Нидерландын зураач Винсент Ван Гог (1853-1890)-ийн “Хагалсан талбай, тариачин” (Laboreur dans un champ, 1889) хэмээх зураг өчигдөр Нью-Йоркийн дуудлага худалдаагаар $81.3 саяын үнэд хүрлээ. Энэ тухай дуудлага худалдааг зохион байгуулагч Christie’s ордноос мэдээлсэн байна.
Зотон зургийн үнэлгээг $50 сая гэж байсан юм. Ван Гог амьдралынхаа сүүлийн жилүүдийг өнгөрөөсөн Францын эмнэлгийн нэгэн цонхноос үзэгдэх орчныг энэхүү зурагтаа буулгасан ажээ. Түүнчлэн абстракт зургийг үндэслэгчдийн нэг Василий Кандинскийн “Морьдтой импровизаци” $12.7 сая, Францын зураач Анри Матиссын “Ницце дэх регат” $16.6 саяын үнэд хүрчээ. Харин Марк Шагалын “Ваартай цэцэгс” бүтээл $4,5 саяар зарагдсан байна.
Нийт дуудлага худалдаанд алдартай зураачдын 60 гаруй бүтээл багтжээ. Дуудлага худалдаанаас олсон нийт орлого нь $479 сая болсон байна.