Монгол Улсын Хөгжлийн банк цөөнгүй төслийг санхүүжүүлж, бүтээн байгуулалтыг ажлыг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд олон аймаг, сумыг хооронд нь холбож, барилгын түүхий эдийн үйлдвэрүүд барьж, өргөтгөснөөс гадна орон сууцны томоохон төслүүд амилсан. Гэсэн хэдий ч цөөн хүний алдаа, шуналаас үүдэлтэйгээр Хөгжлийн банк гэдэг хахуулийн төслүүдийн саалийн үнээ болсон гэх шүүмжлэлтэй тулгараад байна. Одоогоор АТГ-ынхан Хөгжлийн банкнаас 5.2 их наяд төгрөгийн зээлийн санхүүжилтийг олгосон байдлыг шалгаж байгаа бөгөөд гэмт хэргийн шинжтэй хэд хэдэн үйлдэл илрээд байна. Хөгжлийн банкнаас зээл авсан Монроудын Гарамгайбаатар, Эдийн засгийн хөгжлийн сайд асан “Фортуна” Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг бид мэднэ. Хөгжлийн банкны асуудлаар ч саяхан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүдэд танилцуулж, Чингис, Самурай, Хубилай бондын хөрөнгийг зарцуулах асуудлаар ярилцжээ. Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан дотоодын томоохон танилцуулагчдыг танилцуулж байна.

Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр:

Говийн зам компани 170.6 тэрбумын зээл авсан. Тус компанийн ард УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир, Ц.Мөнх-Оргил нар байдаг. Тэднийг МCS-ийн бүлэглэл гэж УИХ дээр ярьдаг. Говийн зам компани Тавантолгойн нүүрсний бүлэг ордоос экспортын тээврийн зориулалттай хатуу хучилттай авто замыг байгуулж, засвар арчлалт, ашиглалтыг нь хариуцах зорилготойгоор 2010 оны гуравдугаар сард “Энержи ресурс” ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай байгуулагдсан. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны “Авто замын тухай” 83-р тогтоолын хүрээнд өөрийн толгой компани “Энержи ресурс” ХХК-иас олгосон санхүүжилтээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших Ухаа худгийн уурхайгаас Гашуун сухайтын хилин боомт хүртэлх 239 км уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалт бүхий хүнд даацын хатуу хучилттай авто замыг 2011 онд барьж уг замын ашиглалт, засвар үйлчилгээ, арчлалт, харуул хамгаалалт, аюулгүй ажиллагааг хариуцан ажиллаж ирсэн. Үүнийгээ Эрдэнэс МГЛ-д шилжүүлсэн.

Насны зам компани 75.1 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ компанийн эзэн нь Жумдааны Энхжаргал. Тэрээр Дорнод аймаг дахь МАХН-ын хорооны дарга. Насны зам компани 2001 оноос үйл ажиллагаа явуулсан бөгөөд анхны ажлаараа Мянганы замын төсөлд орж байсан. Сүүлд Хөшигийн хөндийн нисэх буудлын авто замын төсөлд оржээ.
Арж капитал компани 66.3 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ компани Макс группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарынх. Одоогоор тус компанийг Х.Мөнх-Эрдэнэ гэдэг залуу удирдаж байна. 2004 онд байгуулагдсан тус компани Улаанбаатар хотыг сэргээн сайжруулах төсөлд хатуу хучилттай автозам, зүүн чиглэлийн гол зам барих төсөлд 268м Хэрлэнгийн гүүр, Мянганы зам төслийн зүүн, баруун, хойд, урд чиглэлд хатуу хучилттай авто зам, аялал жуулчлалын бүс болон орон нутагт хайрган хучилттай авто замууд, Улаанбаатар хотод авто замын ажил болон цогцолбор барилгуудад тохижилтын ажлуудыг гүйцэтгэж нийт 305км урт хатуу хучилттай болон хайрган зам, 403м урт төмөр бетон гүүрийн ажил гүйцэтгэжээ.
Монроуд компани 45.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ компани УИХ-ын гишүүн Н.Гарамгайбаатарынх гэдгийг иргэд мэднэ.

АТГ-аас “Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны албан тушаалтнууд Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь 38 орчим хувьтай байхад уг газарт шинээр зам тавих гэж байгаа мэт ойлголтыг Засгийн газарт төрүүлж, дахин тогтоол батлуулан нэмээд нийтдээ 46.3 тэрбум төгрөгийг гаргуулж аваад “Монроуд” гэдэг компанид шууд шилжүүлээд өгчихсөн байгаа юм” гэж мэдэгдсэн удаатай. Хурдны зам компани 68.9 тэрбум төгрөгийн зээл авсан. Компанийг Шагдарсүрэнгийн Бат-Энх, түүний эхнэр Хүүхдийн төлөө газрын дарга асан И.Нарантуяа нар эзэмшдэг. И.Нарантуяа нь АН-ын идэвхтэй гишүүдийн нэг бөгөөд одоогоор Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. “Хурдны зам” компани Элсэн тасархай-Хархорины Орхоны гүүр чиглэлийн 77 км хатуу хучилттай замын шинэчлэл, Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км хатуу хучилттай зам барилгын ажлыг гүйцэтгэсэн байдаг.

Төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлөөр: 

Үндэсний бүтээн байгуулалтын корпораци Хөгжлийн банкнаас 154.7 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ корпорацид Дельта констракшн, БҮТИ, Улаанбаатар барилга компаниуд багтдаг. Тус корпораци Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Буянт-Ухаа 1, 2 хорооллыг барьж ашиглалтад оруулсан.
Монполимет групп Хөгжлийн банкнаас 126.6 тэрбум төгрөг зээлсан. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав эзэмшдэг бөгөөд компанийнх нь ерөнхий захирлаар Н.Мөнхнасан хэмээх эмэгтэй ажиллаж байна. Монполимет групп Дорноговь аймгийн Өргөн суманд жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх Монголын анхны хуурай аргын технологид суурилсан үйлдвэр байгуулсан.
Скай ресорт компани 125 тэрбум төгрөг зээлсан. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир, Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн асан АПУ-гийн Г.Батхүү, УИХ-ын гишүүн Сү.Батболд нар Скай ресортыг эзэмшдэг. Скай ресорт нь МCS-ийн охин компани бөгөөд Хөгжлийн банкны зээлээр АСЕМ цогцолбор, хотхоныг барьж ашиглалтад оруулсан. Дэлхийн томоохон улсуудын удирдагчид Монголд ирэх хугацаандаа байрласан тус хотхоныг Монголын бизнесмэн, улстөрчид худалдаж авсан.
Кью Эс Си компани 133.7 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас зээлсэн. GSC компанийн захирал менежмэнтийн гэрээгээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар очсон. Д.Батжавхлан “3-4 жилийн дотор Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг “Уул уурхай, металлургийн цогцолбор” болгон хөгжүүлэх бүтээн байгуулалтыг хийнэ” гэж амласан. Тухайн үед одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг авлаа гэсэн шуум дэгдэж байв. МАК цемент компани Хөгжлийн банкнаас 109 тэрбум төгрөг зээлсэн. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын дүү МАК группийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн энэ компанийг удирддаг. Мак евро цементийн үйлдвэрийн бүтээн байгуулалтад Хятадын “Heng Yuan” компаниас гадна Монголын 71 аж ахуйн нэгжийн 340 гаруй мэргэжилтэн гар бие оролцсон байна. Үйлдвэр байгуулах энэхүү нүсэр төслийг хэрэгжүүлэхэд МАК, Данийн Вант улсын BHF банк болоод “Чингис” бондын санхүүжилтээр нийт 330 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг зарцуулжээ. Төслийн хүрээнд төмөр замын Олон-Овоот өртөөнөөс 1.9 км зам, Говьсүмбэр аймгийн төвөөс 65 км зайнд 110 кВт хүчин чадалтай агаарын шугам татаж, 110/35-ын дэд станц барьж байгуулсан байна. Эрэл компани Хөгжлийн банкнаас 68.2 тэрбум төгрөгийн зээл авсан. УИХ-ын гишүүн асан Б.Эрдэнэбат эзэмшдэг бөгөөд тэрээр Эх орон намын даргаар Дээд шүүхэд бүртгүүлээд байна. “Хөгжлийн банк”-ны шалгалтын ажиллагааны хүрээнд “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатыг “Чингис” бондын хөрөнгөнөөс ямар ч барьцаагүй 23 сая ам.долларын зээл авсныг нь илрүүлсэн билээ. Тэрээр энэхүү 23 сая ам.долларын зээлийг авахдаа эхлээд 14 сая ам.долларыг, дараа нь есөн сая ам.долларын зээлийг авсан байдаг хэмээн хэвлэлүүд мэдээлсэн.

Эх сурвалж: https://newspress.mn/v1/p/news/1466

By updown

One thought on “Хөгжлийн банкнаас 5.2 их наядын зээл авсан эздийг зарлалаа”
  1. АН,МАН ын хүмүүс гэж ялгахгүйгээр энэ мөнгийг төлүүлж улс орноо өрнөөс чөлөөлүүлэх хэрэгтэй шүү дээ дөнгөж төрж байгаа иргэн бүр 13,0 гаруй сая төгрөгийн өртэй төрж байгаа гэж бодохоор л аймаар

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн