БНАСАУ-ын Төв радиогоор шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэддээ архи, шар айргийг хольж хэрэглэхгүй байхыг уриалжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын “Рёнхап” мэдээллийн агентлаг өнөөдөр (2018.01.02) мэдээллээ.
“Архийг нэг оройд 80 миллилитрээс хэтрүүлэхгүй байх, архи, шар айргийг тусад нь хэрэглэх хэрэгтэй” хэмээн Хойд Солонгосын радиогоор дамжуулсан байна. Тус радиогийн мэдээллээс үзэхэд “Өвлийн улиралд бие организм биеийн дулааныг зохицуулахын тулд дулааны энерги их зарцуулдаг. Тиймээс эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй” гэнэ.
“Ялангуяа хэт их архи уух, эсвэл архи, шар айргийг хольж хэрэглэх нь биеийн дулааныг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг зүрх, элгэнд муугаар нөлөөлдөг” гэж БНАСАУ-ын төв радиогоор дамжуулжээ.
Өмнөд Солонгос энэхүү мэдээллийг анхаарсан нь учиртай. Өмнөд Солонгосын иргэд ч цэргийн дарангуйллын жилүүдэд “поктанчу” буюу “бөмбөг коктейль”-ийн соёл арми даяар газар аваад байсан ажээ. Энэ нь архийг шар айрагтай хольж хэрэглэснээр хурдан хугацаанд хүчтэй согтдог үзэгдэл юм.
БНАСАУ-аас Өмнөд Солонгост зугтаж ирсэн дүрвэгчийн ярьж буйгаар Хойд солонгосчууд 2010 оныг хүртэл архи, шар айргийг холих тухай мэддэггүй байсан гэнэ. Харин энэ удаад радиогоор анхааруулга хүргэж байгаагаас үзэхэд архи, шар айргийг хольдог үзэгдэл нийгэм даяар тархсан бололтой.
Дашрамд сонирхуулахад БНАСАУ-д “поктанчу”-гийн соёлыг зөвхөн элитүүд л мэддэг байжээ.