Америкийн конгрессийн гишүүд сенатчдынхаа араас АНУ-ын холбооны Засгийн газрын ажлыг санхүүжүүлэх хугацааг сунгах зөвшилцөлд хүрлээ. Энэ хугацааг ойрын гурван долоо хоногийн хугацаанд буюу хоёрдугаар сарын 8-ныг хүртэл сунгаж байгаа аж. Ингэснээр төрийн өнгөрсөн бямба гарагийн шөнөөс хойш зогссон төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулах боломжтой болж байгаа юм.
Хуулийн төсөл хүлээн авах тогтоолд сенатад шаардлагатай 60 саналаас 81-ийн санал авч, 18 сенатч эсэргүүцсэн байна. Харин төлөөлөгчдийн танхимд 266 саналыг дэмжиж, 150 эсэргүүцжээ. Ардчилсан намын удирдагчид бүгд найрамдахчуудаас цаашид хууль бус залуу цагаачдын статусын тухай асуудлаар хэлэлцэх амлалт авч байж хуулийн төслийг дэмжихээ илэрхийлжээ.
Энэ алхам нь ардчилагчдын зүгээс эсэргүүцэл дэгдэхэд хүргэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп конгрессийн хоёр танхим хуулийн төслийг дэмжсэний дараа хуульд гарын үсэг зурсан байна.
Энэ бол “шатдаун”-аас түр гарах дөрөв дэх арга хэмжээ юм. Өнгөрсөн оны аравдугаар сараас эхэлсэн энэ үйл явц хууль тогтоогчлын зөвшилцөлд хүрч чадахгүйгээс олон удаа хойшлогдоод байгаа нь энэ юм.
Ийнхүү тус улсын Засгийн газар өчигдрөөс үйл ажиллагаагаа дахин явуулж эхлэх төлөвтэй байна. Холбооны мянга мянган албан хаагч энэ хугацаанд цалингүй түр амралттай байсан бол одоо ажилдаа эргэн орох боломжтой болжээ.
Сенат, төлөөлөгчдийн танхим дахь хууль тогтоогчид Засгийн газрын ажлыг санхүүжүүлэх тухай хуулийн төслийг цагтаа баталж чадаагүй юм. Уг хууль нь хоёрдугаар сарын дунд хүртэл төрийн байгууллагуудын санхүүжилтийг хангах ёстой байлаа.
Бүгд найрамдахчуудын боловсруулсан энэхүү түр хуулийн төслийг батлахын тулд ардчилагчдын санал хэрэгтэй байв. Харин ардчилагчид сөрөг хүчнийхнээсээ хууль бус цагаачдын тухай асуудал хууль бус цагаачдын тухай асуудлаар сөрөг хүчнийхнээ бууж өгөхийг шаардаж, энэхүү хуулийн төслийг дэмжээгүй билээ. Үүний үр дүнд хуулийн төслийг цагтаа амжуулан баталж чадаагүй.
Сенатаас хуулийн төслийг батлах ородлогыг ням гарагт эхлүүлсэн боловч бас л тохиролцоонд хүрч чадаагүй байна. Хуулийн төслийг батлахын тулд сенатын 100 гишүүний 60-ынх нь дэмжлэгийг авах хэрэгтэй байв. Харин бүгд найрамдахчууд өдгөө танхимд 51 суудалтай. Тиймээс олонхийн саналыг авахын тулд ардчилагчдаас дэмжлэг авах шаардлагатай болжээ.
Ардчилагчид хуулийн төсөлд АНУ-д залуудаа хууль бусаар ирсэн цагаачдын тухай асуудлыг оруулж өгөхийг хүссэн байна. Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь төрийн байгууллагуудын санхүүжилтийг цагаачдыг хамгаалах арга хэмжээтэй хольж хутгахаас татгалзсан бол сенат дахь бүгд найрамдахчууд Засгийн газар ажлаа эхлэхээс нааш энэ асуудлыг хэлэлцэхээс таталзжээ.
Бүгд найрамдахчууд батлан хамгаалах, хил хамгаалал зэргийнхээ зардлыг нэмэгдүүлж, Мексиктэй хиллэдэг хэсэгт хана барих зэрэг асуудлыг багтаахыг хүсч байна.
Хэн нь илүү хожоотой зүйл хийв?
Холбооны Засгийн газар өдгөө ажлаа дахин эхлүүлэх боломжтой боллоо. Гэхдээ төсөв, цагаачлалын тухай маргаан урьдын адил хэвээр үлдэж байна. Хоёр тал ялалт өөрсдийнх нь талд ирсэн мэт сэтгэгдлийг иргэдэд төрүүлэхийг оролдож байна.
Жишээ нь бүгд найрамдахчууд өмнөх “шатдаун”-уудаа бодвол энэ удаад нэр хүндээ сэвтээлгүйгээр гарч чадсан гэж баярлаж байна. Сенат дахь бүгд найрамдахчуудын тэргүүн Митч Макконнелл хүүхэд байхдаа ирсэн хууль бус цагаачдын хувь заяаны асуудлаар нээлттэй мэтгэлцээн өрнүүлнэ гэж амласан бана. Гэхдээ ардчилагчид хэдэн долоо хоногийн дараа төрийн аппаратуудынхаа санхүүжилтийг дахин зогсооход хүрвэл ийм мэтгэлцээн болохгүй нь ойлгомжтой.
Тэгвэл ардчилагчид өөрийнхөө дэмжигчдэд чухалд тооцогдож буй асуудлаар зөвшилцөхөөр болсонд баяртай байна.
Харин Ерөнхийлөгч Трамп энэ асуудлаар нэлээд хөндийхөн байгаа юм. Ардчилагчид, мөн зарим бүгд найрамдахчууд Ерөнхийлөгчөө чухам юу хүсч байгаа, ямар асуудлыг тэргүүн зэрэгт тавьж байгааг ойлгохгүй байна гэж гомдолложээ.
Ийнхүү америкчууд хэд хоног үргэлжилсэн төрийн аппаратуудын санхүүгийн хямралын талаар түр мартагнахаар боллоо. Гэхдээ энэ асуудлаарх дараагийн хямрал хэдхэн долоо хоногийн дараа эхэлнэ. Тэр үед байдал үүнээс ч ноцтой болох магадлал өндөр бий.
“Шатдаун” гэж юу вэ?
Төрийн байгууллагуудын ажлын санхүүжилтийг зогсоосноор АНУ дахь төсвийн ихэнх ажилтнууд цалингүй амралттай байсан гэсэн үг.
Даваа гарагт орон сууцны барилга, экологи, боловсрол, худалдааны зэрэг яамдын олонх ажилтан ажилдаа ирээгүй. Санхүү, эрүүл мэнд, батлан хамгаалах, тээврийн яамдын ажилчдын тал орчим хувь нь ажиллаагүй билээ. Энэ нь баримт, виз, паспорт олголт зэрэг ажлыг түр хугацаагаар зогсоход хүргэжээ.
“Хүний амьдрал, өмч”-ийг хамгаалдаг байгууллагууд буюу үндэсний аюулгүй байдал, шуудан холбоо, агаарын диспетчерийн алба, шуурхай алба, хорих анги, татварын байгууллага болон цахилгаан станцуууд хэдийгээр “шатдаун”-тай байсан ч ажлаа үргэлжлүүлсэн байна.
Цагаан ордноос үндэсний цэцэрлэгт хүрээлэнг хааж байгаа тухай тусад нь мэдэгджээ. 2013 онд “шатдаун”-аас болж цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хаасан нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч байсан юм.
Энэ удаагийн “шатдаун” Ерөнхийлөгч Дональд Трампын тангараг өргөсний нэг жилийн ойн үеэр болж байгаагаараа онцлог. Тэрбээр Давост болох Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох нь ч тодорхойгүй байна.
АНУ-ын Засгийн газар хамгийн сүүлд 2013 онд ажлаа зогсоож байсан юм. Тухайн үед төрийн байгууллагууд 16 хоногийн турш ажиллаагүй бөгөөд АНУ-ын эдийн засагт хоёр тэрбум ам.долларын хохирол учирчээ.
Эх сурвалж: Өглөөний сонин