Монголбанкнаас сар бүр гаргадаг статистик мэдээллээ танилцууллаа. Тус статистик мэдээллээс харахад манай улсад ипотекийн зээлтэй нийт 92706 иргэн байна. Өнгөрсөн сард зээлдэгчийн тоо 784-өөр нэмэгдсэн аж. Ийнхүү нийт ипотекийн зээл 4217.7 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнээс 1.9 хувь чанаргүй, 2.2 хувь нь хугацаа хэтэрсэн зээл байна.
Ипотекийн зээлийн үлдэгдлийг бүсээр нь авч үзвэл Улаанбаатар хотод хамгийн их буюу 81.9 хувь (3452.9 тэрбум), орон нутагт 18.1 хувь (764.8 тэрбум) байна. Байрны тухайд нийт зээлийн үлдэгдлийн 61.6 хувь буюу 2598.8 тэрбум төгрөгөөр 2011-2015 онд ашиглалтад орсон орон сууц худалдан авчээ.
Түүнчлэн ипотекийн зээлийн үлдэгдлийн 89.7 хувь буюу 3785.2 тэрбум төгрөгөөр 80 м.кв-аас доош талбайтай байр худалдан авахад зарцуулсан байна.
Ипотекийн зээлтэй нийт зээлдэгчдийн 64.6 хувь нь 2 сая хүртэлх төгрөгийн өрхийн орлоготой гэнэ.