Өнгөрсөн баасан гаригийн оройн 18:00 цагаас эхэлж ШТС-ууд АИ-92 автобензиндээ хязгаарлалт хийж эхлээд байна. Шатахуун авах гэсэн иргэд ШТС-уудын гадна 40-50 минут дугаарлах нөхцөл үүсээд буй. ШТС-ууд үнээ нэмэхийн тулд зориудаар шатахууны хомсдол үүсгэсэн байж болзошгүй гэж олон нийт таамаглаж байгаа.
Энэ асуудлаар өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн дэд сайд Д.Загджав тайлбар өгөхдөө “Компаниуд үнээ нэмсэн зүйл байхгүй. Зохиомол хомсдол биш болов уу. Шатахууны онцгой албан татварыг нэмсэн зүйл байхгүй. Шатахууны сарын нөөц бий. Үнэтэй холбоотой асуудлыг ажлын хэсгийн шалгалтын дүнгийн дараа тодорхой ярих юм. Асуудалд бид тооцоо судалгаатай хандаж байгаа. Үнийг бодлогоор зохицуулах арга хэмжээ авахаар ажиллаж байна. Зах зээл, үнэ тогтворжуулах ажил явагдаж байгаа. Та бүхэнд нефтийн бүтээгдэхүүний үнэд санаа зовохгүй байж болно. Өмнө нь үнэ тогтворжуулах чиглэлээр үе үеийн Засгийн газар тодорхой ажил хэрэгжүүлж ирсэн. Шатахуун импортлогч компани, үйлдвэрчний эвлэл, төр гурван талт уулзалт хийж байгаа. Үүний дараа хариу өгнө.” гэлээ.