“Жаран тэрбум төгрөгийг хэрхэн босгох вэ” гэсэн яриа бүхий бичлэг УИХ-ын сонгуулийн өмнө шуугиан тариад өнгөрсөн. Энэ асуудлаар өнөөдөр (2017.03.14) МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэр 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй болон А.Ганбаатар нарын ярианы бичлэгийг олон нийтэд тараасан юм.
Өглөө түүнд Хан-Уул дүүргийн Иргэний шүүхээс нэхэмжлэл иржээ. Нэхэмжлэгч нь дээр дурдагдсан А.Ганбаатар. Нэхэмжлэлд нэр хүнд гутаасан мэдээлэл цацсан учраас уучлал гуйхыг шаардсан байна. Э.Эрдэнэжамъян өнгөрсөн зун бичлэгийг хууль зөрчсөн эсэхийг шалгуулахаар АТГ болон Прокурорт хандсан ч тус газрууд “Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй болохыг мэдэгдье” гэсэн хариу өгчээ.
Цагдаагийн байгууллага “энэ бол эвлүүлэг мөн”, “энэ бол эвлүүлэг биш” гэсэн хоёр өөр мэдэгдэл гаргасан. Нэхэмжлэл гаргасан А.Ганбаатар өөрийнх нь дуу хоолой биш, эвлүүлсэн гэж тайлбарлаж байгаа. Гэтэл нийслэлийн Прокурорын газарт өгсөн мэдүүлэгтээ өөрийнх нь дуу хоолой мөн байсан. Тухайн үеийн намын стратеги боловсруулж байсан нэр бүхий хүмүүс гар утсан дээрээ энэ бичлэгийг хийгээд, дараа нь сүрдүүлж 20 сая төгрөг нэхэмжилсэн. Үүнийг нь дансанд нь хийсэн гэж мэдүүлсэн А.Ганбаатарын бүх нотлох баримт байна.
Ц.Сандуй “хоёр жилийн өмнө намын үйл ажиллагааны Стратеги төлөвлөгөөг боловсруулах албан бус баг ажиллаж байх үед болсон яриаг эвлүүлсэн байна” гэж мэдүүлсэн. Энэ нь өөрийнхөө бичлэг гэдгийг нотлож байгаа хэрэг. А.Ганбаатар, н.Доржзодов нарын таарамжгүй харилцаанаас болж гар утсанд хийгдсэн бичлэг нь шантааж болсон, МАН-ын өөр нэг ажилтан уг асуудалд оролцсон тухай баримтыг ч материалд хавсаргасан. Харин шинжээч бичлэгийг эвлүүлэг биш гэсэн дүгнэлт гаргасан гэж Ж.Эрдэнэжамъян хэлэв. Мөн тэрээр сонгуулийн штабт нь ямар нэгэн байдлаар орж ирсэн энэ хэрэг явдлыг шүүхээр шийдүүлнэ гэлээ.