Бразил бол махны экспортоор дэлхийд тэргүүлдэг улс юм. Жишээ нь, АНУ, Хятад болон Европын Холбооны орнуудад нийлүүлж буй махны экспортын хэмжээ 12 тэрбум доллароор хэмжигддэг байна. Орос улсын импортолж буй үхрийн махны 90 хувийг Бразилаас нийлүүлдэг ажээ. Харин тус улсын Холбооны цагдаагийн газар хугацаа нь дууссан мах борлуулсан 40 гаруй тохиолдлыг илрүүлэн шалгаад байна. Үүнээс муудсан мах худалдаалж байсан томоохон сүлжээг илрүүлсэн аж. Энэ хэрэгт 30 албан тушаалтныг ажлаас нь халж, мах боловсруулах гурван үйлдвэрийг өнгөрсөн баасан гаригт хаажээ.
Шалгалтын мэдээллээр JBS болон BRF гэсэн хоёр том компанийн менежерүүд эрүүл ахуйн байцаагчдад хахууль өгч, чанарын баталгааны гэрчилгээ авсан болох нь тогтоогджээ. Тэд бүтээгдэхүүнийхээ чанарыг сайн гэж харагдуулахын тулд химийн бодисууд ашиглаж байсан аж. Харин дээрх компаниудын зүгээс хэрэглэгчдийг хууран мэхлэх ажиллагаа явуулж байсан гэдгээ эрс үгүйсгэж, боловсруулсан мах чанарын шаардлага хангаж байгааг дурджээ. Одоогоор бусад 20 үйлдвэрийг шалгаж буй юм байна. Энэ хэрэг тус улсад шуугиан дэгдээж олны анхаарлыг татсан сэдвийн нэг болсон төдийгүй Ерөнхийлөгч Мишель Тимер дээрх улсуудын удирдлагуудыг оройн зоогонд урих үеэрээ махны чанар сайн байгааг онцолжээ.