Санаатайгаар хоёр хүүхдээ хөнөөж, тэтгэмжээр нь амьдарч байсан Австралийн иргэн Мари Кратбри гэх эмэгтэйг тус улсын цагдаа нар баривчилжээ. Түүнийг мөрдөн шалгах явцад 18 настай хүү, 26 настай охины үхлийг амиа хорлолт биш болохыг тогтоожээ.
Мари Кратбригийн хүү 2017 оны зун өвчин намдаах эм тун хэтрүүлэн хэрэглэснээс болж амиа алдсан бөгөөд хэргийн газраас гэрээслэл олдсон байна. Иймд амиа хорлолт гэж дүгнэжээ. Үүнээс зургаан жилийн өмнө Маригийн охин нь эм хэтрүүлэн хэрэглэж, нас барсан аж. “Алуурчин ээж” охиныхоо үхлийн дараа 600.000 ам.доллар авсан нь хүүгийнхээ аминд хүрэх шалтгаан болсон бололтой. Хүүдээ санаатайгаар эм өгч, амь насыг нь хохироосныхоо төлөө 300 гаруй мянган ам.доллар авсан болохыг нь цагдаа нар мөрдөн шалгах явцад илрүүлжээ. Энэ нь түүний амьдрах арга байсан аж. Түүнчлэн Мари Кратбри нь 2015 оны гуравдугаар сард зэвсэгт дээрэм хийсэн, бусдыг залилан мэхэлсэн хэрэг үйлдсэн болохыг нь тогтоогоод байгаа юм байна. Одоогоор хэргийг шалгах ажиллагаа дуусаагүй байгаа гэнэ.