2018-01-17 10:281min01

Трампыг 200 наслахад эргэлзсэн эмч түүнийг спорт заал руу хөөлөө

Untitled-6

Цагаан ордны ерөнхий эмч Ронни Жексон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг эмнэлгийн бүрэн үзлэгт оруулж дууссан гэнэ. Түүний дүгнэлтээр АНУ-ын төрийн тэргүүний эрүүл мэнд тун гайхалтай, цаашид ч үүрэгт ажлаа хийх чадвартай байгаа гэнэ.

Ронни Жексон эмчийн хэлснээр АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч өмнө нь эрүүл амьдралын хэв маяг баримталж байсан бол 200 ч наслах боломжтой байсан гэнэ. Гэсэн ч бургерт дуртай, 71 настай Трамп эрүүл мэнд нь тун сайн байгааг “Бурхнаас өгсөн агуу ген” гэж тайлбарлажээ. Харин төрийн тэргүүний тогтмол хэрэглэх шаардлагатай эмэнд холестериний түвшнийг бууруулах эм болон үс уналтаас хамгаалах бэлдмэл гэнэ.

Трамп өөртөө анхаарч, тамхи татдаггүй, архи уудаггүй бөгөөд дуртай хоолноосоо татгалзахгүйгээр 5-7 кг турах сонирхолтой байгаа гэнэ. Тиймээс “Бид энэ асуудалд анхаарах болно” гэж эмч нь амласан байна.

Трамп мөн өөрийнхөө хүсэлтээр тархины үйл ажиллагаа алдагдсан эсэхийг шалгуулах шинжилгээнд орсон гэнэ. Ерөнхийлөгч өөрийг нь мэдрэл муу, зөнөг гэсэн яриаг няцаахаар энэ шинжилгээнд хамрагджээ. Жексон “Тэр хүндрүүлсэн тестэнд орж 30 онооноос 30-ыг авсан. Тархинд нь саатал үүссэн зүйл байхгүй” гэж цугларсан эмч нарыг тайвшруулсан байна.

Энэ сарын 14-нд 90 орчим эмч Цагаан ордны эмчид хандаж АНУ-ын Ерөнхийлөгчийг биеийн эрүүл мэндийн шинжилгээнд оруулж, сэтгэцийнх нь эрүүл мэндийг шалгуулах хүсэлт бүхий захидал бичсэн билээ.

Эмч нар Трампын ойлгомжгүй үг хэллэг, үгээ давтаж хэлдэг, үгийн нөөц муутай, түүнчлэн хөдөлгөөний чигээ алддаг зэрэгт санаа зовжээ.