ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газар, ЦЕГ-ын Замын цагдаагийн алба хамтран шүүхээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар шийтгүүлсэн этгээдүүдэд тавих хяналтыг сайжруулж, ялын хэрэгжилтийг нэг мөр хангах, холбогдох хууль, журмын хүрээнд ялтанд хяналт тавьж буй төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны уялдаа холбоог хангах зорилгоор “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэрэгжилт” сэдэвт 2 сарын аяныг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс улсын хэмжээнд эхлүүллээ.
Тус аянд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газар, Цагдаагийн ерөнхий газрын Замын Цагдаагийн алба, нийслэл, орон нутаг дахь шийдвэр гүйцэтгэх алба, хэсэг, замын цагдаагийн хэлтэс, тасгийн бие бүрэлдэхүүн хамрагдан ажиллахаар болжээ.
Аяны хүрээнд талууд хамтран замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт хяналт, шалгалтыг тогтмол явуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар шийтгүүлсэн этгээдүүдэд холбогдох хууль, журмын талаар нэгдсэн яриа, таниулга хийх, эрх зүйн орчныг сайжруулах, харилцан мэдээлэл солилцох явцыг хурдасгах боломжийг бүрдүүлэх чиглэлээр хурал зохион байгуулж, санал солилцох зэрэг ажлыг зохион байгуулан ажиллах юм.
Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялын 80-90 орчим хувь буюу дийлэнх нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар шийтгүүлсэн этгээдүүд эзэлдэг байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, мөн согтууруулах, мансууруулах төрлийн бүтээгдэхүүн хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байж, өөрийн болоод бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд учруулахгүй байхыг нийт иргэддээ сэрэмжлүүлж байна.