АНУ-ын Ерөнхийлөгч өчигдөр Хойд Солонгосын талаар анх удаа мэдэгдэл хийв. Дональд Трамп Солонгосын албаны хүмүүсийг Палп-Би дэх Мар-а-Лагогийн хувийн харшдаа хүлээн авч уулзаад Вашингтон руу буцах үедээ “Хойд Солонгос улс хөрш орнуудаа заналхийлж байна. Тэд үнэхээр тогтворгүй. Хойд Солонгос тун муухай авирлаж байна. Энэ бүхний ард Ким Чен Ун байгаа. Ким Чен Ун бол үнэхээр муу хүн” гэж сэтгүүлчдэд хэлжээ.
“Хойд Солонгосын асуудлаар илүү нухацтай хандах болно” гэсэн Трамп энэхүү уулзалтын дараа мөн “Бид ялах болно” гэж твиттер хуудастаа жиргэжээ.
Японд айлчлахдаа “Хойд Солонгос олон улсын шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, хөрш орнууддаа заналхийлсээр байвал АНУ хариу барих болно. Энэ бол эхний бөгөөд эцсийн анхааруулга” гэж хэлсэн Рекс Тиллерсоныг Токиогоос нисч Бээжинд айлчлах үеэр буюу өнгөрсөн амралтын өдөр Пхеньян пуужингийн шинэ хөдөлгүүр туршиж “Бид олон улсын шаардлагад нийцсэн хиймэл дагуул хөөргөх боломжтой болсон” гэдгээ мэдэгдсэн юм.
Пхеньян “пуужингийн хөдөлгүүр туршсан” хэмээн мэдэгдэж байгаа ч Япон, БНХАУ болон Өмнөд Солонгос энэхүү мэдээллийг баталгаажуулсан албан ёсны тайлбарыг хийгээгүй байна.
Гуравдугаар сарын эхээр Пхеньян алсын тусгалтай дөрвөн пуужин хөөргөсний гурав нь Японы нутагт газардсан. Үйл явдлын дараа БНСУ пуужингаас хамгаалах “THAAD” төхөөрөмжийг байршуулах асуудлыг яаравчилсан бол Японы Засгийн газар НҮБ-ын Аюулгүй байдлын агентлагт хандан Хойд Солонгост авч хэрэгжүүлж байгаа хориг арга хэмжээг өргөжүүлэхийг шаардсан. Бээжингийн зүгээс бодлогогүй үйлдэл дахин хийхгүй байхыг Пхеньянд уриалаад байгаа юм.
Пхеньяныг цөмийн хөтөлбөрөө царцаахыг Обамагийн засаг захиргаа байнга анхааруулж, шат дараатай хориг арга хэмжээ авч ирсэн. Трамп АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө “Хэрвээ би Цагаан ордны тэргүүн болвол Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг царцаана. Мөн би тус улсад айлчилсан анхны АНУ-ын Ерөнхийлөгч болно” гэж мэдэгдсэн ч Ким Чен Ун “Трампийг хэзээ ч хүлээн авахгүй, уулзахгүй” гэсэн байдаг.
Цөмийн хөтөлбөрөөсөө болж олон улсаас авч байсан бүх тусламжаас татгалзсан Хойд Солонгосын удирдагч шинэ оны өмнө “Хэрвээ бид цөмийн хөтөлбөрөө зогсоовол АНУ манай улс руу хамгийн эхэнд нэвтрэх болно” хэмээн мэдэгдэж байв.
Энэ өдрүүдэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Тиллерсон Бээжинд айлчилж, өчигдөр тус улсын дарга Си Зиньпинтэй уулзсан. Тэдний ярианы гол сэдэв Хойд Солонгос болон тус улсаас ирэх цөмийн заналхийлэл байсан аж. Тиллерсон “АНУ, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах хүртэл тус улсын эсрэг хэрэгжүүлж буй хөтөлбөрөө улам чангаруулах болно” гэсэн бол Си Зиньпин “Пхеньяны цөмийн хөтөлбөр үнэхээр олон улсын тулгамдсан асуудал болоод байна” гэж мэдэгджээ.