Нийслэлийн Засаг даргын 2013 оны 01 сарын 23-ны өдрийн 03 тоот “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийн дагуу нэр бүхий 12 гэр хорооллын газарт дахин төлөвлөлт хийж 4700 гаруй айл тохилог орон сууцанд амьдрах боломж бүрдэх байсан. Тэгвэл өнөөдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд цөөн тооны байрууд ашиглалтад орсон ч зуу, зуун өрх орон гэргүй шаналж явна. Өөрийн газар дээр өр ширгүй, дарамтгүй тайван амьдарч байсан иргэд өнөөдөр түрээсийн төлбөр ч үгүй гудманд гараад байна. Өнөөдөр НИТХ-ын даргатай эдгээр иргэдийн төлөөлөл уулзаж асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлт тавьлаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж орон гэргүй болсон айлууд доод тал нь 4 жил дээд тал нь 8 жил болж байгаа юм. Иргэдийн газрыг чөлөөлж нүүлгээд 4 жил болж байгаа ч барилгаа өнөөг хүртэл ашиглалтанд оруулаагүй, гаднах байдлаар нь олон жил иргэдийг хуурч байгаа Грийн ресурс ХХК мөн л адил иргэдэд түрээсийн мөнгийг нь өгөхгүй хохироосоор байна.
Харин “Их Өргөө” ХХК-тай хоёрлосон гэрээ байгуулсан 85 өрхийн 600 иргэн өнөөдөр тодорхой оршин суугаа хаяггүй, хүүхдүүд нь холоос сургууль, цэцэрлэгтээ явж тэдний эрх, аюулгүй байдал нь зөрчигдөж байна. 46 өндөр настан байснаас 7 нь нас барсан. Нэг иргэн түрээсийн төлбөрийн дарамтанд орж нас барсан гэж хэллээ. Эдгээр айл өрхүүд хүний хамгийн чухал хэрэгцээ болох орон байргүй байгаагаас маш их хохирол амсч байгаа бөгөөд бүх шатны байгууллагад гомдол гаргасан боловч “том толгой”-той гүйцэтгэгч компани өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөр, нөхөн олговороо ч өгөхгүй үл тоож явсаар өнөөдрийг хүрсэн нь 4 жил гаруйн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд 10 гаруй удаа нүүсэн айл ч бий.
НИТХ-ын дарга С.Амарсайхан: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлаас болж орон байргүй болсон зуу, зуун иргэд байна. Анх энэ ажил эхлэхэд л нийслэлээс ямар баталгаа гаргах вэ, иргэдийг хуураад явчихвал яах вэ гэдэг асуудлыг би тавьсаар ирсэн. Би олон иргэдтэй уулзаж байна. Харамсалтай нь өнөөдөр нийслэлийн олон иргэд ийм хүнд асуудалд орлоо. Нэгдүгээр сард НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар энэ асуудлыг нарийн хэлэлцэж онцгой анхаарал хандуулна гэлээ. Цаашид ямар бодлого, шийдвэр гаргах талаар анхаарч ажиллана. Хэдэн зуугаараа баталгаагүй гэрээнд “унаж” орон гэргүй болсон асуудалд буруутай этгээдүүдэд хариуцлага тооцно гэв.