Энэ сарын 25-нд сураггүй болсон сэтгэцийн өвчтэй, 48 настай иргэн С-ийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат С нь хүү С болон хэдэн хүний хамт самар түүхээр ууланд гарсан боловч, хамт байсан хүмүүсээсэ зугтааж алга болжээ.
Аавыгаа сурагггүй болсон тухай мэдээллийг хүү нь хугацаа алдаж гурав хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 13.40 цагт Төв аймгийн Онцгой байдлын албанд мэдэгдсэн байна.
Сураггүй болсон С-ийг эрэн хайх ажиллагааг Төв аймгийн онцгой, цагдаагийнхан гурван хоногийн өмнө эхлүүлсэн ч одоог хүртэл олоогүй байна. Эрэн хайх ажиллагаанд Биндэр сумын байгаль хамгаалагчаар ахлуулсан 12 хүн, хоёр автомашинтай, хамт самар түүж явсан түүний хүү С нарын 11 хүн, нэг автомашин, нийт 23 хүн, гурван автомашинтайгаар оролцож байгаа аж. Мөн нэмэлтээр Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын зургаан алба хаагч, нэг автомашинтай эрэн хайх ажиллагаанд өчигдрөөс нэмэлтээр очжээ.