МИАТ ХК компани ирэх тавдугаар сард Улаанбаатар-Бусан, арваннэгдүгээр сард Улаанбаатар-Бангкокийн чиглэлд шинээр нислэг үйлдэх гэж байна. Мөн тээврийн бус орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлж, Австрали болон Зүүн Өмнөд Азийн долоон чиглэлд шинээр шугам нээхээр төлөвлөж байгаа аж.
Тус компани 2017 оныг “Үйлчилгээний стандартын жил” болгон зарлаж, энэ ажлын хүрээнд алдагдалгүй ажиллах, санхүүгийн хүндрэлээс гарах, зардлаа бууруулж, орлогоо нэмэгдүүлэх зэрэг ажлыг хийж эхлээд байгаа юм байна. Компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар гадны авиакомпанийн агаарын хөлгүүдэд засвар үйлчилгээ хийж байгаа бөгөөд энэ оны хоёрдугаар сарын байдлаар есөн авиа компанийн агаарын хөлөгт засвар үйлчилгээ хийх гэрээ байгуулсан байна.
Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын инженерүүд 2014 онд анх Тайландын “Orient Thai” компанийн Боинг 767-300 агаарын хөлгийг эх орондоо авчран хүнд хэлбэрийн техник үйлчилгээг амжилттай гүйцэтгэж байсан бол үүнээс хойш “Orient Thai” компани Боинг 767-300 мөн Солонгосын “Easter Jet” компани Боинг 737-800 агаарын хөлөгтөө 2-3 удаа удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээ хийлгэсэн байна. Мөн Боинг 737-800 хөлөгт 16, Боинг 767-300 хөлөгт зургаан удаа засвар хийжээ.