Замын цагдаагийн албанаас 14-өөс доош насны хүүхдүүдийг унадаг дугуй, мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг зөвлөлөө.Урин дулааны улирал наашилсан энэ өдрүүдэд иргэд мотоцикль, дугуйтай замын хөдөлгөөнд оролцож эхэлсэн байна. Үүнийг дагаад зам тээврийн осол нэмэгддэг аж.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд дугуйтай хүн дайрсан 135 осол бүртгэгдсэний 93 хувь нь буюу 126 нь мөн унадаг дугуй, мопедтой холбоотой зам тээврийн осол 106 бүртгэгдсэний 101 нь буюу 95 хувь нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэгджээ. Мөн мотоцикльтой холбоотой зам тээврийн осол нийт 449 бүртгэгдсэний 82 хувь буюу 369 нь орон нутагт бүртгэгджээ.
Осол өртсөн иргэдийн дийлэнх нь 15-35 насны ид хөдөлмөрийн насны залуус байдаг аж. Ялангуяа орон нутагт мотоциклийг жолооны сургалтанд хамрагдаагүй, замын хөдөлгөөний дүрэм судлаагүй, тээврийн хэрэгсэл жолоодох насанд хүрээгүй иргэд жолоодож байгаа нь осол гарах том шалтгаан болдгийг цагдаагийнхан анхаарууллаа. Тэд ихэвчлэн мотоцикль жолоодох үедээхамгаалалтын малгай хэрэглэдэггүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хурд хэтрүүлдэг, согтуурсан үедээ хөдөлгөөнд оролцдог нь амь нас, эрүүл мэндээрээ хохирох шалтгаан болдог аж.
Тиймээс иргэд хүүхдээ унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, мотоцикль, мопед, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд аюулгүй байдлаа сайтар хангаж хамгаалалтын малгай өмсөж хэвших, жолооч нарт харагдахуйц тод өнгийн хувцас өмсөх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, баруун, зүүн тийш эргэхдээ дохио өгч хэвших шаардлагатай юм байна.