-Судалгаагаар хамгийн урт насалсан хүмүүс хааны ордны бүжигчид байсан гэнэ-
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч сэтгүүлч Галсангийн Жамьянтай ярилцаж байна.
-“Тантай телевизээр ярилцаж байсан сурвалжлагч “Сэтгүүлчийн хөдөлмөр, нийтийн бүжиг хоёрынхоо алинд нь илүү хайртай вэ?” гэсэн асуултад та “Ав адилхан хайртай” гэнэ билээ. Жар гаруй жил дагнан хийсэн сэтгүүлчийн хөдөлмөртэй чинь нийтийн бүжиг яагаад “ав адилхан” болчихдог билээ. Энэ удаа танаас үүнийг л сонирхох гэсэн юм. Яагаад “бүжгийн донтой” болчихов?
-Энэ үнээн. “Венийн вальс” эгшиглэхэд миний хөл аяндаа хөдөлж байдаг байхгүй юу. Үүнд хэдэн зүйл нөлөөлсөн. Би, дунд сургуулийн ахлах ангиасаа л бүжиглэж эхэлсэн хүн. Нэгдүгээрт, манай сургуульд Ж.Гомбожав, Д. Пунцаг, Балжинням гэхчлэн гайхалтай сайн бүжиглэдэг багш нар байлаа. Сургууль маань сайхан ч хөгжимтэй, нийтийн бүжиг их явуулдаг байж. Хоёрдугаарт, аймгийн клубт бүтэн хагас сайн болгонд бүжиг явна. Гуравдугаарт, Сайншандын урд дэнж дээр Оросын цэргийн ангийн ДКА байлаа. Энд орой болгон гуулин хөгжимтэй нийтийн бүжиг явна. Орос цэргийн дарга нар, эхнэр хүүхэд нь гээд зөндөө хүн цуглана. Ахлах ангийн, өсгөлүүн охид хөвгүүдийг бүжигт орохыг тэд зөвшөөрнө. Дөрөвдүгээрт, аравдугаар анги төгсгөх жил Улаанбаатар хотын цэргийн ерөнхий сургуулийн хоёр хуваарь очсон. Цэргийн дунд сургууль шүү дээ. Энд, тааруухан сурлагатай, сахилгагүй эрэгтэй хүүхдээ хуваарилж байгаа юм. Я.Шаргай бид хоёр хуваарилагдан тэр сургуульд ирсэн. Жинхэнэ бүжгийн орон. Оройн чөлөөт цагийг нэг хэсэг нь спортын, нөгөө хэсэг нь бүжгийн танхимд л өнгөрөөнө. Ийм нөхцөлд л “бүжгийн донтой” болсон гэх үү дээ.
-Нэгэн үед нийтийн цэнгээнт бүжиг их хөгжиж олон түмэн тийшээ хошуурч байсан гэдэг. Энэ явцад сонин тохиолдлууд зөндөө л таараадаа. Заримаас нь сонирхуулж болох уу?
-Бололгүй яахав. ДКА-д бүжиглэж байхад ийм нэг явдал боллоо. Бүжгийн танхимын үүдний өрөөнд хоёр орос офицер зодолдлоо. Энэ өрөө сүүмгэрдүү гэрэлтэй. Офицерууд маань бодвол ийм газрыг сонгосон байх. Хамар амнаасаа цус гаргаад, хувцас хунараа ураад, сүртэй зодолдсон юм. Дэргэд нь орос монгол нийлсэн бидний арваад хүн хараад зогсож байлаа. Гэнэт нэгнийх нь хувцас урагдаад төгрөг бололтой юм шалаар тарчихлаа. Хүмүүс түүнийг түүгээд авч байна. Би , хөлнийхөө дэргэд унасан , нэг томоохон дэвсгэртийг аваад атгачихлаа. Зодоон намжаад хүмүүс буцааж өгвөл, хамт өгчих бололтой атгаад л байлаа. Тэгсэн чинь нөгөө хоёрыг коминдат нь ирээд, гавлаж аваад явчихдаг байгаа. Хүмүүс ч тараад явчихсан. Би , атгаатай мөнгөө Мөөмдөө авчирч өгсөн чинь цоо шинэ хөх зуут байсан. Мөөм минь хэд хоног айж хадгалж байснаа, надад шинэ сатинаар шарваар хийж өгөөд хэрэглэчихсэн дээ. Тэр үед бид шарваар гэж олон хуниастай хүлхгэр өмд өмсч гангардаг байсан юм.
-Таныг чинь их сургуулийн “Гоох Жамьян” буюу их бүжиглэдэг залуу байсан гэж Т.Галсан гуай бичсэн байдаг байх аа?
-Намайг очсоны хойтнон жил цэргийн ерөнхий сургууль татан буугдчихсан. Тэгээд л Улсын их сургуульд орж Галсантайгаа нэг анги, нэг өрөөнд хамтарч амьдарсан даа. Энэ тухай бид хоёрын ярилцлаганд олон удаа гарсан тул нуршилтгүй биз.
-Энд жинхэнэ бүжиглэв үү? Улаанбаатар хотын нийтийн бүжгийн аварга боллоо ч гэл үү. “Гоож Нанаа”-гийн аяыг Гоох Жамьян болгочихоод бүжиглэж байлаа ч гэл үү, зөндөө л паян дуулддаг?
-Бүжиглэсээн бүжиглэсэн. Манай сургууль бүжгийн танхим байхгүй. 310, 320 хоёрыгоо зайчилчихаад л бүжиглэдэг байсан даа. Голдуу гадагшаа явж бүжиглэнэ.
-Хаана очиж бүжиглэхэв?
-Хичээл тарсны дараа 17 цагаас хэвлэх үйлдвэрийн улаанбуланд нэг төгрөгөөр бүжгэнд орно. Одоогийн балгас болчихоод байгаа барилга чинь эргэн тойрон хашаатай, хашааны үүдэн талд хэвлэх үйлдвэрийн улаанбулан гэж дан цагаан байшин байсан юм. Тэндээсээ 19 цагт тараад “Элдэв-Очир” кино театрын бүжгэнд хоёр төгрөгөөр орно. Одоо хөрөнгийн бирж байгаа баганат танхимд жааз хөгжимтэй бүжиг явдаг байв. 21 цагт тэндээс тараад “Ленин клуб”-ын гадаа цэцэрлэгт гурван төгрөгний төлбөртэй бүжгэнд орж шөнө 23 цагт тарна даа. Энэ бүжиг, гадаа зассан гоё талбайтай, гуулин хөгжимтэй, голдуу оросууд бүжиглэнэ. Бид хэсэг хэсгээрээ нэг баг болж явдаг байсан. Манай багийнхан гэхэд л яруу найрагч Н.Очирбат, түүхийн ангийн оюутан Будаевын Чинбат, (эцэг нь манай нэрт эмч) Багшийн дээдийн оюутан С.Батпүрэв… гэхчлэн, бас партнёр охидууд хамт явна даа. Сүүлд уулын аманд ХАА-н дээд сургуулийн барилга баригдахад тэндэхийн том танхимд, хятад Шияанз, хятад сургуулийн танхимуудад бүжиглэдэг, нийтийн бүжгийн оны аварга шалгаруулах тэмцээнүүд явагддаг болсон. Түрүүлсэн хосыг сэнжтэй шилэн таваг дүүрэн чихэр тус бүр 100 төгрөгөөр шагнана.
-Би таны дурсамжийн “Сөрж, сөхөрч туулсан хорвоо” номыг уншсан. Тэнд “Бүжиг, миний аминд ч орж байсан” гэсэн байна билээ. Үүнийгээ жаахан тодруулах уу?
-Гавьяа найрууллын хэргээр нутаг заагдан, модны үйлдвэрт хүнд хүчир хөдөлмөр хийж байхад бүжиг нэг удаа аминд орсон. Би тэнд хөлдүү хар модтой ноцолдсон “үртсэн хүн” л байлаа шүү дээ. Нэг удаа ажил дээрээ ухаан алдчихаад нэгдсэн III эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт түргэнээр очоод сайн эмчийн ачаар аврагдсан юм. Тэгээд хөнгөн ажлын акт гарсан. Манай комбинатад надад өгчихөөр хөнгөн ажил даанч байгаагүй л дээ. Тэгээд ч миний ажил өөрчлөхийг Намын хянан шалгах хороо л мэддэг байсан. Комбинатын дарга нар маань “Энэ хүний чинь бие гүйцэхгүй нь, бид ажлыг нь арай жаахан өөрчилмөөр байна” гэж ярьсаар байгаад комбинатаасаа явуулалгүй хөнгөн ажил өгөхийг зөвшөөрүүлсэн юм билээ. Нэг өдөр Шаравжамц дарга маань дуудаад, “Дээрээс зөвшөөрсөн.
Манайд модны мэргэжлийн бус биеийн тамирын арга зүйч, клубын эрхлэгч, иргэний хамгаалалтын мэргэжилтэн гэсэн гурван орон тоо байна. Энэ гурвын талаар чамд үзүүлэх юм байна уу. Харьж бичиг цаасаа онгич” гэлээ. Би шөнөжин новшоо онгичсон. Иргэний хамгаалалтын талаар юу ч алга. Биеийн тамирын талаар гар бөмбөгийн улсын I зэргийн үнэмлэх байна. Нийтийн бүжгийн хотын аваргад түрүүлж авсан тамгатай үнэмлэх рүү юм нугалаасаараа бараг тасарчихсан байна. Даргадаа аваачин үзүүллээ. Тэгсэн мань хүн баярлаад: “Чи чинь тамирчин, бас бүжигчин хүн байна шүү дээ. Маргаашнаас эхэлж комбинатын клубын эрхлэгч, биеийн тамирын арга зүйчийг хавсарч хийх тушаал гаргана” гэдэг байгаа. Надад 450 төгрөгнөөс дээш цалин олгож болохгүй гэсэн заалттай байсныг 600 болгоод, сүүлдээ энэ гурван ажлыг хавсарч хийх болсонсон. Тэр тасархай бичигнүүд байгаагүй бол, би аль хэдийнэ үгүй болсон байх байсан биз.
-Та сүүлийн жилүүдэд бүжиглэхийн зэрэгцээ нийтийн бүжгийг их сурталчилж байгаа. Үр дүн хэр зэрэг байна?
-Хүн уулаасаа хөдөлж, үсэрч дүүлж, гар хөлөө хөдөлгөж хоолоо олж идэхээр заяагдсан амьтан. Гэтэл өнөөгийн нийгэм гэдэг маань үргэлж үүний эсрэг үйлчилж байна. Чи хар даа! Автобус , такси, хувийн унаа гээд явган явахаа байлаа. Байшинд лифтээр өргөж оруулаад өргөж гаргадаг боллоо. Хөдөөнийхөн ханын нүдээрээ дурандаж байгаад малаа машин мотоциклээр хариулдаг боллоо. Хамгийн наад зах нь босч очоод зурагтаа асаачихдаггүй, буйдан дээр хэвтээд товчлуур дарчихдаг болов. Жолооны ард логлойсон охид хөвгүүд сууж явна. Ийм хязгаарлагдмал хөдөлгөөнтэй орчин үед амьд явъя, урт насалъя гэвэл нийтийн бүжиг хийцгээ гэж би уриалаад байгаа юм.
-Заавал нийтийн бүжиг гэдэг нь ямар учиртай юм. Хөдөлгөөний дасгал сургууль хийчихвэл л болоо юм биш үү?
-Дасгал сургууль чухал. Гэхдээ нийтийн бүжиг шиг олон талын ач холбогдол өгөх нь ховор. Нийтийн бүжигт гол нь хөдөлгөөн. Хоёр цаг бүжиглэх нь 10 км алхсантай тэнцэнэ гээд байгаа шүү дээ. Нөгөө нь хөгжим. Бүжгийн хөгжим шиг, тэр дундаа монгол аялгуу шиг сайхан зүйл байна уу! Би хичнээн ядарсан байлаа ч нийтийн бүжгийн хөгжмөө сонсохоор л сэргэчихдэг юм. Харин сүүлийн үед харь нутгийн хүчтэй хөгжим сонсч, бараг хоёр цаг балбуулчихаад гарч ирэх шиг болох тал бий. Гурав дахь хүчин зүйл нь эрэгтэй эмэгтэй хосууд бие биенээсээ хамгийн сайхан эерэг энерги авч байдаг. Сэтгэл санааны асар их таашаал юм даа. Энэ бүхнээрээ нийтийн бүжиг давуу талтай.
-Таны уриалгыг хүмүүс хэр зэрэг хүлээн авч байна?
-Миний хэлж, бичиж байгаагийнх ч биш, ер нь олон түмэн нийтийн бүжгийн ач холбогдлыг их ойлгох болж. Улаанбаатар хотод л гэхэд нийтийн бүжгийн 30 гаруй клуб ажиллаж байгаа гэх. Зөвхөн манай Баянгол дүүрэгт л гэхэд “УБ палас”, Төмөр замын ахмадын өргөө, Төмөр замын соёлын ордон, Төрийн банкны “Стадиум” ресторан, Ритм бүжгийн клуб, Мон-алтаус (модны хоёр) , Тод өнгө … гэхчлэн арваад газар бүжгийн клуб тогтмол ажиллаж байна. Өдөрт 1-3 удаа хоёр цагаар бүжиглэдэг, бас бүжиг заадаг боллоо.
-Хүмүүс их очих юм уу?
-Настайвтар голдуу 40-100 хүнтэй бүжиг болно. Орой үдшийн цагаар болдог бүжгэнд нь голдуу залуучууд очиж бүжиглэдэг гэх юм билээ. Тэд бол нөгөөх барууны хүчтэй хөгжмөө тавьж голдуу чөлөөт бүжиг хийдэг юм уу даа.
-Өдрийн бүжгэнд нь ямар хүмүүс орж байна?
-Голдуухан мань мэтийн ахмад настнууд орох юм даа. Хөгжим аянаасаа болно. Зүрх судас, мэдрэл, үе мөчний өвчтэй хүмүүс очоод эв эрүүл болж байна. Баянгол дүүрэгт сайн хөгжимчид олон бий. Жишээ нь манай урлаг соёлын нэрт мастерууд Сампил, Лувсанжав нар “Стадиум-д” хоёулхнаа хөгжим тоглодог юм. Үүнд хүмүүс их дуртай. Бүжиглэхээсээ, тэр сайхан монгол аялгууг сонсох гэж шавна шүү дээ. Харамсалтай нь ресторан учраас ихэвчлэн хүлээн авалттай, бүжгийнхэн бол “ гологдмол” хүмүүс болно. “Улаанбаатар палас”-ын хоёр дугаар давхрын бүжгийг М.Мягмаржав багш сайн зохион байгуулна. Нийтийн бүжгээс гадна, бүжиг сонирхогчдод үнэ төлбөргүй хичээл заана. Бүжгийн тэмцээн тоглолтууд явуулна. Нийтийн бүжиг сонирхогчдынхоо хүрээнд баяр ёслол тэмдэглэх зэргээр санаачилга сайтай ажилладаг юм. Ийм клубууд олон бий. Зарим газар нийтийн бүжгийн клуб байхгүй гээд Налайх, Хонхор зун бол хаа холын зуслангуудаас “хорхойтнууд” ирж бүжиглэнэ дээ.
-Та түрүү “Венийн вальс” гэж дурслаа. Энэ нэрээр нийслэлийн хэмжээний том тэмцээн явдаг юм биш үү?
-Би түүнийг сонирхож байсан. Хүмүүсийн ярих нь 100000 төгрөгийн такстай, шунахай хүмүүсийн ашиг олох оролдлого л гэх юм билээ. Ер нь нийтийн бүжгийг зөвхөн мөнгө олох хэрэгсэл болгож болохгүй. Хүмүүсийн алжаал тайлах, тав тухтай орчин болгоход голлон анхаарах хэрэгтэй юм. Байр орчин дулаан, саруул, эрэгтэй эмэгтэйчүүд хувцаслах өрөө тасалгаа тусдаа, хөнгөн зууш уушаар үйлчлэх байр талбайтай, их сайхан орчинд бүжиг явуулах ёстой юм. “Мөнгө цагаан, нүд улаан” байдлаар хандаж болохгүй.
-Энэ чинь том соёл , эрүүл аж төрөхийн нэг үндэс байна. Таны уриалсан олон нийтлэл зохих ач тусаа өгсөн гэж боддог. Цаашид яамаар юм дээ?
-Эрүүл аж төрье, удаан амьдаръя гэвэл нийтийн бүжгийг байгууллага, хүн бүр дэмжиж хөгжүүлээсэй гэж боддог. Нийслэлд л гэхэд, ахмадын, залуучуудын гэсэн хоёр том клуб байгуулж тогтмол ажиллуулаасай гэж боддог. Бөхийн өргөөнд сар бүрийн 10-нд “Дуун цэнгүүн” гэж нийтийн бүжиг явуулж байгаа. Энэ нь бүжиг гэхээсээ, дуу яриа нь хэтэрчихдэг, хөгжим ч тааруухан, тэгсэн хэрнээ үнээ дандаа нэмж байдаг “Мөнгөний газар” билээ л дээ. Хүмүүс ч ая тух алдаад тоохоо байсан.
-Та яагаад нийслэлд “ахмадын”, “залуучуудын” гэсэн хоёр клуб санал болгоод байна? Нэг байж болоогүй юу?
-Болохгүй. Энэ насныхны сонирхдог хөгжим хөдөлгөөн хоёр чинь огт өөр юм. Залуучууд бол барууны тэр хүчтэй хөгжимтэй, үсэрч дүүлсэн бүжиг сонирхож байна. Дундаас дээш настнууд бол намуун зөөлөн, их уянгалаг хөгжим бүжигт дурладаг. Ийм хоёр сонирхлыг хүчээр нийлүүлж болохгүй.
-Таны үед нийтийн бүжгийн тэмцээн явуулдаг, том шагнал өгдөг байж. Одоо тэгж урамшуулах нь зүйтэй юу?
-Энэ хамгийн чухал. Насны ангиллаар тэмцээн явуулж, шинэ жил баяр ёслолоор бол цом диплом, ахиухан мөнгөн шагнал олгоход юу нь буруу байхав. Харин, мэргэжлийн бүжигчид орж ирээд хэдэн түрүүг нь хамчихаас болгоомжлох нь чухал. Тэгвэл утгагүй зүйл болно.
-Сүүлчийн асуултыг танд үлдээе?
-Нас дээр гарлаа. Үүнийгээ би нийтийн бүжгийн ач тус гэж бодож явдаг юм. Бүжиг сонирхогч нөхдөдөө, залуу үеийнхэндээ нэг жижигхэн түүх өгүүлж ярилцлагаа өндөрлөе. Жил болгон Москвад болдог олон улсын сэтгүүлчдийн дээд курст бидний хэдэн сэтгүүлч явж билээ. Бид Бухарест зочид буудалд 45 хоносон. Манай буудлын доод давхарт хоолны том танхим, зэрэгцээд нийтийн бүжгийн сайхан талбайтай. Тэнд орой болгон бүжиг явна. Манай дэргэдэх ширээнд нэг залуухан орос хүүхэн байнга хооллоно. Тэр танхимд хамгийн царай дортой нь Людмила байсан байх. Нүүрээрээ дүүрэн сэвхтэй туранхай шар хүүхэн. Тэр хүүхэн бүжиглэхээрээ ямар гоё болно гээч. Танхимыг чимнэ дээ. Бид танилцаад бүжиглэж, ярилцаж байсаан. Бүр багаасаа бүжиг сонирхсон гэнэ. Балетын ангид орох гэсэн ч аав нь “хөлийн чинь эрхий хуруу гэмтвэл чи ажилгүй болно” гэж дургүйлхээд дуу хөгжмийн багш болгосон аж. Тэгээд өөрөө бүжиглэхийн зэрэгцээ сургууль дээрээ бүжгийн дугуйлан байгуулаад тогтмол хичээллэдэг гэсэн. Түүнийг бүжиглэхээр танхим тэр аяараа үлгэрийн ертөнцөд умбах шиг болдогсон. Бүжиг гэдэг, хүнд ингэж эрч хүч, гоо сайхныг бэлэглэдэг зүйл дээ.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
2 comments
mundag shudarga khun shuu
manaid ajilladag neg emee zun bolgon amraltand yavj niitiin bujig khiideg gsen odoo 80 garsan murtluu ukhaan sanaa khel yari sain khugjiltei shooch geed boddoo