Хятад улс саяхан хилийн чанад дахь дахин нэг боомттой боллоо. Шри-Ланк улс өмнөд хэсэгтээ орших Хамбантота боомтыг 99 жил ашиглах эрхийг албан ёсоор БНХАУ-д шилжүүлсэн байна. Хятадуудад энэ нь алдагдалтай ч тус боомт бол стратегийн хувьд чухал объект юм. Шинэ-Делигийн зүгээс Бээжин энд цэргийн бааз барих гэж байна хэмээх хардаж байгаа бол Хятад улс өөрөө Энэтхэгийн далайгаар дайрах худалдааны гол замд энэ боомт чухал, тийм болохоор энхийн зорилгоор ашиглаж гэж байгаа гэж мэдэгдэж буй юм.
292097400 ам.доллар гэдэг бол Шри-Ланкийн улс төрийн түүхэнд бичигдэх хэмжээний том тоо. Ийм хэмжээний мөнгийг Хятад улс арлын өмнөд эрэгт орших Хамбантота боомтын түрээсэнд төлөхөөр болжээ. Шри-Ланкийн Ерөнхий сайд Ранил Викрамасингхегийн аварга том чек бариад инээмсэглэж буй зураг Өмнөд Азийн бүх хэвлэлүүдээр гарсан байна. “Хятадтай энэхүү гэрээг байгуулснаар бид ямар ч байсан өрөө төлж эхэлсэн гэдгийг харуулж байна. Хамбантота Энэтхэгийн далайн том боомт болон хувирна. Тэнд эдийн засгийн бүс бий болж, эргэн тойрны газар нутаг нь аж үйлдвэржиж, эцсийн эцэст эдийн засгийн хөгжил, аялал жуулчлалд түлхэц өгөх болно” гэж Викрамасингхе Шри-Ланкийн парламентын гишүүдэд мэдэгджээ.
292 сая ам.доллар гэдэг зөвхөн эхний ээлжийн мөнгө. Үүний араас нийт өртөг буюу 1.12 тэрбум ам.доллар орж ирнэ. Жижигхэн Шри-Ланка улсад бол энэ нь жинхэнэ мөнгөн бороо бол баян Хятад улсад тийм ч их хэмжээний зардал биш юм. Энэ мөнгөөр Хятад улс нэгэн цагт Хонконгийг Их Британид түрээслүүлж байсан шиг 99 жилийн хугацаанд боомтыг түрээсэлж авна.
Хамбантота хот нь Шри-Ланкийн өмнөд зүгт, тус улсын эдийн засгийн төв болон нийслэл Коломбо хотоос 240 км-т байрладаг. Эрт дээр үед энэ нь Азийн худалдааны төвийн нэг байсан бөгөөд үүгээр Ойрхи Дорнод, Хятад, Малаккийн худалдаачдын хөлөг онгоц дайран гардаг байв.
Гэвч Шри-Ланк, тухайн үед Цейлон улс голландчууд, дараа нь англичуудын колони орон болсноос хойш Хамбантота уналтад орж, Коломбо хэмээх арлын гол боомттой өрсөлдөх чадваргүй болжээ. ХХ зууны эхээр эртний боомт хот нь хот хэлбэртэй эргийн жижигхэн суурин болон хувирсан байна.
Харин XXI зууны эхээр бүх зүйл өөрчлөгджээ. 2005 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон, Хамбантота мужийн Виракетия тосгоны уугуул Махендра Ражапакса төрсөн нутгаа дахин агуу болгохоор шийджээ. Ингэхийн тулд Хамбантотаг орчин үеийн боомт болгох хэрэгтэй байдаг. Гэтэл үүнд нь мөнгө хэрэг болжээ.
Ражапаксагийн хувьд санхүүгийн байдал үнэхээр хүнд байлаа. “Тамил-Илам”-ын байгууллагын дайчдыг бут ниргэж гавьяа байгуулж, олон жилийн дайнд цэг тавьсан тэрбээр хөрөнгө мөнгөгүй гэдгээ ч нуусангүй. Барууны орнууд болохоор түүнд хүний эрхийг сахиж буй эсэхээр олон асуулт тавьж, мөнгө халгаагаагүй бол хамгийн ойрын, хамгийн том хөрш Энэтхэг ч тусалсангүй. Ингээд Ражапакса Хятадаас тусламж гуйхаар шийджээ. Хятад ч түүнээс олон асуулт тавьж зовоосонгүй, хүү нь өндөр буюу 6.3 хувийн хүүтэй зээл олгожээ.
Шри-Ланк Хятадаас нийтдээ найман тэрбум ам.долларын зээл авсан байдаг. Энэ бол жижиг улсад томдохоор их хэмжээний мөнгө. Энэ мөнгөөр Ражапакса улс орон даяар дэд бүтцээ сайжруулах аян өрнүүлж, авто зам, төмөр зам, цахилгаан дамжуулах шугам барьж байгуулжээ. Гэвч түүний хувьд төрсөн нутаг Хамбантота нь Шри-Ланкийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэх хувьтай хайртай газар нь болжээ.
Мэдээж Ражапакса Хамбантотаг стратегийн чухал объект болгоход нэлээд хэдэн асуудал үүссэн байж таарна. Эхэндээ тус боомт нь том усан онгоц ирэх боломжгүй гүехэн устай байжээ. Үүнийг засаж тохинуулсны дараа нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх гэтэл тэд их хэмжээний мөнгө нэхэж сандаргасан байна. Тэдэнд ажлын байр гаргаж өгнө гэж амлаад шилжүүлтэл хятад инженерүүд орон нутгийн иргэдийг авахыг хүссэнгүй, алс холын эх орноосоо ажилчдаа авч иржээ. Юутай ч хоёр жилийн хугацаанд боомтыг барьж, Ражапакс Ерөнхийлөгчийн төрсөн өдрөөр нээсэн аж.
Харамсалтай нь Хамбантота боомтоос шри-ланкчууд хангалттай ашиг олж чадсангүй. Учир нь худалдааны хөлөг онгоцууд Коломбо руу урьдын адил ирсээр байлаа. Жуулчид ч тийшээ зүглэсэнгүй. Энэтхэг, Солонгос, Японы автомашин үйлдвэрлэгчид Хамбантотагаас дамжуулан Ойрхи Дорнод, Африк, Зүүн Өмнөд Ази руу машинуудаа зөөж эхэлсэн боловч алдагдлыг нь ч бүрэн нөхөж дийлсэнгүй. Яг энэ үеэр Хятадад өрөө төлөх цаг нь ч болжээ.
Хятадууд мөнгөө нэхээд ирэх үед Ражапакса аль хэдийнэ Ерөнхийлөгчийн суудлаа орхисон байлаа. Ингээд шинэ Ерөнхийлөгч Майтрипала Сирисена Ерөнхий сайд Ранил Вакрамасингхегийн хамт нэгэн шилдэг арга бодож олсон нь алдагдалтай ажиллаж буй Хамбантота боомтын хувьцааны 80 хувийг Хятадад шилжүүлэх, өөрөөр хэлбэл зарах байв. Гэвч энэ асуудал нутгийн иргэдийн дургүйцлийг төрүүлсэн тул Хамбантотаг шилжүүлэх гэрээний нөхцөлөө өөрчлөхөөр болжээ. Хэлэлцээр хэдэн сарын турш үргэлжилсэн бөгөөд өнгөрсөн долоодугаар сард л дуусгавар болсон юм.
Ийнхүү Хамбантота боомтыг БНХАУ-д 99 жилийн хугацаатайгаар түрээслүүлэхээр болсон байна. Хятадууд хувьцааны 70 хувийг авна. Боомтыг Хятадын “Hambantota International Port Group”, “Hambantota International Port Services” хэмээх хоёр компани удирдана. Шри-Ланк улс боомтынхоо газар нутгийг ямар ч нөхцөлгүйгээр тусгаар тогтнон эзэмшиж, аюулгүй байдлыг нь хангана. Харин хятадууд тэнд цэргийн бааз байгуулахгүй байх үүрэгтэй. Гэхдээ энд нэг асуудал үүсч байна. БНХАУ энэхүү алдагдалтай боомтыг ашигтай болгон ашиглаж чадах болов уу?
1 comment
ИНГЭЭД Л ӨРӨНД ОРУУЛЖ БАЙГААД ГАЗРЫГ НЬ ХУСЧИХАЖ БАЙГАА ЮМ ДАА.