– Америкийн CNN телевизийн мэдээлж буйгаар Мугабе өөртөө болон гэргий Грейс нарынхаа аюулгүй байдалд баталгаа авсан гэнэ. Түүнчлэн түүний болон гэр бүлийнх нь хувийн өмчид халдахгүй байх баталгаа ч авчээ–
Зимбабве улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе улс төрийн сөрөг хүчнийхэнтэйгээ хэлэлцээр хийсний эцэст 37 жил суусан суудлаасаа огцрох нөхцөлийг хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр Зимбабве улсыг үүсгэн байгуулагч “цагаан арьстнуудын Засгийн газар”-ын эсрэг партизануудын дайны дараа засгийн эрхэнд гарч ирсэн юм. Тэгвэл Зимбабве улс Африкийн хамгийн ардчилсан орноос хэрхэн дарангуйлагчийн орон болсон хийгээд тус улсын тэргүүн цэргийнхний барьцаанд байгаа хэрнээ суудлаа юугаар наймаалцсан болохыг хүргэж байна.
Зимбабве улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе цэргийнхэнтэй хэлэлцээр хийх үеэрээ албан тушаалаасаа сайн дураараа огцрохыг хүлээн зөвшөөрчээ. Уг нь бол түүний хувьд өнгөрсөн долоо хоногоос л засгийн эрхээс хөндийрсөн гэхэд буруудахгүй биз ээ. Энэ тухай хэлэлцээрт оролцсон эх сурвалж CNN агентлагт мэдэгджээ. Ням гарагт эрх баригч намаас Ерөнхийлөгчид өгсөн тулган шаардах хугацаа, итгэл үзүүлэх эсэхийг шийднэ гэсэн сүрдүүлэгт төрийн тэргүүний зүгээс ямар нэгэн хариултгүйгээр өдий хүрсэн билээ.
Мугабе ч тулган шаардалтыг хүлээн авахын оронд ард түмэндээ хандаж, сөрөг хүчнийхэнтэйгээ наймаалцаж эхэлсэн гэхэд болно. Тэрбээр эрх баригч “Зимбабвегийн Африкийн үндэсний холбоо-Эх оронч фронт” намын ирэх арванхоёрдугаар сард болох конгресст даргын хувиар оролцохоор төлөвлөж байгаа гэж мэдэгдсэн байна. Гэтэл ард түмэндээ хандаж энэ үгийг хэлэхээс хэдхэн цагийн өмнө “Зимбабвегийн Африкийн үндэсний холбоо-Эх оронч фронт” намынхан Мугабег намын даргын суудлаас нь авч хаяж, шинэ тэргүүн сонгосон нь тодорхой болсон билээ.
Зимбабве улсын Ерөнхийлөгч телевизээр хандаж хэлсэн үгэндээ “Зимбабвегийн Африкийн үндэсний холбоо-Эх оронч фронт” нам, арми, ард түмнийхээ зүгээс шүүмжлэл ирж байгааг дуулгасан боловч огцорч магадгүй талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Харин энэ үеэрээ өөрийг нь баривчилсан цэргийнхий эрх мэдлийг нэлээд хэдэн удаа тэмдэглэжээ.
Америкийн CNN телевизийн мэдээлж буйгаар Мугабе өөртөө болон гэргий Грейс нарынхаа аюулгүй байдалд баталгаа авсан гэнэ. Түүнчлэн түүний болон гэр бүлийнх нь хувийн өмчид халдахгүй байх баталгаа ч авчээ.
Хэрвээ энэхүү мэдээлэл үнэн бол ойрын хэдхэн цагийн дотор Мугабегийн дарангуйлал дуусгавар болж буй юм.
Мугабе бол Африкийн эдийн засгийн хамгийн амжилттай явсан Родезийн Ардчилсан бүгд найрамдах улс дээр өнөөгийн Зимбабве улсыг байгуулсан нэгэн. Өдгөө барууны хэвлэлүүдээр “орчин цагийн хамгийн хайр найргүй эзэрхийлэгч” хэмээн нэрлэгдээд буй Мугабе Родезиг оршин тогтнохгүй болгохын тулд чамгүй хүч заржээ.
Родсын байгуулсан Африк
Английн бизнес эрхлэгч лорд Сесил Родс Ост-Индийн компанийн загвараар Британийн Өмнөд Африкийн компани байгуулсан 1889 оноос Зимбабве улсын түүх эхэлжээ. Родс Британийн хаанаас Лимпопо голын адаг хүртэлх газар нутгийг удирдах эрхийг авч, тэндээ хоёр колони байгуулсан байна. Ингээд хоёр колонидоо Хойд, Өмнөд Родези хэмээх нэр өгчээ. Өдгөө энэ хоёр газар нь дэлхий дахинаа Замби, Зимбабве хэмээх нэрээрээ танил болсон юм.
Родс бол шууд утгаараа “империалист” хүн байсан гэхэд болно. Сесил лорд Британи улс дэлхий дахиныг бүхэлд нь удирдаасай гэж мөрөөддөг байсан болохоор түүнд бүхий л амьдралаа зориулжээ.
Өмнөд Африкийн байгуулсан энэ хүн “Бид шөнийн тэнгэрт бидний дээр гялтганаж буй оддод хүрч чаддаггүй нь ямар харамсалтай юм бэ. Хэрвээ болдог сон бол би гараг ертөнцийг албатдаа авахсан. Энэ тухай би байнга боддог” хэмээн ярьдаг байжээ.
Родс 1902 онд нас барахаасаа өмнө Британи улс зөвхөн Африкийг төдийгүй Зүүн Азийг хяналтдаа авч, АНУ-ыг ч Британийн титмийн дор эргүүлж авч чадна гэдэгт итгэлтэй байлаа.
Сесил ийнхүү өөрөөсөө нас барсан хэдий ч ардаа “хувийн колони” статустай эдийн засгийн хувьд амжилттай яваа улсыг үлдээсэн байна. “Родсын газар”-ын Өмнөд Африкийн бусад колониос ялгарах гол онцлог нь ямар нэгэн үндэстнийг ялгаварладаг зүйл үгүй байлаа.
Родезийн хар арьст хүн ам тухайн жилүүдэд АНУ-ын ахан дүүсээсээ ч илүү эрх мэдэлтэй байсан юм. Родезийн иргэн бүр арьс өнгөөрөө хамааралгүйгээр боловсрол саадгүй эзэмших, бизнес эрхлэх, түүнчлэн улс төрд орох эрхтэй байв. Родезийн парламентад цагаан арьст колоничлогчид хэдхэн хувиар илүү суудалтай байсан ч хар арьст төлөөлөгчид ч тэгш эрхтэй оролцдог байжээ.
Ийнхүү төрт улсын зарчмаар амжилттай явж байсан Өмнөд Родезид Лондоноос 1922 онд Британийн өөртөө засах колони статус олгожээ. Энэ хугацаанд Родезийн эдийн засаг, тус улсын амьдралын түвшин сайжирч, илүү буурай орнуудаас ч цагаачилж ирдэг болов. Гэвч энэ сайхан амьдрал удаан үргэлжилсэнгүй. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа дэлхий дахинаа колоничлолыг халах бодлого явагдаж, Родези ч энэ шуурганд өртжээ.
Цагаан арьстнуудын асуудал
Африкт Британийн колоничлолын систем задарсан удаан хугацааны, зөрчилдөөнт тэмцлийн явцад Родезийг тусгаар тогтнуулсны хариуд Үндсэн хуулийн шинэчлэл явуулж, засгийн эрхийг хар арьстнуудад шилжүүлэх шаардлага тавьжээ. Тиймээс тивийн бусад улсаас ялгаатай нь өөртөө засах колони Их Британийн бэлгийг шууд хүлээн авахаар яарсангүй. Харин ч родезууд тусгаар тогтнолоо зарлаж буй хөрш орнуудаа ажиглаж байлаа. Гэтэл хөрш орнууд нь тусгаар тогтносон даруйдаа дарангуйлагчийн дэглэм тогтоож, хилс хэргүүд шил даран гарч байв.
Дэлхийн шинэ эмх журмыг хүсэмжлээгүй родезуудыг ахмад дайчин Ян Дуглас Смит толгойлж эхэлсэн байна. Түүний “Родезийн фронт” 1962 оны парламентын сонгуульд ялалт байгуулж, Смит ч хоёр жилийн дараа тус улсын Засгийн газрыг тэргүүлэх болов. Смит Лондоноос тулган шаардсан Үндсэн хуулийн шинэчлэлийг явуулахаас татгалзаж, эмх замбараагүй байдал дэгдэнэ гэж үзжээ.
Үүний оронд Смит бүх нийтийн санал хураалт явуулж, түүгээр 60 хувийн ирцтэйгээр сонгогчдын 90 хувь нь Их Британиас тусгаар тогтнох хүсэлтэй байгаагаа зарлажээ.
Ингээд 1965 онд Смит Родези хэмээх тусгаар улс байгуулснаа зарласан боловч дэлхий дахин энэхүү санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөөгүй байна.
Родезид энэ мэдээ үнэхээр олныг цочирдуулжээ. Ингээд улс орон дотор олон жил үргэлжилсэн дотоод тэмцэл өрнөсөн байна.
Гэтэл гай газар дороос гэгчээр 1966 оны сүүлчээр гомдсон Их Британийн санаачилгаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Родезийн эсрэг хориг арга хэмжээ авч эхэлжээ. Ингээд НҮБ-ын гишүүн бүх оронд өөрсдөө тусгаар тогтнол зарласан энэ улсад ямар ч бүтээгдэхүүн импортлох эрхгүй болов. Хөөрхий Родези улс дэлхийн нийгэмлэгээс адилхан хяхаж хавчсан Африкийн хэдэн орнуудтайгаа л хэлхээ холбоотой аж төрж байлаа.
Смитийн Засгийн газар импортыг орлох бодлогыг амжилттай явуулсны үр дүнд эдийн засгийн өсөлт ч ажиглагдаж эхэлжээ. Гэвч жил ирэх тусам энэ байдлаа хадгалахад улам л хүнд болж байв. Родезийн эдийн засгийн түнш орнуудад цагаан арьстнуудын орнуудтай холбоо тогтоохоос татгалзсан дэглэм тогтож эхэлжээ.
Ингээд Родезид эдийн засаг хүндрэх тусам уугуул иргэдийн зэвсэгт бүлэглэлүүд идэвхжиж, Засгийн газраа шахаж байлаа.
Хар маягийн коммунизм
Смитийн Засгийн газрын гол эсэргүүцэгчид нь тухайн үед социалист дэглэмийг хүчтэй дэмжиж байсан коммунист хоёр байгууллага болж байлаа. Эхнийх нь ЗСБНХУ-аас дэмжлэг авч байсан Жошуа Нкомо тэргүүтэй “Зимбабвегийн Африкийн ард түмний холбоо” буюу ЗААТХ, хоёр дахь нь ЗААТХ-ыг задарсны үр дүнд үүссэн “Зимбабвегийн Африкийн үндэсний холбоо” буюу ЗАҮХ байлаа.
Бээжингээс санхүүжүүлж байсан шинэ фракци илүү радикал байсан бөгөөд үүгээр хөдөөгийн нэгэн багш Роберт Мугабе улс төрийн карьераа эхэлсэн түүхтэй.
Хоёр байгууллага хоёулаа терроризмыг тэмцлийн аргаа болгон авч үзэж байв. Тэдний хийсэн алан хядах ажиллагаа энгийн номхон хэдэн мянган иргэний амийг авч одсон билээ. Засгийн газар ч эдгээр партизануудад хариу хатуу арга хэмжээ авч, дэлхий дахинаа “Родезийн цуст дэглэм”-ийн тухай төсөөллийг бэхжүүлж байлаа.
Ингээд цаг мөч улиран одож, партизанууд удаан үргэлжилсэн мөргөлдөөнд тэсч үлдэх нь тодорхой болов. 1970-аад оны эхээр Смит ч зөвшилцөхөөр шийдэж, хар босогчдын дундаас удирдагчдыг хайж эхэлжээ. Коммунист дэглэмийг эсэргүүцэгч удирдагчид Засгийн газрын талд ч орж байв.
Ингээд Смитийн хийж буй үйлдлийн хариуд 1975 онд ЗААТХ, ЗАҮХ дахин нэгдэж, “Эх оронч фронт” альянсыг бүрдүүлжээ. Тэд нүдээ аниад л засгийн эрхийн төлөө тэмцэлдэж байсан бөгөөд тэдэнд Хятад, ЗСБНХУ төдийгүй Африкийн хар ахан дүүс нь ч тусалж, цагаантнуудын дэглэмтэй тэмцэхэд нь тусалж байлаа.
НҮБ дарангуйлалд хүргэхгүй
Родези олон улсаас тусгаарласнаар энэ дайнд ялахгүйг Смит ойлгожээ. Ингээд 1979 онд дэлхий нийтийн дэмжлэгийг эргүүлж авахын тулд ээлжит бус сонгууль зарлаж, коммунистаас бусад бүх намыг оролцуулжээ. Гэвч дэлхий ертөнц огт хөдөлсөнгүй.
Харин ч сонгууль болохоос өмнөхөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс “энэхүү сонгууль гээч зүйл нь Родезийн ард түмний чин хүсэл зоригийг тусгахгүй” гэж баталсан бүх нийтийн санал хураалт хийжээ.
Ингээд сонгуульд номлогч Абель Музовровагийн харуудын олонхийг дэмжсэн “Африкийн үндэсний нэгдсэн конгресс” нам ялалт байгуулсан байна. Ингээд улсынхаа нэрийг Родези байсныг Зимбабве-Родези болгож өөрчилжээ. Мөргөлдөөн ч ард хоцорсон мэт байв.
Гэвч сонгуулиас хэд хоногийн дараа Аюулгүйн зөвлөлөөс №448 тогтоол гаргаж, 1979 оны дөрөвдүгээр сарын сонгуулиар хууль бус дэглэм байгуулахыг оролдлоо гэж шүүмжилжээ. Ингээд 1979 оны сүүлчээр Лондонд Ланкастерхаузын бага хуралд Мугабе, Нкомо нар оролцож, түүний үр дүнд Зимбабве-Родезийг устгаж, улсдаа коммунист хүчний оролцсон шинэ сногууль явуулах шийдвэр гаргуулжээ.
Шинэ сонгуульд Мугабе тэргүүтэй ЗАҮХ-Эх оронч фронт ялалт байгуулж, Зимбабве улсын дарангуйлагч 37 жил төр удирдах эхлэл тавигдсан байна. Тэрбээр 1985 онд Зимбабве улсдаа нэг намын систем тогтоож, улс төрийн өрсөлдөгчдөө ч зайлуулж чаджээ.
Гуйлгачин тэрбумтнууд
Ерөнхийлөгч Мугабе 37 жил төр барих хугацаандаа авлига, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, хүний эрхийг зөрчих зэрэг асуудлаар нэг бус удаа буруутгагдаж байсан юм. Тэрбээр 2000 онд Зимбабве улсдаа колоничдын үр сад гэгдэх цагаан арьстнуудыг шахаж зайлуулах аян өрнүүлжээ. Цагаан арьстнууд энд улс орны эдийн засгийг хянаж, үржил шимтэй хөрсний ихэнх хэсгийг эзэмшиж байлаа. Энэхүү аянхаа явцад цагаан арьстнуудыг хүчээр фермээс нь хөөсөн байна.
Ингээд цагаан арьст фермерүүдийг хөөх кампанит ажлын үеэр тус улсад инфляци эрс нэмэгдэж, 1980-аад оноос хойш үргэлжилсэн инфляци 2001 онд эрчимтэй өсчээ. 2008 оны зургаадугаар сард үндэсний валют нь 230 сая хувиар үнэгүйдсэн байна.
Мугабегийн үед энгийн зимбабве хүн ядуурлын ирмэгт ирж, төлбөр төлөх чадамжгүй болсон хэрнээ тэрбумтнууд болж байв. Инфляци асар хурдтай өссөний үр дүнд үндэсний мөнгөн дэвсгэртээрээ ханын обой хийх нь илүү хямд болж байв. Тэр ч бүү хэл талх, цэвэр ус зэрэг энгийн хэрэглээ хүртэл хэдэн сая зимбабве долларын үнэд хүрчээ.
Харин энэхүү дэглэмийг эсэргүүцэх гол зангилаа нь өдгөө 93 настай дарангуйлагчийн гэргий болсон гэж шинжээчид үздэг.
Грейс Мугабе 1996 онд Зимбабве улсын Ерөнхийлөгчтэй гэрлэсэн бөгөөд удалгүй үрэлгэн зангаасаа болж “Гуччи Грейс” хэмээх хоч хүртжээ. Түүний хувьд 2003 онд Парист багахан хэмжээний шоппинг хийгээд л 120 мянган ам.доллар үрж байсан түүхтэй. Зимбабвегийн “Independent” сонины мэдээлснээр Мугабегийн гэр бүл Грейсийн төрсөн нутаг ӨАБНУ-д байр түрээслэхэд сард 15 мянган ам.доллар зарлагаддаг гэх.
“Мугабег эхнэртээ засгийн эрхийг шилжүүлэх магадлал өндөр болсныг ойлгомогцоо цэргийнхэн санаачилгыг гартаа авсан. Үүнийг хэн ч турхираагүй” хэмээн шинжээчид мэдэгджээ.
Зимбабвегийн иргэд ч Мугабег огцорч байгаад баярлаж, багт наадам, жагсаал хийж байгаа гэнэ. Үнэхээр ч 37 жил нэг хүний царайг харна гэдэг олон хүний хувьд хүнд хувь заяа юм.
Хятад холбоотой байж болзошгүй
Харин одоо Зимбабве улсын Дэд ерөнхийлөгч асан Эммерсон Мнангагва улс орныхоо байдлыг сайнаар өөрчилж мэдэхээр байна. Түүний хувьд бас л залуу хүн биш. 70 гаруй настай тэрбээр ардчилсан өөрчлөлтийг дэмжигч талын хүн юм. Гэхдээ үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг тааварлах аргагүй.
Гэхдээ зарим шинжээчдийн үзэж буйгаар Зимбабве улсад өрнөсөн энэ үйл явдалд Хятад хувь нэмрээ оруулсан байж болзошгүй гэнэ. Зимбабве улсад төрийн эргэлт хийх асуудлыг тус улсын Ерөнхий штабын тэргүүн, генерал Константино Чивенга Бээжинд айлчлах үеэрээ Хятадтай тохиролцсон байж магадгүй аж.
Учир нь айлчлал энэхүү бослогоос долоо хоногийн өмнө болсон бөгөөд Чивенга БНХАУ-ын Ерөнхий штабын тэргүүн Ли Зочентэй уулзалт хийсэн байна. Энэхүү уулзалт л Зимбабвед өрнөсөн үйл явдалтай холбоотой гэж шинжээчид үзжээ.
Гэхдээ Хятадын ГХЯ-наас Бээжин энэхүү төрийн эргэлтийн талаар түрүүлж мэдээлэл аваагүй, Зимбабвегийн генералын айлчлал хоёр улсын хооронд болдог цэргийн солилцооны энгийн нөхцөлд л болсон гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Газета