Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж 52 дахь жилийнхээ босгон дээр Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгтэй хамтран “Монгол Улсын бичил уурхайчдыг албажуулах, Монгол Улсад үнэт эдлэл, бүтээгдэхүүнийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Үнэт эдлэлийн дархны сургалтын шинэ танхимаа нээлээ. Танхимын нээлт өнөөдөр (2018.01.18) Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж дээр боллоо.
Энэ үеэр тус сургуулийн захирал Б.Даваажав Үнэт эдлэлийн танхимыг нээж хэлсэн үгэндээ “Үнэт эдлэлийн дархны танхим ашиглалтад орсноор Монгол орны байгалийн үнэт баялаг нь эцсийн бүтээгдэхүүн болж дотоодын болон гадаад зах зээлд гарах боломжийг нээж, Монголын түүхэн уламжлал дээр суурилсан Монгол дархны мэргэжлээс орчин үеийн урлагийн төрлийг хослуулсан сургалт явуулж буй Мэргэжлийн боловсролын цорын ганц сургууль боллоо.
Өнөөдрийн энэ Үнэт эдлэлийн дархны сургалтын танхимын тоног төхөөрөмж дээр суралцах залуусаас Монгол Улсын үнэт эдлэлийн дархны мэргэжлийн өндөр түвшинд хүрсэн, өөрийн гэсэн хэв маяг, арга барилтай олон алдар гавьяатан төрж гарна гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн онцолсон юм.
Үнэт эдлэлийн дархны ангийн сургалтын хөтөлбөрийг ХБНГУ-ын мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөртэй уялдуулан шинэчилж боловсруулсан байна. Уг хөтөлбөрийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 29-нөөс 1,5 жилээр болон богино хугацааны сургалт, дадлагын хичээлийг орчин үеийн шинэ тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл дээр явуулах өргөн боломжийг оюутан суралцагчдад олгож байгаа юм.
ҮУПК, Германы ОУХАН-ийн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээний дагуу Үнэт эдлэлийн дархны сургалтын танхимыг шинэчлэн тохижуулан, тоног төхөөрөмж суурилуулжээ.
Дашрамд дурдахад, тус коллеж өмнө нь БНЭУ-ын Засгийн Газрын буцалтгүй тусламжаар нийт 2,8 сая ам.доллар, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны “Жайка” байгууллагын 370 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургалтын материаллаг баазаа бэхжүүлсэн байдаг. Тус сургууль сүүлийн жилүүдэд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн анхаарч, мэргэжлийн боловсролын салбартаа тэрүүлэх амжилтуудыг үзүүлээд байна.
1 comment
Yu bicheed baigaa PIZDAA we. Odoo nom unshdag hun bdag ymuu