Саяхан Лос-Анжелес хотод болсон авто шоуны үеэр “Toyota” компани үхрийн аргалаас гаргаж авсан метаныг дахин боловсруулж, эрчим хүч, устөрөгч үйлдвэрлэдэг станцыг Калифорнид байгуулахаар төлөвлөснөө мэдэгджээ. Уг төсөл нь “Tri-Gen Project” нэртэй юм байна.
Лонг-Бичийн боомтод байрлах энэ станц нь 2020 оноос үйл ажиллагаагаа явуулж эхлэх гэнэ. Уг станц өдөр бүр 2350 айлыг эрчим хүчний тэжээлээр хангах цахилгаан, устөрөгчийн хөдөлгүүртэй 1500 машиныг цэнэглэх хэмжээний устөрөгч үйлдвэрлэх хүчин чадалтай. Өдөрт 2,34 мегаватт цахилгаан, 1,2 тонн устөрөгч үйлдвэрлэнэ гэж “Toyota”-гаас мэдээлжээ.
Нэмж тэмдэглэхэд “Toyota” нь устөрөгчийн түлшний технологийн хөгжилд идэвхтэй хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Тус компани 2040 он гэхэд дотоод шаталтын хөдөлгүүртэй машины үйлдвэрлэлээ зогсоож, 2050 он гэхэд СО2-ын ялгарлыг 90% бууруулахаар төлөвлөөд байна.