Орчин үеийн кино, бүтээлүүдэд зомбигийн халдлага болох тухай их гардаг. Энэ сэдэв үнэхээр үнэмшилтэй байж чаддаг тул олон хүн ийм үйл явдал болох вий гэж бэлтгэж эхэлдэг байна. Тэгвэл зомбигийн халдлагаас айсан хүмүүсийн бэлтгэсэн байруудыг танилцуулъя.
Орогнох байр болон өөрчлөгддөг “The Safe House”
Энэ байранд ганцхан товчлуур дарахад л зомби болон бусад таагүй зүйлийн халдлагаас хамгаалах байр болон хувирна. Аюулгүй байдлыг дээд зэргээр мэдрэх хүсэлтэй хүмүүст зориулан “KWK Promes” архитектурын фирмийн мэргэжилтнүүд “The Safe House”-г зохион бүтээжээ. Энэ байшин шөнийн цагт энгийн нэгэн бетонон дөрвөлжин байгууламж болон хувирдаг.
Бүх талаас нь усаар хүрээлсэн ферм
Америкийн Миссисипи мужийн Язу голын усаар хүрээлэгдсэн энэхүү эдлэн нь зомбигийн халдлагаас амьд гарах бас нэгэн хувилбар юм. Ийм мини цайз барьсан гол шалтгаан нь тус мужид болсон томоохон үертэй холбоотой. Энэ үерээс болж хөдөө аж ахуйн эдэлбэр газар усанд автсан юм.
Хуучин цооног дээр барьсан “Atlas-F Silo” байшин
Дэлхий ертөнцийг гэнэт зомби эзлэн авбал энгийн хүмүүс газар дор амьд гарахыг хүлээхээс өөр аргагүй. Америкийн Нью-Йорк мужийн Адиндродак ууланд л эхлээд харахад хүний сонирхлыг татахааргүй байшин дүнсийж байдаг. Гэвч энэ байшингийн доор, 37 метр гүн, баллистик пуужин хөөргөх хуучин уурхай байсныг тав тухтай сууц болгон тохижуулжээ. Газар доорх байшин нь 167 м.кв талбайтай, түүнээс доош дахиад 213 м.кв талбайтай байр бий. Газар дор зочны өрөө, гал тогоо, хоёр унтлагын өрөө, хоёр угаалгын өрөө, хоёр жакузи зэргийг тохижуулжээ. Энэ бүгд ослын үед тасралтгүй ажиллах эрчим хүчний сүлжээнд холбогдсон.
Карибын тэнгисийн “Dunbar Villa”
Энд дэлхийн сүйрэл дуусахыг хүлээнгээ тэнгисийн гүнд шумбаж, загас барьж болно. “Dunbar Villa” нь ганцаараа байхыг хүссэн, эх газраасаа салах хүсэлгүй хүмүүст яг тохиромжтой.
Зомбины дайралтаас зугтах “Zombie Fortification Cabin” байр
Zombie Fortification Cabin-ыг боловсруулагчид ган гадартай, тортой цонхтой байшин зомбигоос хамгаална гэж үзэж байна. Ийм байшинд амьдардаг гэр бүлүүд нарны эрчим хүч ашиглаж, усаа газар доорх гүний уснаар хангах бөгөөд тусгай, урьдчилан бэлтгэсэн агуулахаас хүнсээ авах болохоор удаан хугацаанд гэрээс гарах шаардлагагүй гэжээ.
Исландаас өмнө зүгт орших Эллида гал уулын арал
Исландын арлуудын бүлэгт багтдаг Эллида хэмээх жижигхэн аралд зомбинууд яагаад ч сэлж хүрэхгүй. Тиймээс энэ газар руу зүглэж болно. Энд амьдарч болох урц, сууц бий. Мэдээж энэ сууц нь орон нутгийн ангийн нийгэмлэгийн өмч.