Бразилийн Рио-де-Жанейрод зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн хэд хэдэн гишүүн шар чичрэгийн тариа хийлгэх гэж хоёр сувилагчийг барьцаалжээ. Энэ талаар “Correio Braziliense” сонинд мэдээлсэн байна.
Гэрчүүдийн мэдээлж буйгаар Рио-де-Жанейрогийн зүүн хэсэгт орших анхны тусламж үзүүлэх цэгт нэлээд хэдэн машин хүрч ирээд, зэвсэглэсэн хүмүүс гарч ирж, тус цэгийн хоёр ажилтныг хэдэн хайрцаг тариур, вакцинтай суулгаж аваад хаа нэгтээ зугтсан байна. Гэмт этгээдүүд барьцаалсан хүмүүсээ гэмт хэрэг ихээр гардаг нэгэн дүүрэгт авчраад бүх оршин суугчид нь шар чичрэгийн эсрэг тариа хийхийг шаарджээ. Ингээд бүгдэд нь тариа хийж дууссаны дараа сувилагчдыг суллаж явуулжээ.
Хүн хулгайлсан энэ хэрэгт мансууруулах бодисын худалдаачин 24 настай Томас Виейрийг холбоотой гэж сэжиглэж байна. Цагдаа нар түүнийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд байрлалыг нь зааж өгсөн хүнд 10 мянган реал буюу 3,1 мянган доллар амлаж байгаа юм.
Бразилд өдгөө шар чичрэг өвчин идэвхтэй тархаад байна. Тус улсын ЭМЯ-ны мэдээлж буйгаар 2017 оны 07 дугаар сарын 01-нээс 2018 оны 01 дүгээр сарын 30-ныг хүртэл энэ өвчний улмаас доод тал нь 81 хүн амиа алджээ. Нийт 213 хүн энэ өвчний оноштойгоор эмчлүүлж, 435 хүн шинжилгээний дараа хариу нь батлагджээ.