2017-11-28 12:501min00

Налайхын уурхайд дахин гурван хүн угаарын хийд цохиулжээ

nalaikh

Өчигдөр (2017.11.28) Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг, Хонхорын уурхайн эдэлбэр газарт гурван уурхайчин угаарын хийд цохиулан ухаан алдсан байна. Энэ тухай дуудлага ОБЕГ-т ирсэний дагуу Уул уурхайн аврах ангийн 12 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж уурхайчдын амь насыг аварсан байна.

Аврагчид Тус дүүргийн иргэн 41 настай эрэгтэй Б, иргэн 41 настай эрэгтэй Э, иргэн 50 настай эрэгтэй А  нарыг уурхайн гүнээс гаргасны дараа Эрүүл мэндийн төвд шилжүүлсэн байна. Тэдний биеийн байдал сайжирсны дараа өчигдөр орой 16:00 цагт эмнэлгээс гарчээ.

Сүүлийн үед Налайхын уурхайд хувиараа нүүрс олборлох гэсэн иргэд бэртэх, амь насаа алдах харамсалтай хэргүүд гарах болсон. Энэ сарын 16-нд иргэн Б-гийн сэргээн ашиглаж буй нүүрсний бичил уурхайд нуралт үүсч, хоёр иргэн амиа алдсан юм. Мөн иргэн Э-гийн эзэмшлийн уурхайд энэ сарын 15-нд нуралт үүсч дөрвөн хүн даруулсан байсныг онцгой байдлын албан хаагчид амь насыг нь аварсан билээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй