Энэтхэгт инж, өв хөрөнгөгүй доод ангийн олон залуу бүсгүй нөхөрт гарч чаддаггүй. Тэгвэл тус улсын саятан Махеш Савани жил бүр өнчин, залуу бүсгүйчүүдэд тусалж, нөхөрт гарах инжийг нь өгдөг билээ. Энэ онд тэрбээр Гуджаратад 251 хосын хуримыг зохион байгуулсан байна.
Энэтхэгт каньядаан буюу нөхөрт гарч буй охиндоо ямар нэгэн юм өгөх ёс заншил байдаг. Махеш энэхүү уламжлалыг маш их хүндэтгэдэг бөгөөд ядууст өгөөмөр байхыг хичээдэг нэгэн. Тэрбээр хөвгүүдийг дунд сургуульд үнэгүй суралцуулж, харин охидод гэр бүлтэй болоход нь тусалдаг. Харин энэ жил тэрбээр Гуджаратын Сурат хотод олныг хамарсан хурим зохион байгуулжээ. Энд Махеш Савани алмаазын эзэнт гүрнээ байгуулсан түүхтэй.
Махеш Савани “Би 251 сүйт бүсгүйн эцгийнх нь хийх байсан зүйлийг хариуцан хийж байна. 2017 онд миний анд, үл хөдлөх бизнесийн түнш Санжай Мовалия бас надад тусаллаа” хэмээн ярьжээ.
Энэ онд хадамд гарч буй 251 сүйт бүсгүйн 5 нь лалын шашинтан, хоёр нь Христийн шашинтан бөгөөд хоёроос нь ХДХВ илэрчээ. Гэхдээ шашин шүтлэг, эсвэл өвчин эмгэг нь эмэгтэй хүний аз жаргалыг мэдрэхгүй байх шалтгаан биш гэж Махеш үздэг.
Түүний хувьд олныг хамарсан ийм хурим нэг бус удаа зохион байгуулсан. Энэ хугацаанд тэрбээр нийт 2000 гаруй охины “эцэг” болжээ. 2016 онд охин бүр хуримаараа 8000 долларын инж авч байжээ.