Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2017 оны А/325 дугаар тушаалын дагуу Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа зочид буудал, дэн буудлуудын ажил үйлчилгээнд батлагдсан удирдамжийн дагуу хяналт шалгалтыг зохион байгуулав.
Ажлын хэсэгт Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, тухайн дүүргийн Хүнс, худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн, улсын байцаагч, цагдаагийн ажилтан, онцгой байдлын улсын байцаагч нар ажилласан байна.
Ажлын хэсэг нь тухайн иргэн, аж ахуйн нэгж нь зочид буудал, дэн буудлын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй эсэх, нийслэл, дүүргийн бүртгэл судалгаанд хамрагдсан эсэх, стандарт үнэлгээ тогтоолгосон эсэх болон иргэд, зочдод хүргэж байгаа үйлчилгээний чанар, стандарт, ахуй орчны нөхцөл байдал, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хийсэн ажилтай танилцаж, зөвлөмж, хугацаатай үүрэг өгч ажиллажээ.
Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 209 зочид буудал, 275 дэн буудал нийт 484 буудал үйл ажиллагаа явуулдаг. Энэ удаагийн шалгалтаар одны зэрэглэлтэй буудлуудаас гадна 346 буудал буюу нийт буудлын 85% нь хамрагдсан байна. Дээрх хамрагдсан буудлуудаас 48 зочид буудал, 117 дэн буудал Нийслэлийн Аялал жуулчлалын газраас үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, тухайн дүүргийн ЗДТГ-ын ХХҮХ-тэй гэрээ байгуулаагүй үйл ажиллагаа эрхэлж байв.
Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил дутагдал:
- Шалгалтад хамрагдсан нийт буудлын 48% нь тухайн дүүрэгтэй гэрээ байгуулаагүй, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авалгүй ажил үйлчилгээ эрхэлсэн байна.
2. Буудлын дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлэх журам баталж мөрдөөгүй, дотоод хяналтын орон тооны бус ажилтан томилон ажиллуулаагүй,
3. Зочлох үйлчилгээний мэргэжлийн болон мэргэшсэн ажилтангүй, ажилчдаа сургалтад хамруулдаггүй,
4. “Дэн буудал. Ерөнхий шаардлага MNS 5738:2007” стандартын шаардлагыг бүрэн ханган ажилладаггүй,
5. Цагаан хэрэглэл угаах зориулалтын угаалгын газаргүй, угаалга цэвэрлэгээнд халдваргүйжүүлэх бодисыг тогтмол хэрэглэж хэвшээгүй, цагаан хэрэглэл, өнгөө алдсан, гудас, хөнжил нь хуучирч муудсан, хир толботой, стандарт хэмжээндээ хүрэхгүй /богино/
6. Зочин хүлээн авах өрөөнүүдийн цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, стандартад заагдсан тавилга, хэрэгсэлгүй, чанарын шаардлага хангахгүй,
7. Зочны нийтийн ариун цэврийн өрөө, шүршүүрийн өрөөний тоног төхөөрөмж хуучирч муудсан, стандарт бус, хэрэглээний шаардлага хангахгүй болсон, цэвэрлэгээ үйлчилгээ бүрэн хийгддэггүй,
8. Үйлчлэгч, ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, ажлын дүрэмт хувцас, энгэрийн тэмдэг зүүж хэвшээгүй,
9. Насанд хүрээгүй хүүхэд, иргэн, согтуу хүнд үйлчилсэн, зочдын бүртгэлийг хөтөлж хэвшээгүй,
10. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.2.1 дэх заалтын дагуу байгууллагын онцлогт тохируулан гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулах, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг шалгаж, төлөвлөгөөнд тодотгол хийгдээгүй.
11. Галын аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтуудын зөрчсөн.
12. Барилга байгууламжийн холбогдох норм дүрэм, стандартуудыг зөрчсөн зэрэг зөрчлүүд илэрч, зөрчлийг арилгуулахаар холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар