Африкийн бусад дарангуйлагчдыг бодвол Заирын Ерөнхийлөгч Мобуту Сесе Секо цус урсгасан ажиллагаа явуулж байсангүй. Тэр хүн идэж, геноцид үлдэж байгаагүй бөгөөд цаазын ялыг ч онцгойлон сонгож байсангүй. Гэхдээ “мобутизим”-ын онолыг бий болгогч тэрбээр гоё сайхан амьдралд дуртай, загварын өндөр мэдрэмжтэй нэгэн байв. Тэр ч бүү хэл үндэсний эрчүүдийн пиджакны загварыг хүртэл зохион бүтээжээ. Үнэндээ тэр тансаглалаа ил цагаан хулгайгаар төлж байсан юм. Тиймээс ч Мобуту 32 жил засгийн эрхэнд байсны дараа кобальт, зэс, алмааз гээд онолын хувьд Африкийн хамгийн баян орон нурж унасан эдийн засагтай, 9800 хувийн инфляцитай үлдсэн түүхтэй.

Хар засаглал

Жозеф-Дезире Мобутугийн ХХ зуунд Хар тивийн засгийн эрхэнд гарсан нь асар хурдан үйл явц байсан юм. 25 насандаа Бельгийн колонийн армийн түрүүч, 30 насандаа хурандаа, Батлан хамгаалахын сайд бөгөөд ерөнхий штабын дарга, 1983 онд өөрийгөө маршалаар өргөмжилж, 35 насандаа тус улсын насан туршийн Ерөнхийлөгч болжээ.

Тэрээр 1930 онд нэлээд боломжийн амьдралтай гэр бүлд төрсөн. Эцэг Альберик Бемани нь цагаан арьст шүүгчийн тогооч байсан бол ээж Мари-Мадлен нь нийгмийн үүрэг хариуцлагын хувьд доогуур гэдгээрээ ялгарч байв. Түүнчлэн Альберик Жозеф-Дезирегийн жинхэнэ эцэг нь мөн үү гэдэг нь ч эргэлзээтэй. Нгбанди хэлээр “цэрэг дайн” хэмээх утгатай Мобуту хэмээх африк нэртэй болсон нь авга ахынх нь цэргийн хүч чадал, өвөг дээдсийнхээ дурсгалыг хүндэтгэснийх гэнэ. Тэр ээжийгээ хүндэтгэдэг байсан бөгөөд 1971 онд нас барсных нь дараа төрөлх Гбадолит тосгонд хөшөө босгож, “Йеме эх” нь албан ёсоор хүндэтгэдэг объект болсон юм.

АНУ-ын Тагнуулын төв газрын тусламжтайгаар 1965 онд тухайн үед Ардчилсан Бүгд найрамдах Конго хэмээх улсын засгийн эрхийг булаан авч, хошууч генерал Мобуту хамгийн түрүүнд мужуудын босогчидтой  тэмцсэн юм. Тэр үед тус улс хоорондоо дайтсан гурван хэсэг болгон хуваагдчихсан байлаа. Кобальт, зэс, алтаар баялаг Катангийг болон алмаазын аж үйлдвэр гэгдэх Өмнөд Касаиг эвлэрүүлсэн Ерөнхийлөгч өөрийнхөө болон иргэдийнхээ шинэ амьдралыг төвхнүүлж эхлэв. 1971 онд улсаа Заир болгон өөрчилж, “заирчлах” буюу Африкийн уугуулуудад хандсан бодлогоо зарлажээ.

Улсынхаа нэрийг өөрчилсөн нь Ардын буюу Францын колони асан, Ардчилсан буюу Бельгийн колони байсан Конгогийн ялгааг мэдэх гэж сургуулийн сурагчид зовох явдалгүй болов. Харин бусдаар бол залуу Ерөнхийлөгчийн санаачилга тийм ч таатай байсангүй.

Заирын дарангуйлагч христ нэрийг хориглож, өөрөө ч үлгэр жишээ болгон өөрийнхөө нэрийг Мобуту Сесе Секо Куку Нгбенду ва за Банга болгон өөрчлөв. Түүнчлэн европ костюм, мини банзал зэргийг хориглож эхлэв. Эрчүүд Мобутугийн зохион бүтээсэн абакост хэмээх гурвалжин захтай, бариу цамц шиг пиджак өмсдөг болжээ.

Хамгийн тансаг абакостыг дарангуйлагч болон түүний ойр тойрныхонд зориулж, Киншаст бус, Бельгийн “Arzoni” оёдлын үйлдвэрт урлаж байсан гэдэг. Зангиаг ч мөн хориглож, даруухан хар, эсвэл өнгөлөг, африк стиль бүхий алчуур зүүхийг зөвшөөрдөг болжээ.

Харин Мобуту өөрөө болохоор эврээр хийсэн зузаан хүрээтэй шил зүүж, таяг барьж, өөрийнхөө хэв загварыг тодорхойлжээ. Мөн ирвэсийн арьстай малгайнаас салахгүй. Үүнийг нь ч Парист тусгай захиалгаар оёулдаг байсан гэдэг. Ирвэс нь Мобутугийн хэв загварын салшгүй нэг хэсэг байв. Мобутугийн албан ёсны намтарт бичихдээ түүнийг хүүхэд байхдаа төрөлх тосгоныхоо дэргэд зэрлэг мууртай таарч, шударга тулаанаар ялан дийлж, араатны хүчийг авсан гэж дурдсан байдаг.

Заирын телевизийн орой бүрийн хөтөлбөр Мобутуг Ерөнхийлөгчийнхөө гоёлтойгоор сүр жавхлант хөгжмийн дотор үүл манан дундаас бууж ирж байгаа мэтээр харуулж, өдөр бүр агуу их удирдагч, түүний хувцасны зөв хэв маяг зэргийг сануулна.

Ерөнхийлөгчийн хувь хүний шашин шүтлэг Мао, том Кимийн атаархлыг ч төрүүлдэг байсан гэдэг. Үндэстний эцэг, ард түмнийг аврагч, Харьцуулшгүй дайчин, Агуу стратегич. Маршал Мобутугийн албаны ёсны цол хэргэмийн ердөө л цөөн хэсэг нь энэ.

Бүгдийг хулгайлсан нь

Эдийн засгийг “заирчлах” үйл явц аж үйлдвэрийг төрийн гарт шилжүүлэхээс эхлэв. Үйлдвэрүүдийн удирдагчдаар Мобутугийн ойр дотны хамтрагчид болон төрөл төрөгсөд нь томилогджээ. Энэ нь тэдний хэрэглээнд ч нөлөөлж эхэлсэн байна. 1973 онд Заир улс Африкийн орнууд дундаа “Мерседес”-ийн импортоор дээд амжилт тогтоосон юм. Амьдралын түвшнийг дэмжих санхүүгийн схем тун энгийн байдлаар явагдаж байсан. Тухайлбал, ашигт малтмалын импортоос орж ирсэн мөнгө зүгээр л сонирхсон этгээдийн дансанд орох жишээтэй. Дарангуйлагч ч үүнд нэг дургүйцдэггүй байсан гэнэ. Тэрээр “Хулгайлбал хулгайл. Гэхдээ хэтэрхий ихийг авахгүй шүү” хэмээн өөрийнхөө талынхан болох эрх баригч “Бүгд найрамдах ардын хөдөлгөөн” намын их хурлаар үндэсний телевизээр шууд дамжуулж байх үед хэлэх жишээтэй.

Африкийн бусад удирдагчдаас ялгаатай нь Мобуту найз нөхдөө дэргэдээ байлгана, дайснуудаа ч илүү ойр байлгана гэсэн зарчим баримталж байсан. Тиймээс ашгаа өгөх албан тушаал авсан сөрөг хүчнийхэн амаа үдүүлсэн мэт дуугүй болох нь гайхалтай.

Ард түмний эцгийн эсрэг хуйвалдаанд хэдэн жилийн турш оролцсон Клеофас Камитату л гэхэд Засгийн газрын өндөр албан тушаалыг хэд хэд сольсны эцэст 1980-аад онд Япон дахь Элчин сайд болжээ. Энэ албан тушаалд байхдаа  тэрбээр сайн дураараа ЭСЯ-ны байрыг зарсан байдаг. Камитату үүнийг урсгал зардлаа дарахын тулд хийсэн гэдэг чард түмэн нь түүний бодлогод итгэхгүй байлаа. Хачирхалтай нь энэхүү худалдааны ажиллагаа түүний цаашдын карьерт ч нөлөөлөөгүй юм. Заирын дипломатууд ерөнхийдөө хилийн чанадад аж ахуйн төлөө их явдаг байв. “Тэдний DC10 нислэгт бэлтгэх үед газраас хөндийрч чадах болов уу гэж би их айдаг байлаа. Яагаад гэвэл онгоцонд магнитолоос богино долгионы зуух гээд элдэв бусын бараа дүүрэн чихчихдэг байсан” хэмээн Рейган засаг захиргаан дахь Африкийн асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын туслах Честер Крокер Вашингтоноос Заирын асуудал явуулах үеийн талаар ярьжээ.

Мобуту  ч өөрийнхөө хүслийг хязгаарладаггүй байсан. Кобальт, зэс, цайр зэргийг экспортолдог төрийн монополь Sozacom компани төрийн тэргүүний гадаад дахь дансанд жилд дунджаар 100-200 сая ам.доллар шилжүүлдэг байсан гэнэ. 1988 онд түүхий эдийн эспортоос олсон 800 сая ам.доллараа шилжүүлсэн түүх ч бий.

Дарангуйлагч улсынхаа өмнө хэсэгт байдаг алмаазынхаа ордыг ч мартаагүй. Энд ч хулгайлагдсан хэмжээг нь тоонд оруулаагүй байна. Энд маршал гадаадын зочид төлөөлөгчдөө урьж, боловсруулаагүй алмаазын агуулахдаа жижигхэн уут бариулан оруулж, хүссэнээрээ чулуу авахыг зөвшөөрдөг байв.

Харин Мобуту жижиг хэмжээний зардлаа Заирын Төвбанкнаас авдаг байлаа. Энд сард нэг удаа армийн хэдэн ачааны машин ирж, заир мөнгөөр 1,5-10 сая доллартай тэнцэх хэмжээний мөнгөн дэвсгэртийг шуудайлан ачиж явдаг байв. Үүнийг “Ерөнхийлөгчийн татаас” хэмээн албан ёсоор нэрлэж, дарангуйлагчийн аюулгүй байдлыг хангах, бэлэг, ойр зуурын зардалд зарцуулдаг байжээ.

Энэ бүх татаас, хулгайнхаа ачаар тэр Европт ч үл хөдлөх хөрөнгө авч чаджээ. Түүний авсан хамгийн том хөрөнгөнд Номин эрэгт орших Рокбрюн-Кап-Мартен дэх Вилла дель Мар хэмээх 5,2 сая ам.долларын үнэтэй харш орно. Хоёр усан бассейн, алтаар хийсэн угаалгын онгоц, нисдэг тэрэгний талбай, Бельгийн хаан Бодуэний зуны харштай зэргэлдээ орших энэ харшийг Мобуту өөрөө үзэж сонирхоод наймаалцахгүйгээр шууд худалдан авсан гэдэг. Бүх бичиг баримт нь бэлэн болсны дараа л 5,2 сая гэдэг нь ам.доллар уу, бельги франк уу (тухайн үед 1 ам.доллар=39 бельги франк байсан) гэж сонирхсон тухай худалдааны төлөөлөгч нь дурсчээ.

Гэвч дарангуйлагчийг унаснаас хойш түүнийг яг хэдэн харш, байшинтай гэдгийг нь тогтоож чадаагүй юм. Ямар ч байсан Бельгид Брюсселийн ойролцоо Шато Фонд’Рой, Португалийн Альгарвт Каса Агрикола Солеар эдлэнд 800 га газар, Швейцарийн Савиньид Ле Мигетт харг, Парист Фош өргөн чөлөөнд тансаг зэрэглэлийн байр гээд есөн объектыг л илрүүлсэн байдаг.

Мобуту улс орноороо аялах дуртай байсан бөгөөд тосгон болгонд нутгийн онгон охидыг амрагаа болгож байсан гэдэг. Мобуту хоёр эхнэр, хэд хэдэн албан ёсны амрагаасаа нийт 22 хүүхэдтэй болсон гэсэн баримт бий.

Мобутуг 1997 онд төрийн эрхээс түлхэн унагасны дараа нэг эдлэн дэх гараашийг нь нээж үзтэл таван хар Мерседес цоо шинээрээ, түргэн тусламжийн хоёр машин, Ромын папынх шиг өргөгчтэй Land Rover байсан гэдэг. Харш дотор нь Мин гүрний үеийн ваар, эртний тавилга, гантиг шал гээд үнэтэй зүйлс их байв. Гэвч сайтар ажиглавал энэ бүгд нь хуурамч эдлэлүүд байсан гэдэг. Вааранд л гэхэд үнийг нь хуулаагүй, ромын тавцан нь гэхэд номин бус хуванцар байжээ.

1980-аад оны сүүлчээр Заирт бараг бүх зүйл хулгайлагдаж дууссан юм. Тэр ч бүү хэл Мобутугаас хүртэл хулгайлж эхэлжээ. Дарангуйлагчийн нэг хүү нь эцгийнхээ томилгоогоор Нью-Йорк руу том Жорж Бушийнх шиг хуягласан “кадиллак” зургаан ширхгийг худалдан авахаар явжээ. Үүнд 600 мянган ам.долларыг бэлнээр олгосон байна. Нью-Йоркоос хүү нь хулгайд мөнгөө алдсан гэж мэдэгдэж, өгөөмөр аав нь түүнд дахиад л 600 мянгыг явуулжээ. Эцэс төгсгөлд нь хүү нь мөнгө ч үгүй, машин ч үгүй эцэг эх дээрээ ирж, тухайн загварыг үйлдвэрлэхээ больсон гэж мэдэгджээ. Харин хоёр дахь шилжүүлсэн мөнгө хаачсан нь тодорхойгүй үлдэж, Ерөнхийлөгч ч энэ асуудалд уурлалгүй, амархан мартсан гэдэг.

ОУВС, Дэлхийн банк Заирт туслах хөтөлбөрөө эрс багасгаж, эцэс сүүлд нь зогсоосноор тус улсад 1994 онд инфляци нь 9800 хувьд хүрчээ. Төвбанк нь мөнгө хэвлэж амжихаа больж, Бразилаас захиалж эхэлсэн байна. Гэтэл Киншаст мөнгөн тэмдэгт нь давхар дугаартай гарч ирж, буруутан нь олдоогүй болохоор мөнгийг яах ч аргагүй эргэлтэдгаргаж эхэлсэн байна. Тус улс улс төрийн намуудыг хүлээн зөвшөөрч, богинохон хугацааны дотор 400 орчим намтай болов. Гэвч Мобуту засгийн эрхэнд байсаар байлаа. Тэр ч бүү хэл армийн хоёр ч удаагийн бослого, түүнийг дагалдсан дээрэм, сүйтгэл ч түүнийг байр сууриа үхтэлээ тавьж өгөхгүй байхад нөлөөлжээ.

Мобутугийн дэглэм 1997 онд унаж, түүний оронд эртний дайсан Лоран Камбила хэмээх этгээд Руанда, Угандагийн дэмжлэгтэйгээр гарч ирсэн юм. Түрүү булчирхайн хорт хавдар туссан тэрбээр өөрийнхөө халдашгүй байдалд итгэл төгс байсан бөгөөд эцэстээ Марокко руу онгоцоор зугтаж, тэндээ удалгүй нас баржээ. Кабила хэмээх шинэ Ерөнхийлөгчтэй болсон улс удалгүй Ардчилсан Бүгд Найрамдах Конго хэмээх нэртэй болж, Мобутугаас 14.5 тэрбум ам.долларын өр хүлээн авчээ. Мөн эдийн засаг нь бүрэн сүйрч, улс төрийн систем нь авлигад тэр чигтээ идэгдсэн байв. Мобутугийн хулгайлсан нийт хөрөнгийг Хууль зүйн шинэ сайд Селестен Лванги нь тооцож үзээд 14.5 тэрбум ам.доллар гэжээ. Мобутуг нас барсны дараа Швейцарийн банкан дахь данснаас нь найман тэрбум орчим ам.доллар илрүүлсэн байна. Мөн ОУВС таван тэрбум ам.долларын алдагдлыг нь үүрэхээр болсон.

Конгод өдгөө 20 гаруй жилийн турш зэвсэгт мөргөлдөөн тасрахгүй байна. Лоран Кабила 2001 онд халдлагад өртөж амиа алдсаны дараа засгийн эрхэнд гарч Ерөнхийлөгч болсон Жозеф Кабила “Панамын баримт” болон авлигын бусад дуулианд нэр холбогдож, өмнөх Ерөнхийлөгчдийнхөө алдааг давтсаар байгаа бололтой.

By updown

5 thoughts on “Ирвэсэн маршал буюу Заирын насан туршийн Ерөнхийлөгчийн тэрбумын хулгайн түүх”
  1. Энд бол нэг л хүн байна, харин манайд сүрэг сүргээрээ хулуучид дархлагдсан

  2. Манай улс илүү дампуу юм биш үү, эдний өр 14,5 тэрбум манайх 20 гаран тэрбум доллар ,

  3. ХҮНИЙ ХҮН БИДЭНД ХАМААГҮЙ, ӨӨРСДИЙГӨӨ Л ХЭЛ. МАНАЙ ХЭДИЙН ТАЛААР Л БИЧЧИХСЭН БАЙГАА ЮМ БИШ ҮҮ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн