Нийгэм

Өнгөрсөн өвөл 70 мянга гаруй хүн халтиргаанаас болж гэмтснээс 20 хувь нь группт шилжжээ

Сурталчилгаа

Жил бүрийн арваннэгдүгээр сараас хойш халтиргаа гулгаанаас үүдэлтэй гэмтэл утаанаас ч дутахгүй их асуудал үүсгэдэг. Энэ бол миний эх оронд өвлийн улирал айлчлан ирсний хамгийн тод илрэл. Өвөл хүйтэрнэ, даарна, бас халтирна. Халтирахад ямар нэгэн байдлаар хүнд, хөнгөн гэмтэнэ.

Үүнийг өнөөдрийн УИХ-д суугаа 76 гишүүний нэг нь хэлсэн байдаг. Түүний зөв. Даарч хөрөх нь ч яах вэ. Гэртээ, эсвэл албан тасалгаандаа ороод дулаацаж болно. Ямар нэгэн гарлага гарахгүй. Харин бэртэж гэмтсэн тохиолдолд иргэн надаас, танаас, биднээс ихээхэн гарз гарна. Наандаж ажлаа алдана, эм тан авч боолт хийлгэхээс эхлээд мөнгө хэрэгтэй. Нэг өдрийн орлогоо алдах нь энүүхэнд. Бид жил бүрийн өдийд үүнийг зохицуулж амьдрах гэж хэрэндээ л их зүдэрдэг.

Өнөөдөр ч бас энэ бүхнийг тэнцүүлэх гэж зовж явна. Өдрийн ихэнхийг өрөөндөө сууж өнгөрөөдөг, хар теньтэй хар машинаар байнга зорчдог дарга нарт өвөл ямар санагддаг бол. Өглөөнөөс орой болтол гадуур гүйдэг мань мэтэд нь өвөл яггүй улирал. Дээрээс нь өнгөт хавтангаар өнгөлсөн энэ гял цал шал өглөө гэрээсээ бүрэн бүтэн, эрүүл саруул гараад явсан хүнийг орой нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эгнээ рүү “шилжүүлчих” нь олон. Хүйтний эрч чангарч байгаа энэ үед хүмүүс олноороо бэртэж, гэмтэж байна. Нэг жилд 12 сар байдаг. Тэгвэл тэр 12 сарын таван сард нь Гэмтэл, согог судлалын үндэсний төв эмнэлэг ачааллаа дийлэхгүй шахам ажилладаг. Яагаад гэвэл 11-3 дугаар сар хүртэл нийслэлд халтиргаа гулгаа хамгийн их. Өглөө цас орлоо, үдээс хойш эмнэлгийн үүдээр гэмтэж бэртсэн иргэд дүүрнэ. Гэмтсэн иргэдийн 80 гаруй хувь нь автомашины бус явган хүний зам дээр унасан байгаа юм. Хэцүү байгаа биз. Энэ бүхэн ердөө хоёрхон шалтгаантай.
1.    Нийслэлийн тохижилт хариуцсан компани болон аж, ахуйн нэгжүүд явган хүний замыг цэвэрлэхдээ хойрго ханддаг. Цас орсноос хойш бараг сарын дараа явган хүний замыг цэвэрлэж байгаа юм. Хотын төв хэсгийн явган хүний замыг хальт цэвэрлэсэн болно. Захын хороолол бол цэвэрлэхгүй байсаар дараагийн цастай золгох тохиолдол цөөнгүй. Уг нь цас мөсөө цэвэрлээгүй аж ахуйн нэгж, албан байгууллагад хариуцлага тооцох журмыг нийслэлийн захирагчийн ажлын албанаас хэдэн жилийн өмнө баталсан. Харамсалтай нь, Монголын хууль гурав хоног хэрэгждэг гэдэг шиг энэ журмыг дагаж мөрддөг албан газар Улаанбаатарт бараг алга. Гэмтэж, бэртчихээд гомдол мэдүүлбэл түүнээсээ ч эс юм болж мэднэ. Мөнгө, төгрөг авч хохирлоо барагдуулах нь битгий хэл мангар, тэнэгээрээ дуудуулаад, хөөгдөөд гарах нь энүүхэнд. Тиймээс айх, гайхах хоёр зэрэгцээд, аргаа бараад асуудал дэвшүүлж сууна. Амьд явах эрх минь сүүлийн үед нэг л эргэлзээтэй болж хувираад байна.
2.    Хотын төвд тавьсан гоё шал гэмтэх хоёр дахь шалтгаан болж байна. Урд хөршөөс импортолж, улмаар нийслэл хотыг гоё, цэвэрхэн харагдуулах үүднээс хэд хэдэн байршилд тавьсан өнөөх гоёмсог гялгар хар саарал өнгөтэй хавтангууд миний, таны эрүүл мэндэд ямар ч зөвшөөрөлгүй халдах шиг. Баянзүрх, Сүхбаатарын дүүргийн хил хязгаарыг тусгаарладаг Арслантай гүүр, Монгол орны төрийн жолоог атгаж буй эрх мяндагтнуудын сууж буй Засгийн газрын ордны зүүн болон хойд тал, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Цагдаагийн хэлтсийн хойд талын явган хүний замыг ийм гялгар, мөлгөр чулуун хавтангаар гоёсон. Харамсалтай нь, гоё харагдахаасаа илүүтэй өвөл, хаврын улиралд бидний эрүүл мэндэд заналхийлж байна.
Дээрх хоёр шалтгаанаас болж гэмтлийн эмнэлгийг зоригсдын тоо өдрөөс өдөрт, жилээс жилд нэмэгдсээр байна. Өнгөрсөн өвлийн дөрвөн сарын байдлаар 70 мянга гаруй хүн халтирч унаснаас болоод хүнд, хөнгөн гэмтсэн. Халтирч унасан иргэдийн 20-иод хувь нь группт шилжсэн гэх тоо баримт ч бий. Тэгвэл өвлийн улирал айлчилж ирснээс хойш нийслэлд гурван удаа их хэмжээний цас ороход 4000 гаруй хүн ямар нэгэн байдлаар гэмтэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.

 

АМЬД ЯВАХ ЭРХИЙГ МИНЬ ХОТЫН ТӨВИЙН ГОЁ ШАЛ БООМИЛЖ БАЙНА

Өнгөрсөн арваннэгдүгээр сард орсон цаснаар л гэхэд Гэмтлийн эмнэлэгт 1149 хүн хүнд болон хөнгөн бэртэл авч хүргэгджээ. Үүний 206 нь зам тээврийн осол, 360 нь явганаас хальтирч унасан, үлдсэн нь албан байгууллагын шат, үүд орчимд хальтирсан хүмүүс байна. Тиймээс энэ удаа хүний амийг золиосолж буй хүнсний бодлого, гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдлын тухай ярих гэсэнгүй. Зам тээврийн осол тоогоо алдаад буй энэ үед ядаж явган хүнийхээ замыг нийслэлчүүдийн хэрэгцээнд тохируулаад, улиралд нь зохицуулаад засч, янзалдаг больё гэсэн санааг дэвшүүлэх гэсэн юм. Учир нь, хотын төвөөр дэвссэн гоё шалнууд чинь миний эрүүл мэндэд халдаж, амьд явах эрхийг минь боомилж байгааг дуулгая. Үе үеийн хот, дүүргийн удирдлагууд энэ асуудалд барагтай л анхаарал хандуулдаггүй. Ер нь явган хүний замд ач холбогдол өгч, үүрэг даалгавар өгсөн дарга тун цөөхөн биз. Тиймдээ ч өнөөдөр хотын явган хүний зам стандарт бус, солонгын долоон өнгө шиг элдэв төрлийн чулуун хавтангаар дүүрчээ.

БАЯРЫН ҮЕЭР ХҮЙТЭРНЭ. ХАЛЬТИРЧ УНАХААС БОЛГООМЖЛООРОЙ

Идэр есийн хүйтэн эхлэхэд 25 хоног үлдлээ. Хүйтний эрч ч энэ долоо хоногоос нэлээд чангарах төлөв байна. Ялангуяа нийслэл хотод. Шөнөдөө багахан хэмжээний хялмаатай. Ер нь л энэ өвөл өмнөх жилийнхийг бодвол арай ахиу цастай байх төлвийг цаг уурчид гаргасан. Арванхоёрдугаар сар гарангуут албан байгууллагууд шинэ жилээ тэмдэглэж эхэлнэ. Тэгвэл та бүхэнд сэрэмжлүүлэг хүргэе. Мэдээж та дулаан хувцаслах нь зүйн хэрэг. Даарна шүү дээ. Гэхдээ үүнээс илүү халтирч унахаас болгоомжлоорой. Согтуу хөлчүү, халамцуу яваа нэгнээ халамжилж хамтдаа халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэхэд гэмгүй. Бараг 20-иод хоногийн өмнө орсон цаснаас явган хүний зам дээр тогтсон мөсийг өнөөдрийг хүртэл арилгаж чадаагүй байгаа. Дээрээс нь хотын төвөөрх явган хүний зам дээр гялгар чулуун хавтан их байдаг учраас хальтрахаас сэргийлээрэй. Хэдхэн минутын хялмаа хаяхад л гялгар чулуун хавтан дээр нэг мэдэхэд та тэнгэр ширтээд хэвтэж байхыг үгүйсгэхгүй. Муу ёрын хог вэ гэж бүү зэмлээрэй. Бодит үнэнээс урьдчилан сэргийлж буй царай нь энэ. Өнөөх буруу бодлогоор явж буй хотын хөгжил, бусдад сайхан харагдуулах гэж хийсэн явган хүний зам бүр ч их эрсэл дагуулж мэдэх нь.

МОНГОЛД MNS56822006 СТАНДАРТ МӨРДДӨГИЙГ МЭДЭХ ҮҮ

Монгол Улсад явган хүний зам тавихад MNS56822006 буюу явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан зам, техникийн шаардлагыг мөрдөж байгаа юм. Жишээ нь, хотын төвийн явган замыг хийхдээ элсэн суурь дээр цохиж, цутгаж өнгөт хавтангаар хийдэг юм байна. Нийслэлийн явган хүний замуудыг энэ стандартын дагуу хийдэг хэмээн албаныхан ярьдаг ч бодит байдал дээр үгүй. Холбогдох мэргэжилтнүүд замыг хүлээж авахад олон газраас эксперт ажиллаж, чанарыг шалгадаг учраас явган хүний зам өвөлдөө халтиргаа гулгаатай байдаг ч стандартын дагуу хийгдсэн хэмээн тайлбарлаж байна. Нийслэлд хийдэг явган хүний замыг бүгдийг нэг стандартаар, хяналт шалгалтын дагуу хийдэг гэж албаныхан мэдээлж байгаа юм. Гэхдээ иргэдээс ч гэсэн халтиргаа гулгаа үүсэх материалаар явган хүний замыг хийсэн байна, ялангуяа хараагүй хүний зам ихээр халтирч байна гэх гомдол ирдэг гэв. Гэвч нэгэнт явган хүний замыг хийхэд тодорхой стандарт гэж байдаг. Тэрийгээ мөрдөж л ажиллаж байгаа. Хэрвээ одоогийн загвар нь үнэхээр болохгүй байна гэвэл стандартыг нь өөрчлөх л боломжтой гэж мэргэжилтнүүд нь ярьж байна. Нэгэнт ийм нөхцөлд иргэд өөрсдөө л анхаарал болгоомжтой зорчих, бэртэж гэмтсэн бол аль байгууллагын өмнө халтирч унасан бэ, тухайн байгууллага 50 метр хүртэлх цас мөсөө цэвэрлэсэн байна уу гэдгийг анхаарч эргээд тэр газартаа гомдол гаргаж, эмчилгээний төлбөр авах л боломжтой юм байна. Гэхдээ ингэж эмчилгээний төлбөрөө гаргуулах тохиолдолд тухайн байгууллага цас мөсөө цэвэрлээгүйн улмаас үүдэнд нь халтирч унасан гэдгээ нотлох баримт, бичлэг, зураг дарах, эсвэл хөндлөнгийн гэрчтэй байх хэрэгтэй гэдгийг иргэдэд сануулж байна. байгууллагууд явган хүний замаа Хятадын дулаан бүсэд хэрэглэдэг гөлгөр хавтангаар хийдэг. Энэ нь цас орсон тохиолдолд ямар ч мөсөн гулгуураас дутуугүй халтиргаа үүсгэдэг. Цөөнгүй хүмүүс ийм замтай байгууллагын буруугаас болж гэмтэж байна. Тиймээс гэмтэж бэртсэн иргэд хохирлоо нэхэмжилдэг болцгоовол амьдралд ойрхон. Хот, дүүргийн удирдлага, холбогдох албаныхан биеэ өмөөрөх нь ойлгомжтой. Гэхдээ стандартаа дахиад нэг нягтлаад үзвэл ямар вэ. Лав л хотын бүх явган хүний замыг нэг стандартаар хийдэггүй.
Эцэст нь, Хотын ерөнхий менежер “Нийтийн эзэмшлийн зам талбайн хог хаягдал, цас мөсний цэвэрлэгээг сайжруулна. Цас ормогц тохижилт үйлчилгээний байгууллагууд  явган хүний замын цасыг нягтаршиж халтиргаа гулгааг үүсэхээс нь өмнө өглөө эрт цэвэрлэх хэрэгтэй. Аж ахуйн нэгж байгууллагууд, Сууц өмчлөгчдийн холбоод орчныхоо 50 метр газрыг тогтмол цэвэрлэж, хальтиргаа гулгааг арилгаж хэвших ёстой. Хальтиргаа гулгаа үүсгэж иргэний эрүүл мэндийг хохироосон аж ахуйн нэгжид холбогдох мэргэжлийн байгууллага хариуцлага тооцно. Тиймээс нийслэлийн хот тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцдаг байгууллагуудыг оролцуулсан нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулна. Зөвлөгөөнөөр хот тохижилтын чиглэлээр баримтлах бодлогыг тодорхойлж нэгдсэн нэг чиг үүрэг, зохион байгуулалттай ажиллана” гэсэн. Хамгийн гол нь “Цас ормогц тохижилт үйлчилгээний байгууллагууд  явган хүний замын цасыг нягтаршиж халтиргаа гулгааг үүсэхээс нь өмнө өглөө эрт цэвэрлэх хэрэгтэй.

Аж ахуйн нэгж байгууллагууд, Сууц өмчлөгчдийн холбоод орчныхоо 50 метр газрыг тогтмол цэвэрлэж, хальтиргаа гулгааг арилгаж хэвших ёстой” гэсэн үүрэг даалгаврыг л хэвшүүлчихвэл болох гээд байна. Автомашины замд бол тэртээ, тэргүй өвөл болохоор бид даарна, түгжирнэ, угаартана, халтирна. Ийм өвлийг нийслэлчүүд сүүлийн 10 жилийн турш үзэж байх шив.

Үндэсний шуудан сонин

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close