Хүргэн Г.Дэнзэн даваа гаригт шүүгдэнэ

Ирэх даваа гаригт (2017.03.20) ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн болон бусад дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал болно. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэдгээр олны танил болсон Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сарын 22-ны өдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч хойшилж энэ өдөр товлогдсон байгаа.

Нийслэлийн Прокурорын газар Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 буюу Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар “Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.

Г.Дэнзэн ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс таван толгой” ХК-ны ТУЗ-ын даргын албыг хашиж байхдаа өөрийн найз бүсгүй Г.Уянгын нэг сая төгрөгийн дүрмийн сантай үүсгэн байгуулсан “Говь повер” компанид “Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх” 17 тэрбумын тендерийг өгсөн. “Эрдэнэс таван толгой” ХК-иас 4,835,164,509 төгрөгийг “Говь Повер” ХХК-д олгуулах шийдвэр гаргуулан авсан хэрэгт буруутгагдаж байсан.

2014 оны арваннэгдүгээр сард УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн 26 настай Г.Дэнзэнгийн нэр холбогдоод байгаа хэргийн түүх доорх аргаар бичигдсэн тухай баримтыг хэвлэлүүдэд түгээж байв.

2012.01.07 өдөр: Нэг сая төгрөгийн дүрмийн сан бүхий “Говь Повер” ХХК-ийг Г.Уянга, Д.Баярхүү нар шилжүүлэн авсан

2012.10.11 өдөр: “Эрдэнэс Таван толгой” ХК-ны ТУЗ-ын даргаар Г.Дэнзэнг томилов

2012. 10.11 өдөр: “Эрдэнэс Таван толгой” ХК-ны ТУЗ-ын дарга Г.Дэнзэн 2012 оны цалин гэж өөртөө 16000 ам.доллар авахаар шийдвэр гаргуулсан

2012.12.25 өдөр: “Эрдэнэс Таван толгой” ХК-ны Удирдах зөвлөлийн дарга Г.Дэнзэнгийн 36 тоот шийдвэрээр Хөгжлийн банкнаас 200 сая ам.доллар зээлэх шийдвэрийг гаргасан

2012.12.29 өдөр: “Эрдэнэс Таван толгой” ХК “Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх” хаалттай тендерийг амралтын өдөр зарлав.

2013.01.16 өдөр: Н.Алтанхуягийн төрсөн эгчийн охин Уянга гэгчийн үүсгэн байгуулсан “Говь повер” компани “Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх” 17 тэрбумын тендерт ялсан.

2013.04 сар: Г.Дэнзэнгийн эхнэр Гэрэлхүүгийн Уянга нь Чулуунбаатарын Уянга болж солигдов

2013.06.06 өдөр: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эрдэнэс-Тавантолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Дэнзэнг ажлаас нь чөлөөлөхийг шаардав

2013.06.28 өдөр: АТГ-аас Г.Дэнзэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлтийг прокурорт гаргав

2013.11.15 өдөр: “Говь-повер” ХХК “Эрдэнэс Таван толгой” ХК-аас 7.4 тэрбум төгрөг нэхэмжилж Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан

2013.11.19 өдөр: “Говь-повер” ХХК “Эрдэнэс Таван толгой” ХК хоорондоо эвлэрч “Говь-повер” ХХК-д 4.8 тэрбум төгрөгийг олгохоор болсон

Улмаар:
2013.11.28-нд 1,200.0 сая,
2013.12.13-нд 100,0. сая,
2013.12.27-нд 600.0 сая,
2014.01.03-нд 2,000.0 сая,
2014.01.16-нд 4 удаагийн шилжүүлгээр 788.5 сая төгрөг, нийт 4,688.5 сая төгрөгийг төрийн өмчийн “Эрдэнэс Таван толгой” компаниас гаргуулан авсан гэж үзсэн байна.

2014.05.14 өдөр: УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдан шалгалт оруулж байсан билээ.

Д.ХАЛИУН

2 thoughts on “Хүргэн Г.Дэнзэн даваа гаригт шүүгдэнэ

  1. 2017-03-17 11:28 at 11:28

    “4,688.5 сая төгрөгийг төрийн өмчийн “Эрдэнэс Таван толгой” компаниас гаргуулан авсан” ёстой алдаг юм байна. Зүгээр л ДЭЭРЭМДДЭГ юм байна. Дөрвөн тэрбум зургаан зуун наян найман сая таван зуун төгөг шууд л гаргуулаад авдаг байн штэээ!!!!!!! Буриад Дэнзэн арай даварчээ!!!!!!!!

    Хариулах
  2. Z 2017-03-17 16:53 at 16:53

    Zavhaniihan dandaa ingej Hun chirdeg uursdiin buruug hunruu hiideg muuhai humuusdee. Altanhuyag ch yag l teglee. Hairan olon zaluuchuudiig chirj bnada.

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн