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд цаашид нээлттэй. Тэд үл хөдлөх хөрөнгөө одоо байгаагаас илүү үнэ цэнэтэй болгож ашиглаж, эзэмших боломж ч бүрдэнэ.
Г.Зул