Нийслэлийн Хангарьд ордонд “Нэг өрх-нэг ажлын байр дэд хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг яг одоо хэлэлцэж байна. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон Нийгмийн бодлогын хэлтэсийн ажилтан н.Оюунгэрэл, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн холбоо зэрэг бусад холбогдох албан тушаалтан оролцож, цаашдын бодлогоо тодорхойлж байгаа юм.
Сая гаруй иргэнтэй Нийслэл хотод өнөөдрийн байдлаар 46 мянган иргэн ажилгүй гэх тоо мэдээлэл байна. Судалгаагаар нэг өрхөд нэг ажилгүй хүн 36.8 хувийг эзэлж байгаа бол нэг өрхөд амьдарч буй таван хүн ажилгүй 0.6 хувийг эзэлж байгаа аж.
Ажилгүй иргэдийг орлоготой болгож, ядуурлыг бууруулах зорилгоор өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газараас “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд 9000 гаруй ажлын байрыг бий болгож, “Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-нд нийслэлийн зургаан дүүргийн 566 иргэнийг хамруулсан байна. Ингэснээр хөтөлбөрт хамрагдсан иргэд өөрөө өөртөө ажлын байр бий болгож, тариалсан хүнсний ногооныхоо ашгийг амьжиргаандаа хэрэглэх боломжтой нь энэ хөтөлбөр үр дүнгээ өгсөн юм. Тухайлбал, иргэд өнгөрсөн наймдугаар сард нэг хүлэмжээс ойролцоогоор 800 кг өргөст хэмх хурааж нийт 26 хүлэмжээс 70 гаруй сая төгрөгийн нарийн ногоог хураан авчээ. Уг хөтөлбөрийн хүрээнд цаашид Үйлдвэр инновацийн парк байгуулснаар 2020 он хүртэл 19000 ажлын байрыг бий болгох зорилт дэвшүүлээд байгаа аж. Нийслэлийн удирдлагууд ядуурлын түвшинг бууруулахын тулд ажлын байрыг бий болгохдоо хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр хэлэхдээ “ Төр захиргаанаас зохион байгуулж байгаа ажлын байраас гадна хамгийн гол хувийн байгууллагуудтай хамтарч ажиллах хэрэгтэй. Төрийн байгууллага дангаараа ажиллавал ажлын байр тоотой учраас нэмэгдүүлэх асуудал дээр орон тоо бүтэц яригдах юм. Өнөөдрийн хэлэлцүүлгээр бид ямар арга замаар ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогын түвшингээ тодорхойлж байна” гэсэн юм.