Таны харж буй зураг хэд хоногийн өмнө Наадамчдын замд болсон осол. Жолоочийн анхаарал болгоомжгүйгээс 4 хайс, гэрлийн шонгийн хамт дайрагдсан нь энэ. Азаар хүний амь нас эрсдээгүй өнгөрчээ. Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт эгнээ тусгаарлах болон явган хүний хайс хашлага дайрагдах, гэрлийн шон мөргөх зэрэг энэ мэт асуудал өдөр тутам тулгардаг.
Нийслэл хотод 90138 метр хайс, 11823 ширхэг гэрэлтүүлгийн шон байдаг гэсэн судалгаа бий. Гэтэл сард дунджаар 70-100 метр хайс тоноглолын хамт, 1-3 гэрлийн шон, 2-5 ширхэг замын тэмдэг дайрагддаг байна. Түүгээр зогсохгүй сүүлийн үед гүүр мөргөх үзэгдэл цөөнгүй гарсаар байгаа юм. Тухайлбал Сонсголонгийн гүүрэн дээр том оврын ачааны автомашины тормос бариагүйгээс гүүрний хаалт дайрч, тэр чигтээ унасан, автобус гүүрний хаалт мөргөсөн зэрэг томоохон ослууд ердөө сар хүрэхгүй хугацаанд нэг газар болж өнгөрсөн. Энхтайваны гүүрийг ч бартаа тойрсонгүй. Өнгөрсөн оны сүүлээр буюу 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө “Ниссан экстрайл” маркийн машинаар Энхтайваны гүүрний хашлагыг мөргөж, явган хүний зам дээрх гэрлийн шонг унагаад зугтсан. Хамгийн сүүлд гэхэд энэ оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Субару” маркийн автомашин гүүрний хаалтыг мөргөж, ихээхэн хэмжээний хохирол учруулсан гэх мэт уртаас урт жагсаалт хөвөрнө. Хотын төвийн замаас гадна Богд уулын арын зам, Гачууртын зам, зуслан чиглэлийн замуудад гэрлийн шон, хайс хашлага дайрах явдал түгээмэл тохиолдох төдийгүй хохирол учруулсан этгээдүүд хэргийн газраас зугтаж байгаа нь тухайн газарт замын цагдаа болон камер байдаггүйгээс хохирлыг нөхөн төлүүлэх боломжгүйд хүрч байгаа юм.
Энэ бүхний шалтгаан нь ердөө л жолоочийн “хариуцлага”. Зам тээврийн осол жолоочийн буруутай үйлдлээс 81,1 хувь, маш бага буюу 0,3 хувь л замын нөхцөлөөс шалтгаалдаг гэсэн судалгаа байдаг. Авто машиныхаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, согтууруулах ундаа хэрэглэсэн, хурд хэтрүүлсэн, нойр дутуу аль эсвэл хэт ядарсан үедээ авто машин барьсан, гар утсаар ярьж анхаарлаа сарниулсан гэх мэт олон шалтгаануудыг тоочиж болох. Дээрх хариуцлагагүй үйлдлүүдээс болж нийтийн эзэмшлийн эд хөрөнгө сүйдэж, татвар төлөгчдийн мөнгө салхинд хийсч байгаа нь харамсалтай. Гагцхүү энэ бүхний эцэст хүний алтан амь хохироогүйд л баярлах. Харин ослын дараа Замын цагдаа болон тухайн гэмтлийг засварлах чиг үүрэг бүхий байгууллагын ажил ундардаг. Эвдэрч дайрагдсан “төмрүүдийг” “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын замчин, цахилгаанчин, тэмдэгчин, гагнуурчин, жолооч зэрэг хүмүүсээс бүрдсэн Шуурхай бригад 24 цагаар ажиллаж, засч хэвийн байдалд нь оруулдаг аж. Хэрвээ энэ мэт гэмтлийг яаралтай засварладаг мэргэжлийн байгууллага байдаггүй бол хот долоохон хоногийн дотор эвдэрхий төмрөөр дүүрэх нь хатуу үнэн. Гэвч ийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд жолооч нар алхам тутамдаа анхаарал болгоомжтой байж, эрдэнэт хүний амь төдийгүй нийслэл хотынхоо эд хогшлыг хайрлан хамгаалах нь өөрийн болон бусдын цаг хугацаа, хөрөнгө мөнгө цаашлаад Нийслэлийн хотынхоо хөгжилд оруулж буй том хувь нэмэр болохыг ойлгож ухамсарлах шаардлагатай юм. Бид салхинд хийсгээд байх тийм их мөнгөтэй улс биш гэдгээ ухаарцгаая. Ниргэсэн хойно нь хашгирах биш аливаа асуудлыг урьдчилан харж, сонор сэрэмжтэй байх нь жолооч таны үүрэг болохыг хэзээ ч мартах учиргүй. Болгоомж, болгоомж, бас дахин болгоомж.
Эх сурвалж: http://www.zugeer.mn/?p=21685