Сураггүй болсон Д.Сэржмядаг охины хэрэгт 36 хүнийг сэжигтнээр татан мэдүүлэг авчээ

-Энэ онд  Замын-үүд суманд 10 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэрэг бүртгэгдсэн байна-

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн сурагч найман настай Д.Сэржмядаг охин сураггүй алга болоод 28 хонож байна. Одоог хүртэл охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр. Өмнө нь манай сонины тусгай сурвалжлах баг энэ хэргийн талаар газар дээр нь очиж, мэдээлэл бэлтгэн сурвалжилсан билээ. ЦЕГ-ын Тэргүүн дэд даргын 2017 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдрийн 21 дугаартай тушаалаар Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатараар ахлуулсан ЭЦА-ны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, МБА-ны хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, эрэн сурвалжлах хэлтэс, аймгийн цагдаагийн газар, хэлтсийн алба хаагч нараас бүрдсэн 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа юм байна.

СУРАГГҮЙ БОЛСОН Д.СЭРЖМЯДАГ ОХИНЫГ ЭРЭЭН ХОТООС ОЛДСОН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ХУДЛАА ГЭВ

Одоогийн байдлаар эрэн хайх ажиллагаанд цагдаагийн хэлтэс, онцгой байдлын хэлтэс, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс бүрдсэн, давхардсан тоогоор нийт 1200 гаруй алба хаагч, ажилтан, иргэд, албаны эрэлч нохой, давхардсан тоогоор 118 тээврийн хэрэгсэлтэй Замын-Үүд сумын 1,2,3,4,5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 24 байгууллага, 214 аж ахуйн нэгж, 4947 айл өрхөөр нэг бүрчлэн орж шалган, тус суманд шинээр баригдаж байгаа, бүрэн дуусаагүй, бүрэн дууссан боловч ашиглалтад ороогүй 47 айлын орон сууц, 445 траншей, бохир усны нүхийг шалгаж, сумын нэгдсэн ус цэвэрлэх байгууламжийн усыг шүүж ёроолыг нь шалган, байшингийн дээврийн хонгил, байшин, хувийн сууцандаа подвал, зоорьтой 174 объектод үзлэг шалгалт хийж гүйцэтгэсэн гэж эрэн хайх ажлын хэсгийн ахлагч, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар мэдээллээ. Тэрээр “Энэ сарын 17-ны өдөр дугаараа нууцалсан иргэн бидэнтэй холбогдож охин Эрээн хотод байна гэсэн мэдээлэл өгсөн. Бид энэхүү мэдээллийн дагуу Эрээн хотын цагдаагийн газартай холбогдож, улмаар газар дээр нь очиж ажиллуулахаар албан хаагчдаа томилсон. Хожим нууцалсан дугаарыг нь илрүүлтэл энэхүү дугаарын эзэн Эрээн хотынх биш, бүртгүүлсэн хаяг дээрээ оршин суудаггүй иргэн байсан. Ингээд дугаараа нууцалсан этгээд рүү эргүүлэн холбогдоход таамаг дэвшүүлж залгасан гэсэн тайлбар өгсөн. Үүнээс болж гадуур сураггүй алга болсон охиныг Эрээн хотоос олсон гэх худлаа мэдээлэл цацагдсан. Энэ мэт эрлийн ажиллагаанд хуурамч дуудлага, худлаа мэдээлэл ирүүлэхгүй байхыг хүсэж байна” гэлээ. Мөн БНХАУ-ын Эрээн хотод суугаа Монгол Улсын Консулын газарт холбогдох мэдээлийг хүргүүлж, Хөх хотын Цагдаагийн газарт Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцааны хэлтсээр уламжлуулан алга болсон охиныг эрэн хайх ажлыг Монгол Улстай хиллэдэг хотуудын цагдаагийн байгууллагад чиглэл өгүүлж, идэвхжүүлэн ажиллах талаарх хүсэлтийг албан тоотоор хүргүүлсэн. БНХАУ-ын Эрээн хотын Цагдаагийн газраас Д.Сэржмядаг охиныг БНХАУ-ын хилээр нэвтрээгүй, эрэн хайх, шалгах ажиллагааг хийж байна гэсэн албан бичиг ирүүлснийг хүлээн авсан. Одоогоор илэрсэн зүйлгүй, эрэн сурвалжлан олж тогтоох ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэсэн мэдээллийг албаныхан өгч байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Н.Алдарбаяр: ЯГ ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР МАНАЙ СУМАНД ШАЛГАГДААГҮЙ, ОРХИГДУУЛСАН ГАЗАР, ОБЪЕКТ ҮЛДЭЭГҮЙ

Энэхүү өргөн бүрэлдэхүүнтэй эрлийн ажиллагааны үеэр өөр хэд хэдэн төрлийн гэмт хэрэг илрүүлэн, шалгаж байгаа талаар мэдээлэл цацагдсан. Тухайлбал, эрэн хайх ажиллагаанд оролцож байсан зарим хүмүүс иргэний хувийн эзэмшил рүү зөвшөөрөлгүй халдаж, нэгжлэг хийсэн айлаасаа эд зүйл хулгайлсан тохиолдол гарсан тухай мэдээлж байна. Тиймээс Замын-Үүд сумын цагдаагийн газрын алба хаагчид өөрсдийн бүрэн бүрэлдэхүүнээр эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа ажээ. Мөн эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байх үед эрэгтэй 13 настай хүүхдийн цогцос олдсон гэх мэт хэргүүдийг илрүүлж, шалгаж буй юм. Сураггүй алга болсон охиныг эрэн хайх ажиллагааны талаар Замын-Үүд сумын Засаг дарга Н.Алдарбаяртай холбогдлоо. Тэрээр “Манай суманд Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд даргын тушаалаар Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Яг одоогоор Цагдаагийн байгууллага хэрэг үүсгээд шалгаж байгаа болохоор хэрэгт холбоотой зарим нэг зүйлийг нууц байдалтай явуулж байна. Надад өгсөн мэдээллээр энэ хэрэгтэй холбоотой янз бүрийн таамаг төдий мэдээллүүдийг хумьж, судлаж байна гэсэн. Эрэн хайх ажиллагааг эхнээс нь их өргөн хүрээнд явуулсан. Олон удаагийн давталжтайгаар айл, өрхүүдийг шалгаж, үзлэг хийж байна. Мөн манай суманд эрж хайх боломжтой бүх газруудыг шалгасан. Хөдөө байх айлын өвөлжөө, хаваржаагаар ч явлаа. Сумын төвийн ойролцоох суурин, балгас, хүн орогнож болох бүх газраар явсан. Мөн үнэг, шувуу эргэлдэж буй газруудаар өдөр нь дурандаж, шөнө нь гэрэлтүүлж, эрэн хайсан. Хилийн цэргийн ангиудад асуудал тавьсан. Бүх аймаг, сумдын удирдлагууд энэхүү хэргийг мэдэж байгаа. Өнгөрсөн хугацаанд гэмт хэрэгт холбогдож байсан болоод холбогдож болзошгүй нөхдүүдийг судаллаа. Цагдаагийн байгууллагаас хүчингийн хэрэгт холбогдож байсан этгээдүүдээс шалгаж, тодруулах ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Төмөр зам дагасан бетонон хоолой, суваг, шуудуу, муу усны хаягдал нүх зэрэг газруудыг дахин сайтар шалгаж, самнаж байна. Мөн Сайншанд суманд эрлийн ажиллагааг явуулж байгаа. Охиныг алга болсон өдөр Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд явсан 275 дугаар галт тэрэгний 40 гаруй үйлчлэгч, ажилчидтай уулзаж, охины талаар мэдээлэл цуглуулсан зэрэг ажлуудыг өнөөдрийг хүртэл зохион байгуулалтай хийж байна. Бага насны хүүхдэд мөнгө өгье, чихэр өгье хэмээн дуудаж уулздаг жижиг машинтай хүмүүс байдаг гэсэн мэдээллийн дагуу сумын төвийн сургуулийн сурагч нартай уулзаж, асуудал дэвшүүлэн шалгаж байна. Мөн сумын төвийн хогийн цэгийг том автомашинаар хэд хэдэн удаа түрж, ухаж, сэндийчиж үзлээ. Алга болсон охины хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсийг шалгаад дуусч байгаа гэсэн мэдээлэл байна. Хилийн цэргийн сургалтын хашаа нь дотор болоод эдийн засгийн чөлөөт бүсийн хашаанд самналт хийж үзсэн. Өнөөдрийн байдлаар манай сум, орон нутагт шалгагдаагүй, орхигдуулсан газар, объект үлдээгүй. Бүгдийг нь л дахин шалгаж үзсэн ч одоог хүртэл охины талаар ямар нэгэн сэжүүр гарч ирсэнгүй. Энэхүү хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээд цагдаагийн байгууллага шалгаж байгаа учир цаашид ямар арга барил, зохион байгуулалтаар ажиллах нь цагдаагийн мэдэх асуудал болсон. Бидэнд ямар чиглэл, ажиллагаагаар энэхүү хэргийг мөрдөж байгаа нь нууц байна. Алга болсон охины аав, ээж, ар гэрийнхэн нь одоогоор хувиараа эрлийн ажиллагаа хийж, зөн билэгтнүүдтэй хамтран ажиллаж байгаа гэсэн. Сум, орон нутгийн зүгээс эдгээр хүмүүст шаардлагатай техник хэрэгслээр туслаж байна” гэв.

Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Сугаржав: СУРАГГҮЙ БОЛСОН Д.СЭРЖМЯДАГ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД 36 ХҮНИЙГ СЭЖИГТНЭЭР ТАТАН, МЭДҮҮЛЭГ АВСАН

Энэ онд гэхэд Замын-Үүд суманд 10 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн бөгөөд одоогоор эдгээр хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Эдгээр гэмт хэргийн хохирогчид нь 6-14 насны хүүхдүүд байсан хэмээн албаны хүмүүс ярьж байна. Жилд давхардсан тоогоор хоёр сая гаруй хүн Замын-Үүд сум, Эрээн хотын чиглэлд зорчдог гэсэн судалгаа бий. Энэхүү хөл хөдөлгөөн Замын-Үүд сумын иргэдэд олон аюулыг дагуулж байгааг нутгийн оршин суугчид хэлж байсан юм. Энэ талаар болоод алга болсон охиныг эрэн хайх ажиллагааны үеэр ямар, ямар гэмт хэрэг, зөрчил гарсан талаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Сугаржаваас тодрууллаа. Тэрээр “Сураггүй болсон Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажил үргэлжлэн явагдаж байна. Энэхүү хэрэгтэй холбоотойгоор 36 хүнийг сэжигтнээр татаж, мэдүүлэг авсан. Мөн энэхүү хэргийг мөрдөн шалгах үеэр эрэгтэй 13 настай хүүхдийн цогцос олдсон. Талийгаач энэ сарын 10-ны өдөр найзындаа хонохоор гэрээсээ гарсан байсан. Нутгийн Шүүх шинжилгээний эмнэлэг талийгаачийн цогцост задлан хийж, үхлийн шалтгааныг тогтооход газ үнэрлэн нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Одоогийн байдлаар энэхүү хэргийг давхар шалгаж байна. Харин эрэн хайх ажиллагааны үеэр хүчингийн болоод хүний амь настай холбоотой, хүний наймаа, хүүхдийн хулгай зэрэг онц ноцтой гэмт хэрэг гараагүй. Гадуур цацагдаж буй хуурамч мэдээлэлд итгэхгүй байхыг хүсэж байна” гэв.

Эх сурвалж:

 

3 thoughts on “Сураггүй болсон Д.Сэржмядаг охины хэрэгт 36 хүнийг сэжигтнээр татан мэдүүлэг авчээ

  1. зочин 2017-12-01 09:49 at 09:49

    Энэ олдох нь өнгөрсөн.

    Хариулах
  2. mongol 2017-12-01 11:43 at 11:43

    ene huuhdiig olohgui bol Mongol uls gej bgd yahiin.yamar nohoi bish hun biz dee.tomchuuliin huuhed alga bolbol olohdoo l olno naaduul chin.ene yamar geech niigemd amidraad bgaan be.

    Хариулах
  3. өөө 2017-12-01 11:58 at 11:58

    манай цагдаа ийм муу байнуу, эсвэл гэмт хэрэгтнүүд ул мөрөө ийм сайн баллаж чадав уу, өөрсдөө чадахгүй бол АНУ, Израиль, Орос гээд чаддаг газраас нь мэргэжилтнүүд хөлсөлж авчраачээ

    Хариулах

өөө-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн