Японы сансрын нисэгч Норишигэ Канаи Олон улсын сансрын станцад гурван долоо хоног байх хугацаандаа 9 см өндөр болсон тухайгаа “Twitter” хуудсандаа жиргэжээ.
“Өнөөдөр би нэгэн чухал мэдээлэл хийх гэсэн юм. Би биеийн параметрийн хэмжилттэй эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдтал миний биеийн өндөр 9 см-ээр нэмэгджээ. Би гурван долоо хоногийн дотор ийм өндөр болж” хэмээжээ. Тэрбээр одоо “Союз” сансрын хөлгийн суудалд багтах нь уу гэж бодож байгаа гэнэ.
“Ийм зүйл дунд, ахлах ангиас хойш тохиож байсангүй. Би “Союз” хөлгийнхөө суудал дээр багтах болов уу” гэж бичсэн байна.
Японы сансрын судалгааны агентлагийн тэмдэглэснээр сансарт гравитацийн орон байхгүйгээс болж хүний бие өссөн тохиолдол өмнө нь ч гарч байсан гэнэ. Ер нь ихэвчлэн 1-2 см өсдөг байна. Харин 9 см өснө гэдэг сансар судлалын түүхэнд анхны тохиолдол юм.
Оросын сансрын нисэгч Антон Шкаплеров, Америкийн сансрын нисэгч Скотт Тингл болон Японы сансрын нисэгч Норишигэ Канаи нар 2017 оны 12 дугаар сарын 19-нд сансарт гарсан билээ. Японы сансрын нисэгчийн хувьд энэ бол анхны нислэг юм.