Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрвөн жилд нэг удаа хуралдаж, Мөрийн хөтөлбөр, Дүрэм, намын дарга, удирдлагаа өөрчлөн шинэчлэх зорилготой МАН-ын XXVIII Их хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.Эхний өдрийн хуралдааны гол онцлог нь МАН-ын дарга М.Энхболдын улс төрийн илтгэл болон ЕНБД-ын Д.Амарбаясгалангийн тайлан илтгэл байсан юм.
Намын даргаар хоёр удаа томилогдон ажилласан М.Энхболд МАН-ыг удирдан ажилласан өнгөрсөн 4 жилийн тайлан, намын бодлого, үйл ажиллагааны үр дүн, туршлага сургамж, сонгуулийн дүнгээс хийх улс төрийн дүгнэлт, туршлага сургамж, намын дотоод амьдралын асуудлууд, шийдвэрлэх арга зам, шинэчлэлийн зорилтууд зэргийн хүрээнд илтгэлээ танилцуулав.
МАН-ын дарга М.Энхболд илтгэлдээ, “Манай намын Их хурал болгон Монгол орны шинэ ирээдүйд тэмүүлсэн түүхийн тод хуудас, хөгжил дэвшлийг тодорхойлогч түлхүүр хүчин зүйл болж ирсэн юм. Манай намын гол үнэт зүйл бол эв нэгдэл юм. Энэ үнэт зүйлийнхээ ачаар л бид түүхэн цаг хугацааны туршид алдаж оносон аливаа бүхнээ зөв дүгнэн, оновчтой шийдэж ирсэн уламжлалтай. Бусад улс төрийн хүчинтэй харьцуулахад эв нэгдлээ үнэт зүйл болгосон нь бидний маргашгүй давуу тал билээ. Намын эв нэгдлийн асуудлаар тусгай хөтөлбөр боловсруулан батлуулах боломжтой гэж үзэж байна. Эрдэмтэн мэргэд, ахмад буурлууд, залуучуудын төлөөллийг оролцуулан боловсруулах энэхүү “Намын эв нэгдлийн хөтөлбөр”-т намынхаа үзэл баримтлал, үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөх сахилгыг намын гишүүд, ялангуяа төрийн өндөр албан тушаал хашиж буй гишүүддээ төлөвшүүлэх, тэдэнтэй гэрээ хэлцэл байгуулдаг, хэрэгжилтийг нь дүгнэж хянадаг тогтолцоог бүрдүүлэх нь зөв юм.
Манай намд улс төрийн шинэчлэл зайлшгүй хэрэгтэй байна. Шинэчлэл бол нэг удаа хийгээд өнгөрдөг урсгал засварын төдий ажил биш, байнга үргэлжилж байх тасралтгүй үйл явц юм. МАН буруудсаныг засаж, уруудсаныг өөд татна гэж Монголын ард түмэн итгэж, хүлээсээр байгааг мартаж хэрхэвч болохгүй. Сонгуулийн үр дүн нь зөвхөн нэр дэвшигчийн хувийн амжилт биш, нам хэмээх үндэсний хэмжээний байгууллагын бодлогын ялалт, хамтын хүчин чармайлтын үр дүн юм.
Засаглалын бүх түвшинд хариуцлага, сахилгыг чангатгаж, шударга ёсны зарчмыг чанд сахих, авлигаас ангид байх нь нам урт хугацаанд тогтвортой оршин тогтнохын үндэс мөн. Гишүүд, дэмжигчидтэйгээ ямагт хамт, ойр байх зарчмыг лоозогнолоос салгаж, энгийн бодит үйл ажиллагаа болгох нь шинэчлэлийн чухал зорилтын нэг юм. Намын үүр, хороодын ажил гишүүд рүүгээ л чиглэх ёстой.
Намаа засах, шинэчлэх түүхэн тодорхой шийдвэрийг энэ Их хурлаараа Та бид гаргаж, намын нийт гишүүд, дэмжигчдийнхээ өгсөн даалгаврыг биелүүлэх учиртай. Улмаар намын бодлого, үйл ажиллагааны шинэчлэлийг төрөө засах, түмнээ амар түвшин болгох амин чухал асуудлыг шийдэх түлхүүр хэмээн үзэж, энэ эрхэм үүргийг нэр төртэй биелүүлэхийн төлөө хичээн чармайж ажиллахыг уриалж байна. Төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалах, улс төрийн тогтвортой байдал, Засгийн газрын хэвийн ажиллах нөхцөл боломжийг бүх талаар хангах зарчмыг бид тууштай баримталбал зохино. Сөргөлдөж тэмцэлдэхийг хойш тавьж, гар нийлэн ханаа дугуйлж, санаа нийлэн тоосгоо өрж байж л өргөө гэрээ босгож чадна” хэмээсэн юм.
МАН-ын дарга М.Энхболдын илтгэлийн дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өмнөх Их хурлаас сонгогдсон намын Бага хурал, Удирдах зөвлөл, тэдгээрийн Ажлын албанаас хийж хэрэгжүүлсэн онцлог ажлууд, үр дүнг танилцуулан илтгэл танилцуулсан. Тэрбээр илтгэлдээ тайлангийн хугацаанд намын удирдлагууд орон нутагт очиж ажиллахын зэрэгцээ Удирдах ажилтны улсын болон бүсийн, аймаг, нийслэлийн зөвлөгөөн хийж, “Иргэдийн цаг” уулзалт, “Иргэдийн индэр” хэлэлцүүлэг, “Бид хамтдаа” үндэсний форум, “Иргэдийн цаг” аян зэрэг иргэд сонгогчдод чиглэсэн олон хэлбэрийн арга хэмжээ зохион байгуулсан байна. Эдгээр аян, уулзалтаас “Үндэсний форум” тунхаг бичиг гаргаж, “Ардын индэр”, “Иргэдийн цаг” аянаар намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар хэд хэдэн аймагт очиж ажиллажээ. Гурван сар үргэлжилсэн “Ардын индэр” хэлэлцүүлэг 13 удаа болж салбарын эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүд оролцсон хэмээн дурдав.
Энэ хугацаанд МАН гадаад орнуудын улс төрийн намуудтай харилцах чиглэлээр олон чухал арга хэмжээ зохион байгуулсныг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан илтгэлдээ онцлон дурдлаа. Мөн намынхаа түүхт 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхтэй холбогдуулан XXVIII Их хурал онцгойлсон уриалга гаргаж гишүүд, дэмжигчид, олон нийтэд хандах нь зүйтэй гэсэн санал дэвшүүлсэн юм. Тэрбээр “Нэгэн зууны түүхтэй МАН-ын 28 дахь их хурал эхэлж байна. Манай намын Их хурал болгон Монгол орны шинэ ирээдүйд тэмүүлсэн түүхийн тод хуудас, хөгжил дэвшлийг тодорхойлогч түлхүүр хүчин зүйл болж ирсэн юм. Энэ агуулгаар XXVIII их хурлаас ч гэсэн Монголын ард түмэн ихийг хүсэн хүлээж байгаа. Улс орны хийгээд намын амьдралын тулгамдсан олон асуудалд нэг мөр хариулт өгсөн, зорих зам, хандах зүгээ зөв тодорхойлсон түүхэн ач холбогдолтой хурал болно гэдэгт би итгэлтэй байна. Тиймээс улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, намынхаа улс төрийн бодлого, үйл ажиллагааг шинэчлэн тодорхойлох, нийгмийг шинэ тэмүүлэлд сэрээн дуудах эрхэм зорилгод тань амжилт хүсье” гээд “Улс төрийн намын хүчтэй байх, зорилгодоо хүрэх, бусдыг араасаа дагуулах чадавхийг ард түмэнтэйгээ ямагт хамт, тэдний дунд байх, зөвлөлдөн ярилцаж санаа бодлыг нь сонсох, бодлого үйл ажиллагааны хэрэгжилтээ тэдэнтэйгээ хэлэлцэх, тэднээр дүгнүүлэх арга барил бүрдүүлж өгдөгийн баталгааг 2016 оны УИХ-ын сонгуульд бидний олсон амжилт харуулсан юм” гэлээ.
Намын дарга болон ЕНБД-ын илтгэлийн дараа Дүрэм болон Мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах салбар зөвлөлүүд хуралдаж буй бөгөөд маргааш намын дараагийн даргын сонгууль, санал хураалт явуулах юм. Одоогийн байдлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын Бага хурлын гишүүн Н.Дэмбэрэл нар нэрээ дэвшүүлж буйгаа олон нийтэд зарлаад байгаа. Мөн тус намын гишүүн “Монгол бид үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн Г.Майцэцэг намын даргад нэрээ дэвшүүлж буйгаа илэрхийлж, хүсэлтээ хүргүүлээд байгаа юм.
Эх сурвалж: http://www.montsame.mn/read/72959
2 comments
Nam l geh ymdaa uls ornii erh ashgiin tuluu duugarah hun bhgui ym bn l da
Эв нэгдэл нэрээр гишүүдийн амын боодог архаг аргаруу явлаадаа. Эв нэгдэл гэдэг даргын санааг гүйцэлдүүлэх чимээгүй дагалдан баясгагч байхыг хүсч байна. М.Энхболд өөрийн буруу бүлэглэл байгуулж энэ намыг самарсанаа зөвшөөрөхгүй тойруулан дүгнэлт хийжээ. Дуугүй хөөх хэрэгтэй шүү. Гай тарьсан нь дэндүү их.