“Эксперт ярьж байна” ярилцлагын энэ удаагийн зочноор арьсан эдлэлийн “Хөөндий” брэндийг үүсгэн байгуулагч “Хорол коллекшн” компанийн Ерөнхий захирал Г.Хүрэлсүхийг урьж ярилцлаа.
Түүний хувьд орчин үеийн технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, монгол малын түүхий эдээр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж буй дотоодын хөрөнгө оруулалттай үндэсний компанийг удирдаж яваа бүтээлч нэгэн юм.
Тоонд бус чанарт анхаарал хандуулж, дотоодын хэрэгцээнээс гадна бүтээгдэхүүнээ экспортод гаргаж, олон улсын зах зээл дээр арьсан эдлэлээр өрсөлдөх эрмэлзлэлтэй түүний “Хөөндий” брэндийн талаар болон арьсан эдлэл үйлдвэрлэлийн өнөөгийн байдлын талаар ярьсан ярианд уншигч та анхаарлаа хандуулна уу.
-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд талархал илэрхийлье?
-Баярлалаа.
-Та үйлдвэрлэлийн салбарт амжилттай яваа бизнесмэнүүдийн нэг. Та анх “Хорол коллекшн” компанийг хэрхэн байгуулж, “Хөөндий” брэндийг анх зах зээлд танилцуулсан түүхээсээ бидэнтэй хуваалцахгүй юу?
-Манай компани одоогоос зургаан жилийн өмнө буюу 2011 онд хуулийн этгээдээр бүртгүүлж албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Зах зээл дээр танилцуулсан анхны бүтээгдэхүүнүүдийн тухайд нэхий дотортой адууны арьсан гутал, цүнх зэрэг байсан.
Манай орон цаг агаарын хувьд эрс тэс уур амьсгалтай. Энэ уур амьсгалд тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл хэрэглэгчдийг татаж, цаашид амжилт олж болох юм байна гэдэг өнцгийг олж хараад “Хөөндий” нэрийн бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэж эхэлсэн юм.
Үүний хажуугаар бид анх хүүхдийн гутал үйлдвэрлэж, худалдаанд гаргана гэдэг зорилго тавин ажиллаж байлаа. Энэ утгаараа нэр нь ч гэсэн хүүхдэд зориулагдсан юм шиг сонсогдохоор тийм нэр сонгож авъя гээд хэд хэдэн нэрэн дээр ярилцаад “Хөөндий” нэрэн дээр эцсийн байдлаар тогтсон. “Хөөндий” гэдэг маань шувууны нэр л дээ. Ихэвчлэн хүйтний улиралд идэвхтэй амьдардаг өвлийн шувуу байдаг.
-Танай бүтээгдэхүүний гол түүхий эд хонь, адууны арьс шир. Эдгээр түүхий эдээр бүтээгдэхүүн хийх нь ямар онцлог, давуу талтай байдаг юм бэ?
-“Хөөндий”-н бүтээгдэхүүнүүдийг бид монгол адууны арьсыг үстэй нь боловсруулж, монгол хонины нэхийгээр доторлон хэрэглэгчдэд гутал болгон хүргэдэг. Улавч нь л гэхэд 100 хувийн хонины ноосноос бүтдэг. Энэ нь чийг дулааны зохицолыг хангаж, гуталд ямар ч үед чийг татахгүй байх таатай нөхцлийг бүрдүүлж өгдөгөөрөө давуу талтай.
-“Хорол коллекшн” компани гуталнаас гадна өөр ямар бүтээгдхүүн үйлдвэрлэж байгаа вэ?
-“Хөөндий” нэрийн бүтээгдэхүүнүүд “Хөөндий адууны арьсан гутал”, “Хөөндий сурагчийн цүнх” багтаж байна. Мөн үүнээс гадна гар цүнх, арьсан эдлэл, хөдөлмөр хамгааллын гутал, хавар, намрын гутал үйлдвэрлэж байна.
“Хөөндий” нь англи хэл дээр Ouzel гэж орчуулагддаг. Энэ утгаараа зарим нэг бүтээгдэхүүн дээрээ нэр, логоны хувьд Ouzel гэдэг нэрийг шинээр оноож, маркетингийн зарим нэг шинэчлэлийг ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байна.
Одоо бол “Хөөндий” гэдэг нь нэр нь адууны арьсан гутал, сурагчийн цүнх хоёр дээр л хэрэглэгдэж байгаа. Ouzel гэдэг нэрийг өдөр тутмын гутал ч юм уу аль эсхүл эрэгтэй эмэгтэй, хавар намрын гутал, гар цүнх гэх мэт зүйлүүд дээрээ хэрэглэхээр төлөвлөж байна.
Үйлдвэрлэгч бүрт хэтийн зорилго байдаг. Бидний тухайд алсдаа гутал арьсан эдлэлийнхээ салбарт үндэснийхээ тэргүүлэгч үйлдвэр болох зорилготой. Ойрын хугацааны зорилго гэвэл бүтээгдэхүүнээ экспортод гаргаж, олон улсын зах зээл рүү хөл тавих төлөвлөөтэй ажиллаж байна.
-Дотоодын зах зээл дээр үйлдвэрлэгдэж байгаа арьсан эдлэлийн гуталны хэдэн хувийг танай компани эзэлж байна вэ?
-Манай салбарт үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгчид тийм ч олон биш. Импортын бүтээгдхүүнтэй харьцуулах юм бол маш бага хувийг эзэлдэг. Бүгд нийлээд дотоодын зах зээлийн 10-15 хувийг л эзэлж байгаа болов уу.
Манай үйлдвэрийн тухайд өдөрт дунджаар 100-150 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай. Сардаа хоёроос гурван мянган хос гутал оёж, жилдээ 30 гаруй мянган хос гутал үйлдвэрлэж байна.
-Хамгийн их эрэлттэй, хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүнээ нэрлэнэ үү?
-Эрэлт ихтэй, олонд таашаагдсан бүтээгдхүүн гэвэл “Хөөндий” адууны арьсан гутал, сурагчийн цүнх хоёр байна. Мөн хүүхдийн гуталнууд байна. Ерөнхийдөө тэр энэ гэлтгүй бүгд л зах зээл дээр эрэлт ихтэй байдаг.
-Цааны арьсаар хийсэн годон гутал нэг хэсэг моодонд орж байв. Одоо ч гэсэн манайхан хэрэглэсээр л байна. Хөөндий гутал Цааны арьсан годон гуталнаас юугаараа ялгаатай вэ?
-Бүтээгдэхүүнийн маань гол үндсэн материал монгол адууны арьс, монгол хонины нэхий байдаг гэж түрүүнд хэлсэн. Үүгээрээ ялгаатай. Мөн өөр нэг давуу тал гэвэл хямд үнэ. Хамгийн гол нь чанар. Бид бүтээгдэхүүндээ засвар үйлчилгээ хийж өгөх үйлчилгээ үзүүлэхийн сацуу баталгаат хугацааг гаргаж өгдөгөөрөө давуу талтай.
Хамгийн гол нь монгол малынхаа түүхий эдийг дотооддоо нэмүү өртөг шингээсэн бүтээгдхүүн болгож хэрэглэгчдэд хүргэж байгаа гэдгээрээ л бусдаас онцлогтой юм болов уу даа.
-Өвөрмонгол, Буриадын зах зээл дээр бүтээгдхүүнээ гаргах бодол бий юу?
-Өвөрмонгол руу хэд хэдэн удаа үзэсгэлэнд явж байсан. Тэнд бол зах зээл байдаг юм билээ. Хамгийн гол нь монгол бүтээгдэхүүн худалдаж авах сонирхол өвөрмонголчуудад их байдаг нь анзаарагдсан. Үзэсгэлэн худалдаанд зориулаад авч явсан бүтээгдхүүнүүд маань тэндээ очоод 100 хувь зарагдчихаад байсан. Мөн Улаан-Үд рүү бүтээгдэхүүнээ гаргаж байна.
Бидний тухайд үйлдвэрлэлийн хүчин чадал, технологийн шинэчлэлээ шийдчих юм бол зах зээл, бүтээгдхүүний эрэлт дотооддоо төдийгүй урд хойд хөрш орнуудад маань хангалттай байна гэж харж байгаа.
-Танай салбарт тулгамдаж буй бэрхшээлүүдээс нэрлээч гэвэл та юуг онцлох вэ?
-Анх үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн бизнесийн байгууллагууд дээр тулгардаг хамгийн хүн асуудал нь санхүү байдаг. Ямар нэг байдлаар технологио сайжруулаад бүтээгдэхүүнийхээ чанар үзэмжид анхааръя гэхэд л тэр бүрт эргэлтийн хөрөнгө шаардлагатай болдог.
Энэ асуудлыг шийдэх арга зам нь банкнаас зээл хүсэх, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, бондуудаас санхүүжилт авах зэрэг байдаг.
Гэтэл зээл авч бизнесээ өргөжүүлэхэд асуудал тулгардаг. Тэр нь юу вэ гэхээр барьцаа хөрөнгийн асуудал. Хүссэн зээлээ аваад төлөвлөсөн ажлаа хийе гэхээр барьцааны асуудал гэдэг зүйл босож ирдэг. Эндээс үүдээд хүссэн зээлээ биш барьцаандаа тохирсон зээлээ авах хэрэг гардаг.
Яг энэ зүйлээс шалтгаалж бизнесүүд томорч, өсөж дэвжиж чадахгүй байгаа юм шиг надад санагддаг. Барьцаандаа тохирсон зээл авна гэдэг нь үйл ажиллагаагаа үргэлжүүлэх нь бүү хэл муугаар хэлэхэд “боомилж байна” гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, төр засгийн зүгээс жижиг дунд үйлдвэрүүдээ дэмжсэн оновчтой зөв зээлийн бодлого хэрэгжүүлэх нь яг одоогийн байдлаар ус агаар мэт хэрэгтэй байна.
Энэ асуудлыг зөв зүйтэйгээр шийдэж чадвал манайд богино хугацаанд үйлдвэрлэлийн салбар эрчимтэй хөгжих боломж байгаа.
-Дотоодын гутал үйлдвэрлэгчид маань бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг хэрхэн шийддэг юм бол?
-Түүхий эд материалын тал дээр учир дутагдалтай байдаг нь үнэн. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр манай дотоодын арьс ширний үйлдвэрүүдийн боловсруулж байгаа арьс чанар, шаардлага хангадаггүй.
Жишээлбэл, дотоодод боловсруулсан арьсаар гутал оёод өмслөө гэхэд хужир үүсэх, богино хугацаанд хэлбэрээ алдах гэх мэт бэрхшээлүүд үүсдэг.
Ерөөсөө арьсан гутал чанартай байхын эх үндэс нь анхдагч арьс боловсруулах үйлдвэрээс гарч байгаа арьсны чанар сайн байх явдал байдаг.
Арьсны чанарыг яаж сайжруулах вэ? Үүний тулд арьс ширний үйлдвэрүүдийн технологийн шинэчлэл, хүний нөөц, тэнд ажиллаж байгаа мэргэжилтэн гээд уг сууриар нь асуудлыг авч үзэхээс өөр аргагүй. Энэ асуудлыг шийдэж чадвал чанартай арьсыг дотооддоо боловсруулж, бид ч тэр хэрээрээ өнгө үзэмж сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болно.
Энэ тал дээр төр анхаарлаа хандуулж ажиллаасай гэж хүсдэг. Чанарын энэ мэт асуудлаас үүдэж бид дотоодын арьс шир боловсруулагч үйлдвэрүүдтэй төдийлөн хамтарч ажиллаад байдаггүй. Харьцахад ч ярвигтай байдаг. Тэгэхээр яах ч аргагүй импортоор материал оруулж ирж байгаа дэлгүүрүүдтэй харьцах шаардлагатай болдог.
Гутал үйлдвэрлэлийн салбарыг монголд Италиас дутахгүй хөгжүүлэх боломжтой. Үүний тулд арьс шир боловсруулах анхан шатны үйлдвэрүүдийнхээ асуудлыг цогцоор нь шийдэх шаардлагатай байгаа юм.
Дэлхийд Итали гутал ноймор нэг гэдгээрээ хүлээн зөвшөөрөгддөг. Гэтэл Итали гутлыг оёж, наагаад байгаа тэр хүмүүс бусдаасаа тасарчихсан мундаг хүмүүс бас биш шүү дээ. Итали, хятад, монголын аль алинд нь гутлыг адилхан технологи, адилхан оёдлын машинаар оёж зүйж, адилхан л хүний гараар бүтээдэг.
Гутлын хамгийн гол чанар нь материалынхаа шинж чанарт агуулагддаг. Өвөл, зуны, хүүхдийн, эрэгтэй, эмэгтэй гутлын материалууд тус тусдаа өөр өөр шинж чанарыг агуулж байх ёстой. Ингэж байж тэр гутал чанартай болно.
Ярилцсан сэтгүүлч Р.Улам-Оргих