“Ертөнцийн мисс”-ийн титмийн эзнээр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын сайхан бүсгүй, 22 настай Деми-Ли Нель-Питерс тодорлоо. АНУ-ын Невада мужийн Лас-Вегаст болж өндөрлөсөн тэмцээний эцсийн шатны дүнгээр энэ бүсгүй тодорсон байна.
Нель-Питеос тэмцээний үеэр “Ертөнцийн мисс”-ийн хамгийн чухал шинж юу вэ гэсэн хөтлөгчийн асуудалд өөртөө итгэлтэй байдал хэмээн хариулжээ. Түүнчлэн тэрбээр титмийн эзэн айдсаа даван туулах чадвартай, бусад эмэгтэйчүүдэд ч үүнд нь тусалдаг байх хэрэгтэй гэсэн байна. Өөрийгөө ч тэр энэхүү шалгуурт нийцнэ гэжээ.
“Ертөнцийн мисс” тэмцээн хамгийн анх 1952 онд зохион байгуулагдаж байсан юм. Энэ бол “Дэлхийн мисс”, “Эх газрын мисс”, “Мисс интернэшнл” зэрэг гоо сайхны дөрвөн том тэмцээний нэгд багтдаг.
Тэмцээний ялагч үнэт эдлэлийн титмээс гадна Нью-Йоркт нэг жилийн турш үнэгүй амьдрах эрх, түүнчлэн зар сурталчилгааны гэрээний эрх авч, дэлхий дахинаа янз бүрийн сайн үйлсийн аянд оролцдог байна.