Пауэрлифтингийн ДАШТ-аас Л.Ганбаатар хүрэл медаль хүртэв

Олон улсын пауэрлифтингийн холбооны насанд хүрэгчдийн ДАШТ энэ өдрүүдэд Чехийн Пилсен хотод болж байна. 47 дахь удаагийн энэхүү тэмцээнд манай улсаас найман тамирчин өрсөлдсөнөөс хэвтээ шахалтын 74 кг-ын жинд “Стронг” клубын тамирчин Л.Ганбаатар хүрэл медаль хүртлээ.
Тэрээр цээжнээс 225 кг-ыг шахсанаар хүрэл медалийн болзол хангасан байна. Л.Ганбаатар жилийн өмнөх тус тэмцээнээс мөн хүрэл медаль хүртэж байв. Харин одоо манай тамирчдаас 66 кг-ын жинд Д.Лхагвахүү, 74 кг-д Л.Ганбаатар, 83 кг-д Б.Гансүх, 93 кг-д М.Галсайхан, 105 кг-д Ш.Чанарав, Х.Энхболд, 120 кг-д Т.Сайфола нар хүч үзэх юм.