Америкийн “Forbes” сэтгүүл улиран одож буй 2017 онд хөрөнгө нь хамгийн хурдан нэмэгдсэн алдартнуудыг нэрлэлээ. Жагсаалтын тэргүүн байрт “Amazon” компанийг үүсгэн байгуулагч бөгөөд тэргүүн Жефф Безос орсон байна. Өдгөө 53 настай бизнесмэний хөрөнгө нэг жилийн хугацаанд 33.8 тэрбум ам.доллараар нэмэгдэж, арванхоёрдугаар сарын дунд үед гэхэд 98.6 тэрбум ам.доллар болжээ.
Жагсаалтын хоёрдугаарт “Evergrande Group” барилгын компанийн эзэн Сюй Зяинь орсон байна. 59 настай хятад бизнесмэн хэдхэн хоногийн дотор есөн тэрбум ам.доллараар баяжиж, жилийн хугацаанд 27.4 тэрбум, нийт хөрөнгө нь 36.5 тэрбум ам.доллар болжээ. “Хурдан баяжигсад”-ын жагсаалтын гуравдугаарт “Louis Vuitton” группын ерөнхийлөгч Бернар Арно орсон байна. Францын бизнесмэн, 68 настай тэрбээр жилийн дотор 23.6 тэрбум ам.доллар олж, нийт 40.3 тэрбумын хөрөнгөтэй болж чадсан байна. Харин айргийн тавд “Facebook”-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг, “Tencent” харилцаа холбооны компанийн тэргүүн Ма Хуатэн нар багтжээ.