Хойд Солонгосын төрийн хэвлэл мэдээлэл АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трампыг удирдагч Ким Чен Уныг нь доромжилсны төлөө ял оноолоо. БНАСАУ-ын сэтгүүлчид АНУ-ын Ерөнхийлөгчийг аймхай, хулчгар хэмээгээд цаазын ял авбал таарна гэжээ.
Дональд Трамп ийнхүү Хойд Солонгосын хэвлэл мэдээллийнхний уур бухимдлыг төрүүлсэн нь Өмнөд Солонгост хийсэн айлчлалаас гадна “Твиттер”-тээ айлчлалын үр дүнгийнхээ талаар жиргэсэнтэй холбоотой. Уг жиргээнд “Ким Чен Ун яагаад намайг хөгшин гэж доромжилж байгаа юм бэ. Харин би түүнийг хэзээ ч намхан, бүдүүн гэж хэлж байгаагүй шүү дээ. За яах вэ, би түүний анд нөхөр баймаар байна. Тийм зүйл хэзээ нэгэн цагт тохиох ч юм бил үү” гэж жиргэжээ.
Ерөнхийлөгчийн энэхүү ёжилсон өнгө аяс Хойд Солонгосын төрийн мэдлийн “Нодон шинмун” сонины редакцийн дургүйцлийг төрүүлсэн байна. Сэтгүүлчид түүнийг Хойд, Өмнөд Солонгосын хил дээр очих айлчлалаа цуцалсан хулчгар гээд Ким Чен Уныг доромжилсныхоо төлөө цаазын ял авах ёстой гэжээ.
“Тэр манай дээд удирдлагын давуу талд гутамшигтайгаар халдан доромжилж байна. Тэр өөрийгөө зөвхөн солонгосын ард түмний өмнө цаазын ял сонсох гутамшигтай гэмт хэрэгтэн гэдгээ мэдэх ёстой” гэж бичжээ.