Чөлөөт бөхийн 2017 оны эрэгтэйчүүдийн клубийн ДАШТ энэ сарын 7-8-нд Ираны нийслэл Тегеран хотын “Азади” спорт цогцолборт боллоо. Дөрөв дэх удаагийн тэмцээнд Иран, Монгол, АНУ, Гүрж, Казахстан, Канад, Унгар, Болгар, Киргизстан, Энэтхэг, Тажикистан гэсэн 11 орны 13 баг өрсөлдсөн бөгөөд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Буянжавын Батзоригийн удирдлага дор залуучуудын шигшээ багийн тамирчид маань хүч үзэж шагналт дөрөвдүгээр байрт оров. Сонирхуулахад, манай улсаас 2014 онд “Алдар” спорт хороо, “Хасу-Мегастарс”, 2016 онд “Харганат цамхаг” клуб тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон. Хамгийн өндөр амжилтыг анхдугаар тэмцээнд Армийнхан үзүүлж, зургадугаар байрт орж байв.
Манай залуучуудын шигшээ багийнхан өчигдөр Тажикистаны “Тажик Эйр”-ийг 8:2-оор, Унгарын “Будапешт”-ийг 6:4-өөр буулган авснаар “В” хэсгээ тэргүүлсэн. Тэгвэл өнөөдөр хагас шигшээд АНУ-ын “Титан Меркури”-д, хүрэл медалийн төлөөх барилдаанд эзэн орны “Сетареган Сари”-д тус бүр 1:9-өөр ялагдлаа.
Олимп болон ДАШТ-ий алт, мөнгөн медальт Владимир Хинчегашвили, 2017 оны дэлхийн аварга Гено Петриашвили, ДАШТ-ий хүрэл медальт Алиреза Карими тэргүүтэй Ираны “Изи Пайп Кашан” клуб нутаг дээрээ түрүүллээ. Тэд шигшээ барилдаанд “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн хошой аварга Кайл Снайдер, ДАШТ-ий мөнгөн медальт, Франклин Гомез, Томас Гилман, хүрэл медальт Ник Гвяздовси нарыг эгнээндээ нэгтгэсэн өнгөрсөн жилийн клубийн дэлхийн аварга АНУ-ын “Титан Меркури” 6:4-өөр буулган авснаар аваргыг давж аварга боллоо. Клубийн ДАШТ-д түрүүлсэн баг 25, хоёрдугаар байр 15, гуравдугаар байр 10 мянган ам.долларын шагнал хүртэв. Манай залгамж халаа баг бүрэлдэхүүн өмнөх амжилтуудыг ахиулж 2 удаа медалийн төлөөх барилдааныг хийж, хүн тус бүр 4 барилдаан, 10 хоногийн хамтарсан бэлтгэл хийсэн нь үр өгөөжөө өгсөн гэдэгт итгэлтэй байна.
ХАГАС ШИГШЭЭ БАРИЛДААН:
МОНГОЛ – ТИТАН МЕРКУРИ (АНУ) 1:9
57 кг: Цэвээнсүрэнгийн Цогбадрах – Томас Гилман 2:5
61 кг: Батчулууны Баасанням – Алан Уотерс цэвэр ялагдсан
65 кг: Төмөр-Очирын Тулга – Бернард Футрелл 12:2
70 кг: Лутбаярын Батбаяр – Франклин Гомез 5:3
74 кг: Болдхүүгийн Батсүх – Назар Кульчицкий 10:2
79 кг: Ганболдын Төрболд – Кайл Дейк 0:10
86 кг: Ганбаатарын Ганхуяг – Дэвид Тэйлор бэртлийн улмаас барилдаагүй
92 кг: Төмөрбатын Мөнгөншагай – Ник Хэфлин 0:10
97 кг: Батсүхийн Зоригтбаатар – Кайл Снайдер 2:12
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл – Ник Гвиаздовски 0:10
ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААН:
МОНГОЛ – СЕТАРЕГАН САРИ (ИРАН) 1:9
57 кг: Цэвээнсүрэнгийн Цогбадрах – Надер Хажаганиа 3:4
61 кг: Батчулууны Баасанням – Мохаммад Рамезанпур өрсөлдөгч нь барилдаагүй
65 кг: Төмөр-Очирын Тулга – Хассан Морадголи 5:9
70 кг: Лутбаярын Батбаяр – Магомед Курбаналиев 0:10
74 кг: Болдхүүгийн Батсүх – Магомедрасул Газимагомедов 0:10
79 кг: Ганболдын Төрболд – Омид Хасантабар 0:10
86 кг: Ганбаатарын Ганхуяг – Эсмаэль Махмуди бэртлийн улмаас барилдаагүй
92 кг: Төмөрбатын Мөнгөншагай – Абазар Эслами 2:12
97 кг: Батсүхийн Зоригтбаатар – Эсмаэль Нежатиан 2:6
125 кг: Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ – Жабер Садехзаде 0:11