Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж гаргасан билээ. Уг захирамж хэрэгжиж эхэлснээр хоёр болон түүнээс дээш жилээр эзэмшиж буй газраа ашиглаагүй болон эзэмших эрхийн зөрчилтэй иргэд, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийг хуулийн дагуу цуцалж, Улаанбаатар хотын ногоон байгууламжийг өргөтгөх, хүүхдийн тоглоомын болон өндөр настнуудын амралтын талбайг байгуулах ажил хэрэгжиж эхлээд байгаа билээ.
Энэхүү захирамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу бидний нэрлэж заншсанаар дөчин мянгатын 13-р байрны дэргэдэх нийтийн эзэмшлийн талбайг /2245 м2/ тоглоомын талбай, сүүдрэвч, ногоон байгууламж барих зориулалтаар “Дөчин мянгат 13” СӨХ-д эзэмшүүлэх эрхийг нь баталгаажуулсан байна.
“Нийслэлийн иргэд өөрсдийнхөө амьдрах орчныг сайжруулахын тулд тэмцдэг, ярьдаг болсон. Энэ асуудлын хүрээнд газар чөлөөлөх аян явуулсан. Орон сууцны хорооллын байшингуудыг тойруулаад барьсан хашаа, дураараа өргөтгөл барьсан газрыг чөлөөлөх зэрэг ажлууд хийгдэж байна. Иргэд өөрсдийн орон сууцны дундаа байгаа нийтийн эзэмшлийн газраа өөрсдөө тохижуулаад хүүхдийн тоглоомын, спортын талбай маягаар ашиглах боломж бүрдлээ” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ярилаа.
“Дөчин мянгат-13” СӨХ-ны санаачилга, нийслэлийн төсвийн хөрөнгөөр оршин суугчдад зориулан хүүхдийн тоглоомын талбай барьж байгуулах ажил эхлээд байсан боловч газрын маргаанаас үүдэн уг барилгын ажил зогсоод байсан юм.
Харин өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэн Б.Баярсайхны эзэмшиж байсан тус газрын хэмжээг хуулийн дагуу өөрчлөн, тоглоомын талбайн шаардагдах газрын “Дөчин мянгат 13” СӨХ-д шилжүүлэн, нийтийн эзэмшлийн талбайг нь өргөтгөн баталгаажуулсан бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг нь “Дөчин мянгат-13”, “Мянгат 15” СӨХ-д гардуулан өгөв.
ЧД-ийн 3 дугаар хорооны ИНХ-ын дарга С.Буянхишиг “Нийтийн эзэмшлийн зам талбайн ихэнх хэсгийг алдаад байсан. ААН, байгууллагууд дүүргийн удирдлагууд болон иргэдэд мэдэгдэлгүй эзэмшилдээ авсан байсан. Иргэд энэ асуудлаар нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргасан. Хотын дарга маань өөрийн гаргасан захирамжийн дагуу газрыг чөлөөлж иргэдэд эзэмшүүлж байгаад баяртай байна” хэмээлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.