Баялаг бүтээгч бүрт хүрсэн бодлого хэрэгжүүлэх зорилгоор аж үйлдвэрийн нэгдсэн системд үйлдвэрлэл эрхлэгчдийг нэгтгэх ажлыг Үндэсний хөгжлийн газраас зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэл, аймаг, дүүргийн Засаг дарга нар ажлын хэсэг байгуулсан.
Тус ажлын хэсгийн гишүүд болон үйлдвэрлэгчдийг хамруулсан “Аж үйлдвэрийн цахим мэдээллийн сан” сэдэвт уулзалт өнөөдөр болж байна. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, нийслэлийн 9 дүүргийн Засаг дарга, жижиг, дунд, томоохон 25 аж ахуйн нэгжийн төлөөлөл болон холбогдох агентлагийн дарга нар оролцож байгаа юм. Нэгдсэн цахим мэдээллийн сангийн бүртгэх үйл ажиллагаа өмнөх жилүүдэд хийгдэж байсан бөгөөд энэ удаад аймаг, нийслэл, дүүрэгт нэгдсэн зохион байгуулалтаар өргөн цар хүрээтэйгээр явагдаж буйгаараа онцлог аж.
Цахим хурлын гол зорилго Монгол Улсын хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй боловсруулах үйлдвэрүүдийг нэгдсэн мэдээллийн санд нэгтгэж, бодлого боловсруулагч болон үйлдвэрлэл эрхлэгч, худалдан авагч, хөрөнгө оруулагчдыг холбосон мэдээллийн нэгдсэн платформ үүсгэж, баялаг бүтээгч бүрт хүрсэн бодлого хэрэгжүүлэхэд оршиж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.