Японы парламентын гишүүн, 42 настай Юка Огата дикритнийхээ амралтын дараа анх удаа долоон сартай хүүгээ дагуулан ирж, хуралд сууж шуугиан тарьжээ. Эхэндээ бүсгүйг парламентад шүүмжилж байсан боловч эцэст нь энэ сэдвийг олон нийтийн сүлжээгээр идэвхтэй хөндөж эхэлсэн байна.
Түүний хувьд хүүгээ төрүүлснээс хойш анхны өдрөө ажилдаа орж буй нь энэ юм. Тэрбээр хүүгээ тэврээд суудлаа чимээгүйхэн эзэлжээ. Гэтэл парламентын дарга Йошито Савада тэргүүтэй эрэгтэй гишүүд түүн рүү дөхөж ирж, зааланд жаахан хүүхэд авчирсанд дургүйцэж буйгаа илэрхийлсэн байна.
Савада бүсгүйг хуралдаа хүүхдээ орхиод ирэхийг шаардахад тэр эхэндээ татгалзжээ. Ингээд хагас цаг хэртэй ярилцаж, ятгасны эцэст Огата хүүхдээ танилдаа түр үлдээхээр болсон байна.
Энэ бол Японы эмэгтэй улстөрчид парламентад хүүхдээ авчирсан анхны тохиолдол юм. Огата ажил эрхэлж буй эмэгтэйчүүдийг яах ч аргагүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд хүүхэдтэйгээ хамт ажилдаа ирэх боломжийн төлөө тэмцэхээ сурвалжлагч нарт мэдэгджээ.
“Эмэгтэйчүүд юугаа ч золиосолгүйгээр, хүүхдүүдээ өсгөнгөө аз жаргалтай ажиллахыг хүсдэг” хэмээн Юка Огата хэлжээ.
Парламентын дарга ч Огатагийн санаачилгыг авч хэлэлцэх болно гэсэн байна. Тэрбээр “Эмэгтэйчүүдэд ажиллах орчныг сайжруулах тухай түүний саналыг бид хэлэлцэнэ гэж найдаж байна” хэмээн Йошито Савада мэдэгджээ.
Залуу эцэг эхчүүд Огатагийн санаачилгыг дэмжих хөдөлгөөн ч өрнүүлж, хүүхдүүдээ ажлын байран дээрээ авчрах болжээ.
Ер нь Японд олон эмэгтэй нөхөрт гарч, хүүхэдтэй болсныхоо дараа ажлаасаа гардаг. Энэ нь япончуудын ажлын зарчим хатуу байдагтай холбоотой.