Биткойны зах зээлийг цөөн хэдэн хүн зохицуулах боломжгүй гэсэн хандлага худал гэж Тель-Авивын их сургуулийн судлаачид мэдэгдлээ. Жижиг бүлэглэлүүд, хэсэг бүлэг хүмүүс зах зээлийн арга заль хэрэглэж, криптовалютын үнийг зохиомлоор өөрчилдөг гэж “Journal of Monetary Economics” сэтгүүлээс эш татан “N+1” сайт мэдээлжээ.
Тель-Авивын их сургуулийн судлаачид биткойны ханшийн өсөлтийн тохиолдлуудад нарийн судалгаа хийжээ. Судалгаагаар криптовалютын ханг 2013 оны эцсээр хоёр сарын турш 150-аас нэмэгдэж, 1000 ам.доллар гарч өссөн байна.
Эдийн засагчид өдгөө хаагдаад буй “Mount Gox” криптовалютын биржийн худалдааны түүхийг судлахад 2013-2014 онд нийт олборлосон биткойны 70 орчим хувийг арилжиж байжээ. Криптовалютын тус биржид үнийн өсөлт эрчимтэй өсөх үед худалдаанд “Markus”, “Willy” гэх худалдааны хоёр робот оролцдог байсан бөгөөд эдгээр нь нэг хүний эзэмшилд байсан нь тогтоогджээ.
Худалдааны роботууд интервенци хийж, зах зээлийн хөдөлгөөнөөс шалтгаалан биткойн их хэмжээгээр худалдан авах замаар зах зээлийг ганхуулж, “хөөс” үүсгэж байжээ. Хачирхалтай нь худалдааны роботууд баталгаатай, шалгагдсан гүйлгээ хийж байсан хэрнээ шууд бусаар худалдан авсан, зарсан биткойныг нь хянадаггүй байв.
Ерөнхийдөө “Markus”, “Willy” роботууд худалдаанд оролцох үед биткойны ханш өдөрт дунджаар дөрвөн хувиар өсдөг байжээ. Роботуудын нарийн ов мэхний үр дүнд эзэмшигч нь 600 мянга гаруй биткойн авч, тухайн үеийн ханшаар 188 сая ам.доллартай болж байлаа.
Роботууд биржид нэгэн зэрэг үйл ажиллагаа явуулаагүй аж. Хамгийн анх “Markus” робот нь гарч ирж, түүний дараа “Willy” ажиллаж эхэлжээ. Эдгээр робот худалдааны төрөл бүрийн стратеги хэрэглэж байснаас “Markus”-ынх илүү луйврын шинж чанартай байв. Түүний худалдааны жагсаалтыг ажиглахад давхардсан бичлэг нэлээд хэд байх бөгөөд үүнээсээ биржийн уламжлалт шимтгэлийг төлөөгүй тохиолдол олон гарчээ.
Харин “Willy” эсрэгээрээ бодит хэрэглэгчидтэй бодит худалдаа явуулдаг байлаа. Ингэхдээ роботуудын аль нь ч худалдан авсан криптовалютаа хэнд ч зараагүй нь “Mount Gox” биржийг тогтож тэсэхэд нөлөөлж байжээ.
Тель-Авивын их сургуулийн судлаачид худалдааны роботуудын бодит эзэмшигч хэн бэ гэдгийг олж чадсан гэдгээ мэдэгдээгүй байна. Гэхдээ тэд судалгаандаа “Reddit” хэрэглэгчдийн явуулсан судалгаа шинжилгээг сууриа болгожээ.
Энэ судалгаагаар хэрэглэгчид “Markus”, “Willy” роботуудыг “Mount Gox” биржийг үүсгэн байгуулагч Марк Карпелес гаргасан гэж таамагладаг. Биржид биткойны ханш өсөж эхлэх үед “Mount Gox” аль хэдийнэ томоохон хямралд орсон байсан бөгөөд 2015 онд дампуурсан юм.
Сүүлд олж тогтоосноор 2011 оноос “Mount Gox”-т 650 мянга орчим биткойн хулгайд алдагджээ. Тель-Авивын их сургуулийн судлаачид хулгайлагдсан биткойн, криптовалютууд нь робот худалдан авалттай холбоотой гэж таамаглаж байна.
Магадгүй тус бирж биткойны хулгайн баримтыг нууж, санхүүгийн байдлаа дэмжихийн тулд зориудаар роботууд гаргасан байхыг үгүйсгэхгүй. Тухайлбал, 2013 оны сүүлч, 2014 оны эхээр “Mount Gox” талбар дээр нь криптовалютаа зарсан хэрэглэгчдэд мөнгийг нь бүрэн төлөөгүй билээ.
2 comments
MEDEEJ BAYAN ORONI HUMUUSD ASHIGTAI L BIZNESS BAIH
BIDNUUS CHINI GUILGACHINGUUD SHUUDEE,BUH YUMAND CHIREGDEJ YAVDAG