АНУ-ын одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч болох Дональд Трамп, Билл Клинтон нарын охид төрийн экс тэргүүн Барак Обамагийн том охиныг өмгөөлөн хаацайлж эхлэв. Тэд “Twitter”-ээрээ дамжуулан Малияг ийнхүү хамгаалжээ.
“Малия Обама үеийнхээ оюутнуудын адил хувийн амьдралтай байх эрхтэй. Тэр бол залуу охин, хувь хүн, тиймээс түүний амьдралд оролцох хэрэггүй” хэмээн Дональд Трампын охин Иванка Трамп жиргэсэн байна.
Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нарын охин Челс ч мөн ийм утгатай уриалга гаргажээ. “Малия Обама өөрийн гэсэн амьдралтай хүн. Тэр бол залуу, оюутан, хувь хүн. Түүнийг хэтэрхий их сонирхол татсан хүнээр харах хэрэггүй” гэжээ.
Иванка, Челси хоёр ийнхүү санаа нэгдсэн шалтгаан нь саяхан интернэтээр Барак Обамагийн том охинтой төстэй нэг охин тамхи татаж байгаа бичлэг цацагджээ. Түүнчлэн үүнээс өмнө Харвардын их сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан Малия нэгэн оюутан залууг Харвард, Йелийн их сургуулиудын хооронд болсон хөлбөмбөгийн тэмцээний үеэр үнсэж буй зураг гарсан юм.